Ц.Энхтүвшин “Таван цагариг”
Хөрст дэлхий дээр хөлбөмбөг тоглохгүй өдөр нэг ч байдаггүй биз ээ. Тэгэхээр хөлбөмбөгийн хорхойтнууд хамгийн азтай хүмүүс ч юм шиг. Сонирхдог хүн, үзэгчид, хамрах хүрээгээр дээгүүр ордог хоккей, сагсанбөмбөг, биатлоны томоохон тэмцээн, лигүүд зун амарна. Харин хөлбөмбөг бол хэзээ ч “амарч” үзэгчид, сонирхогчдоо уйдаахгүй ээ. Европын улс орнуудын лиг өндөрлөөд, УЕФА-ийн цомын тэмцээнүүд финалын тоглолт үлдээд байхад гэх хүмүүс бас мэр сэр байж магадгүй.
Польшид энэ сарын 23 -нд 20 хүртэлх насны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээн эхэлсэн. Маш сонирхолтой болдог тэмцэээн. Их хөлбөмбөгийн ирээдүйн одууд эндээс тодордог уламжлалтай. Ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжлэх энэ тэмцээнд тогтмол өндөр амжилт гаргадаг Бразил, Герман, Гана, Испанийн урьдчилсан шатнаас ч шалгараагүй гэхээр хэр өрсөлдөөнтэй болох нь мэдэгдэнэ.
За тэгээд “Европ лиг”, “Аваргуудын лиг”-ийн финалын дараа зургадугаар сарын 5-9-нд анх удаагаа зохиогдож буй “UEFA Nations League”-ийн шигшээ тэмцээн Португалд болж, Англи-Голланд, Португал-Швейцарийн багууд хагас шигшээд тоглож, хожсон хоёр аваргын төлөө, хожигдсон хоёр нь хүрлийн төлөө тоглоно.
Зургадугаар сарын 7-ноос долдугаар сарын 7 хүртэл Францын 9 хотод 8 дахь удаагийн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдана. Үзүүштэй, үзэгчдийн тоо нь жилээс жилд өсч, нэр хүнд улам өссөөр байгаа, эмэгтэй хөлбөмбөгийн.
Зургадугаар сарын 14-нөөс Бразилд Өмнөд Америкийн аварга шалгаруулах 46 дахь удаагийн тэмцээн “Copa America” эхэлж , долдугаар сарын 7-ныг хүртэл явагдана. Месси, Неймар, Хамес Родригес, Суарез, Алексис Санчес гээд супер одод, Бразил, Аргентин, Уругвай, Колумб, Чили гээд дэлхийн шилдэг багуудын тулаан гайхамшигтай болох нь мэдээж. Энэ тэмцээнд Япон, Катар гээд манай Ази тивийн шилдэг багууд урилгаар оролцоно.
Хойд Америкийн хөлбөмбөг бас л аваргуудаа тодруулна. Хойд Америк, Карибын тэнгисийн орнуудын хамгийн том тэмцээн болох “GOLD Cup” зургадугаар сарын 17-наас долдугаар сарын 7-ны хооронд явагдаж, Мексик, АНУ, Коста Рика, Канад тэргүүтэй тус бүсийн 16 шилдэг баг гурван улсын нутагт явагдах энэ тэмцээнд оролцоно. Хасагдах шатнаас аваргын төлөөх бүх тоглолт АНУ-д болох юм.
Зургадугаар сарын 21-нээс долдугаар сарын 13-ныг хүртэл “Хар тив”-ийн аварга шалгаруулах “Africa Cup of Nations” Египет улсад болно. Мо Салахын нутагт Африкийн шилдэг 24 баг өрсөлдөнө. Хэн нь ч хэнийгээ “гөвж” мэдэх эн тэнцүүхэн, халуун тулаан чухам энд л болдог.
Шигшээ багуудын ийм тэмцээнүүдийн дараа долдугаар сарын 20-ноос наймдугаар сарын 10-ныг дуустал “International Champions Cup 2019” тэмцээн болно. 2013 оноос зохиогдож эхэлсэн энэ тэмцээнд Испани, Итали, Герман, Английн ихэнх том багууд оролцдог бөгөөд энэ жил Ювентус, Реал М, Бавари, Манчестер Юнайтед, Бенфика тэргүүтэй 12 баг оролцоно. Тэмцээний тоглолтууд АНУ, Англи, Уэльс, Швед, БНХАУ, Сингапур гээд зургаан улсын 16 хотноо болно.
За эцэст нь Та бидэнд буюу Монголчуудад хамгийн чухал хөлбөмбөгийн мэдээллээ сонордуулья! Мэдээж зуны саруудад Монголын хөлбөмбөгийн “Мазаалай” дээд лиг, нэгдүгээр лиг, хоёрдугаар лигийн тоглолтууд үргэлжлэн явагдана. Монголын спортын түүхэнд хамгийн өндөр шагналын сантай тэмцээн хөлбөмбөгийнх. Манай хөлбөмбөгчдийн ур чадвар, техник, тактик сүүлийн жилүүдэд өссөөр байгаа. Харин ганцхан хөгжөөн дэмжигчдийн тоо дорвитой өсөхгүй байгаа нь харамсмаар. Гадны багуудыг “манай баг, миний баг” гэж өмчилдөг хөлбөмбөгийн хорхойтнууд Монголынхоо аль нэг багийг тууштай дэмжээд, тогтмол тоглолтыг нь үздэг болбол хөлбөмбөгийн хөгжилд оруулж буй томоос том гавьяа болно доо.
Энэ жил 60 “нас” хүрч буй Монголын хөлбөмбөгийн холбоо, ер нь Монголын хөлбөмбөгийн түүхэнд тодоор бичигдэх үйл явдал биднийг бас хүлээж байна. “Талын хөх чононууд” хэмээгддэг Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг маань энэ зургадугаар сарын 6-нд “КАТАР-2022” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтыг Улаанбаатар хотноо Бруней улсын шигшээ багтай хийнэ. Мөн хариу тоглолтыг зургадугаар сарын 11-нд Брунейн нийслэл Бандар Сери Бегаван хотноо хийх юм. Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 2002 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод анх оролцож эхэлсэн бөгөөд нэгдүгээр шатыг амжилттай давсан түүх үгүй юм. Харин сүүлийн хэдэн жил Монголын хөлбөмбөгийн холбоо зорилго тодорхой, бодлого зөв үйл ажиллагаа явуулсны үр дүнд шигшээ багийн тоглолтын чанар эрс дээшилж, тодорхой амжилт гаргаж байгаа. Тиймээс чухам л яг энэ удаа “Талын хөх чононуудаас” амжилт хүлээх, шаардах цаг болсоон. Манай залуус ч Монголын хөлбөмбөгийн түүхэнд бичигдэх амжилтыг гаргана гэдэгт ч итгэл төгс хүлээж сууна. Та бидний хувьд энэ зуны , энэ жилийн хөлбөмбөгийн хамгийн чухал тоглолт болох Монгол-Бруней шигшээ багуудын тоглолт эхлэхэд хэдхэн хоног үлдлээ!
Сэтгэгдэл ( 0 )