Д.ГАН-ОЧИР: Монголбанкны эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээ үр дүнд хүрлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 27

Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очиртой Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээний тэдгээрийн үр дүнгийн талаар ярилцлаа.

 

Эдийн засгийн сэргэлт, өсөлт бий болоход Засгийн газар, Монголбанкнаас яг ямар дорвитой үүрэг гүйцэтгэсэн бэ?

Манай эдийн засагт сүүлийн 2 жил гаруй хугацаанд хэрэгжсэн макро эдийн засгийн бодлого нь Монгол Улсын Засгийн газрын ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжиж байна. Харин эдийн засгийн бүтцийн бодлогын хувьд тус хөтөлбөрийн хүрээнд санхүүжилт олгохоор дэмжиж орж ирсэн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг бусад донор байгууллагуудын зүгээс тавьж буй нөхцөл, шаардлагыг биелүүлэх хүрээнд ажлууд хийгдэж байна. Энэхүү том малгай хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд туссан ажлуудад төвлөрч ирлээ. Монгол Улс “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т 2017 оны 5 дугаар сард 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр нэгдэн орохдоо хэд хэдэн чухал зорилт тавьсан билээ. Тухайлбал, эдийн засгийг тогтворжуулах, төсвийн алдагдал, төсвийн секторын өрийг бууруулах, гадаад валютын албан нөөц (ГВАН)-ийг сэргээн нэмэгдүүлэх, эдийн засгийн хөөсрөлт-хагаралтыг мөчлөгийг бууруулах арга хэмжээ авах болон тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг дэмжих зорилтуудыг тавьсан билээ.

Эдгээр зорилтот чиглэсэн бодлого, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн өсөлт сүүлийн 2 жил гаруй хугацаанд эрчимжсээр өнөөдөр 8.6 хувьтай, инфляци сүүлийн 3 жилд зорилтот түвшиндээ, төсвийн алдагдал, Засгийн газрын өр, ДНБ-ий харьцаа буурсан, ГВАН 3.8 тэрбум ам.доллар (8-9 сарын импортын хэрэгцээг хангах), зээлийн хүү сүүлийн 6 жил дэх хамгийн бага түвшинд хүрсэн зэрэг нааштай өөрчлөлтүүд гараад байна. Төсөв, мөнгөний нэгдсэн үр дүнд чиглэсэн хосолсон бодлогогүйгээр эдгээр үр дүнд өөрөө бий болдоггүйг бидний өмнөх сургамж, бусад орны туршлага ч нотолно. Төв банкны хувьд банкны салбарт хууль эрх зүйн болон хяналт шалгалтын шинэчлэл хийх, мөнгөний бодлогыг инфляцийн зорилтыг хангах, өсөлтийг дэмжих, ГВАН-ийг хуримтлуулах зорилтуудад нийцтэйгээр хэрэгжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, системийн эрсдэлээс сэргийлэхэд чиглэсэн макро зохистой бодлогыг хэрэгжүүлж эхлэх, эдийн засгийн сэргэлтийг санхүүгийн хүртээмжээр дамжуулан иргэдийн амьжиргаанд хүргэхэд дэмжлэг үзүүлэх чиг зорилт, арга хэмжээнд төвлөрч ажиллаа. Харин засгийн газрын хувьд төсвийн алдагдлыг бууруулах, орлогыг нэмэгдүүлэх, улмаар өрийг бууруулж, төсвийн болон өрийн тогтвортой байдлыг хангах, татварын шинэчлэл болон бусад бүтцийн бодлогуудыг амжилттай хэрэгжүүлж ирлээ. Төсвийн сахилга бат сайжирч, дотоод өрөө бууруулж ирсэн нь мөнгөний бодлогын хүүний нөлөөг сайжруулж, бодлогын хүүний бууралтыг даган банкуудын хадгаламж, зээлийн хүү буурах нөхцөл бүрдсэнийг энд онцлох нь зүйтэй.

Эдгээр үр дүнд хүрэхэд иргэд, олон нийтийн дэмжлэг, ойлголцол ч чухал үүрэг гүйцэтгэснийг онцлох хэрэгтэй. Төсвийн сахилга батыг хангах, зардлын тэлэлтийг боломжит түвшинд хязгаарлах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, өрхийн өрийн хэт өндөр өсөлтийг хязгаарлах, ГВАН-ийг хуримтлуулахад чиглэсэн бодлого, арга хэмжээ нь иргэдийн амьдралд нөлөөлж ирсэн. Гол нь дунд, урт хугацааны эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад эдгээр арга хэмжээ чухал гэдгийг ойлгож, дэмжиж ирсэн нь туйлаас чухал юм.

Гэхдээ бидэнд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж дуусгах, дараагийн учирч болзошгүй хүндрэлийг зардал багатай даван туулахад шаардлагатай эдийн засгийн дархлааг сайжруулахад чиглэсэн хийх ажил их байна. Тухайлбал, банкны салбарыг эрүүл, хүчирхэг болгох чиглэлд эхлүүлсэн ажлыг амжилттай хэрэгжүүлж дуусгах, эдийн засгийн өнөөгийн таатай, ‘үүлэн чөлөөний нар’-тай үеийг ашиглан төсвийн болон гадаад валютын нөөцийн буффер бий болгох, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх нь чухал байна. Үүний зэрэгцээ одоогийн өндөр өсөлтийг цаашид хэрхэн тогтвортой хадгалах, урт хугацааны тогтвортой өсөлтөд чухал үүрэгтэй дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг өрийн тогтвортой байдалд сөрөг нөлөөгүйгээр хэрхэн шийдвэрлэх, эдийн засгийн өсөлтийг айл, өрх бүрийн хаалгаар оруулж, хүртээмжтэй болгох, зээлийн хүүг бууруулж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг шил шилээ дарсан олон сорилтууд хүлээж байна.

Монголбанк хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээний үр дүнгээ хэрхэн харж байна вэ?

Монголбанк сүүлийн 3 жилийн хугацаанд улс орны эдийн засгийг сэргээх, улсын өрийн дефолтоос зайлсхийх, эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, дархлааг сэргээх, банк санхүүгийн салбарыг эрүүл, чийрэг болгох, Монголбанкийг орчин үеийн төв банкны жишигт хүргэн чадавхжуулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсэн гэж харж байгаа. Тухайлбал, санхүүгийн салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийг эхлүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиг үүргээ амжилттай  хэрэгжүүлж байна. Банкны салбарын тулгуур хуулиуд болох Төв банкны тухай хууль, Банкны тухай хууль, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, Банкны салбарын тогтвортой байдлын тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зэрэг санхүүгийн салбарын суурь багана болсон эрх зүйн актуудыг боловсронгуй болгох үүднээс нэмэлт өөрчлөлтийн төслийг эрх бүхий байгууллагатай хамтран боловсруулж, УИХ-аар батлуулаад байна. Банкны салбарыг эрүүл, дархлаа сайтай болгох ажлыг эхлүүлээд байна.

Түүнчлэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т орох, орсны дараах үүрэг амлалтаа амжилттай хэрэгжүүлэн эдийн засгийн сэргэлтэд бодит хувь нэмэр оруулж байна. 2017, 2018 онуудад эдийн засагт тулгарч байсан олон сорилтыг амжилт­тай даван туулж, эдийн засаг сэргэсэн, банк санхүүгийн салбарт реформ хийсэн шинэчлэлийн жилүүд болж өнгөрлөө. Эдийн засгийн өсөлт эрчимжиж, инфляци зорилтот түвшний орчим тогтвортой байна. Эдийн засагт гарсан нааштай, эерэг нөхцөл байдалд тулгуурлан зээлийн хүүг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд банкуудын тухайн сард олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү сүүлийн 6 жилийн хамгийн бага түвшинд хүрээд байна. Монголбанкны өөрийн хөрөнгө (хуримтлагдсан алдагдал) -3 их наяд төгрөг байсныг сүүлийн 2 жилд 1.2 их наяд төгрөгөөр бууруулж, цаашид эерэг болгох зорилт тавин ажиллаж байна.

Өөр нэг онцлох үр дүн бол гадаад валютын албан нөөцийн хэмжээг 4 дахин нэмэгдүүлж 3.8 тэрбум ам.долларт хүргэж чадлаа. Монголбанк Засгийн газраас хэрэгжүүлж буй Алт-2 хөтөлбөрт дэмжлэг үзүүлэн ажиллаж, алтны салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх, алтыг орон нутаг худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах, энэ хүрээнд алтны сорьцын лабораторийг байгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгээд байна.  Монголбанк 2016 онд 18.6 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн үнэт металл худалдан авч, энэ эх үүсвэрээс жил бүр 700-800 сая ам.доллараар Монгол Улсын ГВАН-ийг нэмэгдүүлэв. Түүнчлэн томоохон экспортлогч компаниудтай хэлцэл хийх замаар гадаад валютыг худалдан авч, гадаад валютын нөөцийг арвижуулав. Үүнд засгийн газрын оролцоо, дэмжлэг өндөр байв.

Эдгээрээс гадна Монголбанкны дотоод үйл ажиллагаанд шинэчлэлт хийж, орчин үеийн төв банкны жишигт хүргэхээр ажиллаж байна. Монголбанкны ажилчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах, Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааг сэргээх, судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, чанарыг олон улсын түвшинд хүргэх чиглэлд онцгой анхааран ажиллаж байна.

Монголбанк цаашид эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг бататгах, эдийн засгийн өсөлтийг нийт ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй болгох, банкны салбарыг хүчирхэг болгох үндсэн чиг үүргээ амжилттай үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, өмнө тулгарч буй сорилтуудыг амжилттай даван туулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг эрх бүхий байгууллагуудтай хамтран цаг тухайд нь авч хэрэгжүүлнэ. 

Эдийн засгийн өсөлтийг харвал 8.6 хувийн 3.5 нэгж хувийг нь уул уурхайн салбар дангаараа бүрдүүлж байна. Үлдсэн хувь нь уул уурхай дагасан үйлчилгээ зэрэгтэй холбоотой байна. Тэгэхээр эндээс үзэхэд эдийн засгийн зөв бодлого гэхээсээ илүү түүхий эдийн үнээс хамаарсан өсөлт мэт анзаарагдаж байна. Та харин юу гэж үзэж байна вэ?

Засгийн газар, төв банкнаас хэрэгжүүлж буй макро эдийн засгийн бодлого нь эдийн засаг цаашид тогтвортой өснө гэсэн бизнес эрхлэгчид, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх аятай орчин бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн өртгийг бууруулж, хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэж ирлээ. Тухайлбал, инфляцийг 8 хувийн зорилтот түвшинд тогтвортой барьж ирсэн нь бизнес төлөвлөлтөө бодитой хийх, үйл ажиллагаагаа тэлэх нөхцөлийг бүрдүүлж байна. ГВАН нэмэгдсэн нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш ‘жолоо алдаж’ сулрахгүй байх эдийн засгийн баталгаа болж байна. Засгийн газрын банкуудаас зээлдэхээ болж, өрөө бууруулсан нь бизнесийн салбарт олгох зээл, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, хүү буурах нөхцөл болов. Санхүүгийн салбарын тогвортой байдлыг хангаж, зээлийн хүү буурч, макро зохистой бодлогоор хэрэглээний зээлийн хэт өндөр өсөлтийг хязгаарлах арга хэмжээ авч байгаа нь бизнесийн байгууллагад дотоод зах зээлээс эх үүсвэрийг хямд зардлаар бүрдүүлэх боломжийг бүрдүүлж байна. Эдийн засгийн сэргэлтийг даган төсвийн орлого нэмэгдэж, төсвийн тогтвортой байдал эргэн сэргэж, төсвийн орон зай бий болж байгаа нь төсвийн хөрөнгө оруулалтаар дамжин бизнесийн салбаруудын үйл ажиллагаа тэлэх боломжийг ч бүрдүүлж байна. Төсвийн байгууллагын цалин өсч, ажил эрхлэлт нэмэгдэж байгаа нь бизнесийн байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтийг ч нэмэгдүүлж байна. Том зургаараа харилцан хосолсон макро бодлогууд, тэдгээрийг хэрэгжүүлэх үр дүнтэй арга хэмжээний дүнд бий болж буй нааштай өөрчлөлтийн эцийн үр дүн нь одоогийн эдийн засгийн өндөр өсөлт юм. Өөрөөр хэлбэл, макро эдийн засгийн бодлого нь бизнесийн бүх салбарт өргөжилт, дэвшил гарах суурь орчин, нөхцөлийг бүрдүүлэв. Мэдээж эдийн засгийн онцлог, гадаад зах зээл дээрх таатай нөхцөл байдал нь эдгээр бодлогын үр дүн илүү хурдан, өргөн далайцтай илрэхэд эерэгээр нөлөөлж байна.

Энэ оны эхний улирлын өсөлт 8.6 хувь гарсныг үйлдвэрийн аргаар нь задалж үзвэл 3.5 нэгж хувийг уул уурхай, олборлолт, 3.9 нэгж хувийг үйлчилгээ, 0.3 нэгж хувийг аж үйлдвэр, барилга, 0.1 нэгж хувийг хөдөө аж ахуй, 0.8 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлжээ. Эндээс харахад эдийн засгийн бүх салбарт өсөлт гарч байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн сэргэлт, эрчимжилт нь салбар бүр дэх компаниудын орлогын өсөлтөөр дамжин өрхүүдэд эерэгээр нөлөөлж байна.  Гэхдээ манай эдийн засгийн бүтцийн онцлогоос хамаарч салбар бүр дэх өсөлт харилцан ялгаатай байна. Эрдэс бүтээгдэхүүний зах зээл дээрх таатай нөхцөл байдал, экспортод гарч буй баяжмал дахь үнэт металлын агууламж өнгөрсөн онтой харьцуулахад өсч эхэлсэн зэргээс уул, уурхай олборлох салбарт өндөр өсөлт (14.4 хувь) гарч нийт өсөлтөд эерэгээр нөлөөллөө. Харин үйлчилгээний салбарын өсөлтийн хувьд бүхэлдээ уул уурхайн салбарыг дагасан гэж дүгнэх нь учир дутагдалтай. Тухайлбал, үйлчилгээний салбар дотроо бөөний жижиглэн худалдаа 1.6 нэгж хувь, тээвэр, мэдээлэл, холбооны салбар 0.6 нэгж хувь, бусад үйлчилгээ 1.8 нэгж хувийг бүрдүүлж байна.

Харин өсөлтийн эцсийн ашиглалтын аргын задаргааг авч үзвэл 3.1 нэгж хувийг эцсийн хэрэглээ, 12.1 нэгж хувийг хөрөнгийн нийт хуримтлал, -6.6 нэгж хувийг цэвэр экспорт бүрдүүлжээ. Эцсийн хэрэглээ тэлж байгаа нь өсөлт нь иргэдийн амьжиргаанд эерэгээр нөлөөлж эхэлсний нэгэн нотолгоо юм. Түүнчлэн одоогийн өндөр өсөлтийн дийлэнхийг хөрөнгө оруулалтын тэлэлт бүрдүүлж байгаа нь эдийн засгийн өсөлт цаашид ч үргэлжлэн хадгалагдахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Учир нь хөрөнгө оруулалтыг даган бүтээмж нэмэгдэх, зардал буурах, шинэ үйлдвэрлэл, үйлчилгээ бий болох тул дараагийн ажлын байр, үйлдвэрлэл, орлогын өсөлтийг бий болгоно. Эдгээрээс харахад эдийн засгийн сэргэлт нь ажил эрхлэлт, орлогоор дамжин хэрэглээг нэмэгдүүлэх замаар дараагийн өндөр өсөлтийг бий болж байна. Эдийн засагчдын хэллэгээр засгийн засгийн өсөлтийн процесст ‘хоёр дахь үеийн нөлөө’ хүчтэй ажиглагдаж эхлээд байна.

Гэхдээ бидний хувьд эдийн засгийн төрөлжилтийг хангах, эдийн засгийн өсөлтийн тогтвортой суурийг бүрдүүлэх, бизнес эрхлэхэд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг бууруулах, орлогын дахин хуваарилалтын механизмыг боловсронгуй болгох, бүтээмж өндөртэй, чанартай ажлын байрыг бий болгох, төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, хүмүүн капитал, дэд бүтцийн хөрөнгө оруулалтуудыг төсөвт ачаалал багатайгаар шийдвэрлэх (төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг боловсронгуй болгох, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх) чиглэлд хийх ажил их байна.

Эдийн засагт тулгарч болзошгүй хүндрэл, сорилтыг хэрхэн харж байна вэ?

Эдийн засгийн цаашдын төлөвийг авч үзвэл эдийн засгийн сэргэлт үргэлжилж, өсөлт 2018 оны түвшнээс буурахгүй байх, инфляци зорилтот түвшний орчим хадгалагдахаар хүлээгдэж байна.

Гэхдээ эдийн засагт дунд хугацаанд томоохон сорилтууд тулгарсан хэвээр, цаашид анхаарах асуудлууд олон байна.  Тухайлбал,  Монгол Улс 2020-2024 оны хооронд төр болон хувийн хэвшлийн томоохон дүнтэй гадаад өр, төлбөрийг барагдуулахад нийт 14.5 тэрбум ам.доллар шаардагдах урьдчилсан тооцоо гарч байна. Эдгээр өрийн дийлэнхийг гадаад зах зээл дээр дахин санхүүжүүлэх дүр зураг харагдаж байна. Ингэхэд гадаадын хөрөнгө оруулалтын итгэлийг хүлээх, олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэгийг авах онцгой шаардлагатай. Үүний тулд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж дуусгах, олон улсын санхүүгийн байгууллагууд, донорууд болон гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө өмнө авсан амлалт, үүргээ биелүүлэх нь чухал байна. Түүнчлэн макро эдийн засгийн болон бүтцийн бодлогын сүүлийн 3 жилд барьсан ‘сахилга бат’-ыг цаашид ч үргэлжлүүлэх, эдийн засгийн дархлааг сайжруулах чиглэлд үргэлжлүүлэн ажиллах эсэхийг хөрөнгө оруулагчид, рейтинг тогтоогч байгууллагууд анхааралтай харж байгаа.

Өөр нэг том эрсдэл бол Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын “өндөр эрсдэлтэй болон хамтран ажилладаггүй улс” гэсэн ангилал буюу “Саарал жагсаалт”-д орох эрсдэл өндөр хэвээр байна. Хэрэв энэхүү жагсаалтад орох тохиолдолд бид санхүүгийн гүйлгээний хувьд ‘хаалттай’ нөхцөл байдалд орно. Энэ нь санхүү, эдийн засгийн ноцтой сөрөг үр дагавартай. Иймд энэ асуудалд онцгой анхаарч, нягт хамтран ажиллаж энэ сорилтыг амжилттай даван туулах шаардлагатай байна.

Дэлхийн худалдааны дайн эрчимжиж буй өнөөгийн нөхцөл байдалд Хятадын эдийн засгийн өсөлт саарах, глобал зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнийн дараагийн унах мөчлөг ойртох эрсдэл илүү өндөр болж байна. Монгол Улсын экспортын 90 орчим хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн, уул уурхайн салбар нь ДНБ-ий 20 орчим хувь, төсвийн орлогын 25-аас бага хувийг дангаар бүрдүүлж байна. Бидний судалгаагаар эрдэс бүтээгдэхүүний үнэ унах, эрэлт саарах болон Хятадын өсөлт удаашрах нь манай эдийн засагт хүчтэй нөлөөтэй. Иймд эрдэс бүтээгдэхүүний үнийн дараагийн уналтын мөчлөгөөс урьтаж эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, дархлааг бэхжүүлэх асуудал чухлаар тавигдаж байна.

Бид эдгээр сорилтуудыг хамтын хүчээр амжилттай даван туулж, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж, хөгжилд хөтөлнө гэдэгт итгэлтэй байна.

Эдийн засаг өсөж байгаа ч иргэдийн худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин, орлого үүнээс бага өсөж байгаа нь инфляцийн нөлөө гэж харж байна. Энэ тал дээр Монголбанк ямар байр суурьтай байна вэ?

Монголбанк сүүлийн жилүүдэд ‘инфляцийн зангуу’-г бий болгоход чиглэсэн бодлого, арга хэмжээг хэрэгжүүлж ирлээ. Өөрөөр хэлбэл, инфляцийг зорилтот түвшний орчимд тогтвортой байлгах, ингэснээр олон нийтийн инфляцийн талаарх хүлээлтийг зорилтот түвшний орчим тогтворжуулах явдал юм. Ийнхүү олон нийтийн инфляцийн талаарх хүлээлтийг удирдсанаар инфляцийн зорилтыг ч цаашид тогтвортой барих боломж бүрдэх юм. Иймд эдийн засгийн төлөв, инфляцийн төсөөллийг гаргаж, инфляцийн тайлан болон мөнгөний бодлогын мэдэгдэлээр дамжуулан нийтэд тогтмол мэдээлэх, авсан арга хэмжээний үндэслэл, хүлээгдэж буй үр дүнг тайлбарлах, төв банкны үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох чиглэлээр олон ажлуудыг хийж ирлээ. Үр дүн ч эхнээсээ гарч иргэд, аж ахуйн нэгжүүдийн инфляцийн талаарх хүлээлт ерөнхийдөө зорилтот түвшний орчим тогтворжиж байгаа түүвэр судалгааны үр дүнгүүд гарч байна.

Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд мөнгөний бодлогын үндсэн зорилтыг хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2017-2019 онд жилийн 8 хувь орчимд тогтворжуулах хэмээн баталж, үүний дагуу Монголбанкны бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж ирэв. Монголбанк сүүлийн 3 жилд инфляцийн зорилтыг бүрэн биелүүлж ирлээ. Инфляцийг ийнхүү тогтвортой хадгалах нь эцэстээ иргэдийн худалдан авах чадварыг хамгаалж буй явдал билээ.

Үндэсний статистикийн хорооноос гаргадаг Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2019 оны эхний улирлын үр дүнгээс харахад  өрхийн сарын дундаж мөнгөн орлого өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл, инфляцийн нөлөөг цэвэрлэсэн хэдий ч өрхийн бодит орлого улсын хэмжээнд 4.3 нэгж хувиар өссөн байна. Иймд өрхийн бодит орлого буурсан, үүнд инфляци хэт өндөр байсан нь нөлөөллөө гэдэг нь үндэслэлгүй, ташаа ойлголт болж байна.

Харин эдийн засаг тэлж, Монгол Улсын дундын доод орлоготой улсын ангилалд орж, эдийн засгийн ерөнхий чадавхи, потенциаль тэлж байгаа тул инфляцийн зорилтот түвшин одоо 8 хувь байгааг дараа оноос 6 хувь болгон бууруулахаар ажиллаж байна. Инфляцийг ийнхүү 6 хувийн зорилтот түвшинд хадгалж чадсанаар өрхийн амьжиргаанд эерэг нөлөөтэйн дээр хадгаламж, зээлийн хүүг бууруулахад ч энэ шаардлага бий болж байна. Гэхдээ манай орны хувьд нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн нөлөө буюу шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл өндөр байгаа нь сорилт болж байна. Нөгөө талдаа инфляцийн нам түвшинд тогтворжуулах нь дунд хугацаандаа хүүг бууруулах, хөрөнгө оруулалт, ажлын байрыг нэмэгдүүлэх илүү эерэг нөлөөтэй тул богино хугацаанд мөнгөний тодорхой хатуу бодлогыг ч шаардаж болзошгүй. Засгийн газраас нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн нөлөөг бууруулах, төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж, төсвийн сахилга батыг үргэлжлүүлэн хангах тохиолдолд инфляцийн 6 хувийн зорилтыг үргэлжлүүлэн хангах боломжтой юм.

Нийлүүлэлтийн шинжтэй инфляцийг тогтворжуулахын тулд Монголбанк ямар мөнгөний бодлого барих бол?

Үнэнийг хэлэхэд Монголбанкнаас нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийг тогтворжуулах, тухайлбал, хүнсний бүтээгдэхүүн, хатуу түлш, шатахууны үнийн өсөлтийг бууруулах чиглэлд хийж чадах зүйл байхгүй. Монголбанк 2012-2016 онуудад төсвийн шинж чанартай арга хэмжээ байдлаар үнэ тогтворжуулах хөтөлбөрийг Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн боловч удаан хугацаанд үргэлжилсэн гадаад шоконд эдийн засгийн сууриар баталгаажаагүй хэт их төгрөгийн нийлүүлэлтээр хариу үйлдэл үзүүлсэн нь гадаад валютын нөөцийг шавхаж, эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлсэн сургамж бидэнд бий. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд бидэнд тусалж буй олон улсын байгууллага, доноруудын зүгээс Монголбанк төсвийн шинжтэй үйл ажиллагаанд огт оролцож болохгүй талаар үүрэг, амлалтыг байнга авч байгаа билээ.

Харин мөнгөний бодлогын арга хэрэгслээр нийлүүлэлтийн шалтгаантай түр зуурын инфляцид хариу арга хэмжээ авах нь ажил эрхлэлт, үйлдвэрлэл буурахад сөргөөр нөлөөтэй. Иймд түр зуурын шинжтэй, нийлүүлэлтийн шалтгаантай инфляцид Монголбанк мөнгөний бодлогын арга хэрэгслээр арга хэмжээ авахгүй байх зарчим баримталж байна. Харин тус шалтгаанаар өдөөгдсөн инфляци нь зорилтот түвшний орчим эргэж богино хугацаанд тогтворжихгүй, өндөр түвшинд үргэлжлэхээр байгаа тохиолдолд Монголбанк арга хэмжээ авах юм. Учир нь инфляци зорилтот түвшнээс хэт өндөр түвшинд удаан хугацаанд үргэлжлэх нь нийгэмд зардалтайн дээр олон нийтийн инфляци зорилтот түвшинд байна гэсэн хүлээлт алдагдахад хүрэх үр дагавартай юм. Мэргэжлийн хэллэгээр нийлүүлэлтийн хүчин зүйлээр өдөөгдсөн ‘инфляцийн хоёр дахь үеийн нөлөө’ хүчтэй байхгүй тохиолдолд мөнгөний бодлогын хүүгээр хариу үйлдэл үзүүлэхгүй.

Монголбанкны зүгээс нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийг бага байлгах чиглэлд хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээг сайжруулах, логистикийг боловсронгуй болгох, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, санхүүжилтийн схем гаргах зэрэг мэргэжлийн арга зүйн болон санхүүгийн дэд бүтцийг боловсронгуй болгох чиглэлээр Засгийн газартай хамтран ажиллах нь нээлттэй юм. 

Төрөөс мөнгөний бодлогоо сулруулахыг шаардсан мэссежийг нэгэнт өгөөд эхэллээ. Бодлогын хүүг бууруулах орон зайн хувьд бодит нөхцөл  байдал ямар байна вэ?

Одоо хэрэгжиж буй мөнгөний бодлогыг хэт хатуу бодлого гэж дүгнэх нь үндэслэлгүй гэж хэлэхээр байна. Бидний хийсэн Монголын эдийн засаг дахь тэнцвэрт хүүний судалгаагаар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд мөнгөний бодлогын хүүг 11 хувиас бага бол сул, өндөр бодлого хатуу бодлого байхаар үр дүн гарсан. Өөрөөр хэлбэл, тэнцвэрт нэрлэсэн хүү 11 хувьтай байгаа гэдэг нь үйлдвэрлэл потеницаль түвшин орчимдоо, инфляцийн нэмэлт дарамтыг бий болгохгүй түвшинд байх бодлогын хүүний түвшин юм. Өнөөдөр Монголбанкны бодлогын хүү 11 хувьтай байгаа нь мөнгөний бодлогын нейтраль төлөвийг илэрхийлэх буюу үйлдвэрлэл, ажлын байрыг бууруулах чиглэлд огт нөлөөгүй байгааг илтгэнэ.

Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг харахад ойрын хугацаанд бодлогын хүүг бууруулах боломж хомс байна. Эдийн засгийн өрнөлийг даган инфляцийн өсөх дарамт өндөр байна, төлбөрийн тэнцлийн дарамт хэвээр байгаагаас төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн сулрах дарамт тодорхой түвшинд байна, банкны салбарт их хэмжээний нөөц хөрөнгө хуримтлагдаад байна. Ийм орчинд бодлогын хүүг одоогийн түвшнээс бууруулах нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг сулруулах, эдийн засагт хэт халалт бий болгож, улмаар инфляцийг хөөрөгдөх, энэ нь иргэдийн амьжиргаанд нийт дүнгээрээ сөрөг нөлөө үзүүлэхээр байна. Эдийн засгийн өсөлт 8.6 хувьтай буюу өндөр түвшинд байж, ажил эрхлэлт нэмэгдэж буй энэ үед мөнгөний бодлогоор эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэртэй байдлыг хангах нь илүү чухал байна.

Мөнгөний бодлогын төлөвийн одоогийн түвшнээс сулруулах нь эхэндээ гадаад тэнцвэргүй байдлыг бий болгож, эдийн засгийн хэт халалтад хүргэж, улмаар эдийн засгийн эмзэг байдлыг бий болгож, эргээд илүү хүнд эдийн засгийн хүндрэлд хүргэдэг билээ. Түүхэн алдаа, сургамжид суурилан төсөв, мөнгөний ‘сахилга баттай’, оновчтой бодлогыг хэрэгжүүлэх хариуцлагатай цаг үед бид ажиллаж байна.

Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top