Үүрийн 04 цаг. Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт нам гүм байна. Нэгэн цагт залуу, гэнэн тэнэг явснаа нэхэн санахад дурсамжийн хайрцаг минь халгиж цалгисан, дүв дүүрэн байгаасай гэж хүссэндээ л зуны нэг шөнийг алдалгүй ашигласан минь энэ.
Харин Улаанбаатар хэзээ ч миний бодсон шиг чимээгүй, харанхуй болдоггүй аж. Зүрх сэтгэлд үргэлж ойр оршдог дотны нөхрөө харийн орон руу үдээд яг 77 хоножээ. Амьдрал хоёр талд хөвөрсөөр, яаж туулна даа гэж бодсон эдгээр өдөр хоногууд бидний мэдлээс хэтэрч нэг л мэдэхэд урсан одсон байдаг аж. Гаргаж өгөхдөө чангаас чанга тэврээд салсан тэр дулаан хүнийг яг одоо дурсан санаж байна. Ахиж хэзээ тэвэрч үдсэн шигээ тэвэрч угтах бол гэж бодоход гунигтай. Хэзээ бид дахин хамтдаа инээж, хамтдаа уйлж, хамтдаа мөрөөдөж, хамтдаа тэмүүлэх бол. Чаддаг нь чаддагаа, мэддэг нь мэддэгээ л гүйцэлдүүлэн аж төрөх зон олны дунд удаан, өөрийнхөөрөө алхахын хэцүүг мэдэрсэн ч урагшлахыг хүсэж, тэр хэрээрээ энэ амьдралын замыг хугасчилж л явна. Найз минь ч тэнд бүхнийг орь ганцаараа тэсэж, туулж яваа. Улаанбаатарт үүр цайж, нэгэн шинэ өглөө айлчилж байна. Дулаан хүнийг дурсаж, илч дулааныг нь сэтгэлдээ тээсээр эл хуль гудамж талбайгаар хэрэхэд лав даарахгүй биз ээ.
Сэтгэгдэл ( 0 )