Хэнтий Аймгийн Засаг дарга, Эдийн засгийн ухааны доктор, профессор Н.Ганбямбатай ярилцлаа.
-Та сайхан зусаж байна уу. Энэ жил хэчнээн га-д тариалалт хийж байна вэ?
-Сайхан зусаж байна. Өнгөрсөн жил бид 21000 га-д уринш боловсруулалтын ажил хийж, тариалалт 40-өөд хувьтай үргэлжилж байна. Үүний зэрэгцээ ирэх оны уринш боловсруулалтын ажлаа эхлүүлнэ. Энэ жил манай аймаг 21 мянган га-д үр тариа тариална. Малын тэжээл, овьёос, царгасыг олонх сум тариалж хэвшиж байна. Сүүлийн үед үр тариа гэж нэрлэдэг гурвалжин будаа, рапс зэргийг үр тарианд оруулж тооцдог болжээ. Түүнчлэн төмс, хүнсний ногооны тариалалт ид явагдаж байна. Өнгөрсөн жил төмс, хүнсний ногоо, ургацаа урьд жилээ бодвол гурав дахин илүү авсан. Манай ногоочид аймгийнхаа төмсний хэрэгцээг 100 хувь хангаж байна. Өнгөрсөн жил нийт хүнсний ногооны хэрэгцээнийхээ 50 хувийг хангасан дүн мэдээ гарсан. Тухайлбал, хүнсний ногоогоо кофицентоор тооцоход хүн амынхаа хэрэглээний 50 хувийг аймгийнхаа нутаг дэвсгэрээс хурааж авсан гэсэн үг. Тэгэхээр энэ жил төмс, хүнсний ногоогоо тэр хэмжээнд тариалах, нэмэгдүүлэхэд анхаарч байна.
Ер нь хүнсний ногооны хэрэглээнийхээ ихэнх хувийг бид дотооддоо үйлдвэрлэх бодлого барьж, үүнд анхаарч байна. Би аймгийн даргын ажил аваад цахим хуудсан дээрээ анхны постоо “Зоорины чинь бизнесийг дэмжинэ шүү” гэж нийтэлж байсан. Тиймээс зоорь барих хөдөлгөөн эхлүүлж, сүүлийн хоёр жилд зоориудын багтаамж 4000 тонноор нэмэгдсэн.
-Саяхан та хашаандаа ногоо тарьдаг иргэдэд үр тариа тарааж байгаа зураг цахим орчинд харагдсан?
-Ойрын өдрүүдэд Хэрлэн сумынхаа багуудад хүрч жижиг дунд, бичил бизнес эрхлэгчид, өрхүүд, иргэддээ жимс жимсгэнэ, хүнсний ногооны үр, суулгац өглөө. Аймгийн төвийн ногоо тарих хүсэлтэй өрхүүдийнхээ ихэнхэд нь хүрсэн. Манай аймгийн бренд бүтээгдэхүүн болж байгаа “Хунчир” тарихыг уриалж, зарим хүссэн иргэддээ өгсөн. Хунчир нь нэг ёсондоо хүн орхоодой юм. Хоёулаа адилхан буурцагт овгийнх. Эрдэмтэд Монгол хунчрыг илүү эрүүл мэндийн үр ашигтай гэж нотолж байна. Манай аймагт л анх тариалж эхэлсэн шүү дээ. Одоо бусад аймгууд ихээхэн сурагладаг боллоо. Эрүүл мэнд, эдийн засгийн өндөр үр ашигтай гэдэг үүднээс хунчир тарих уриалга гаргасан.
1500 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ СУРГУУЛИЙН БАРИЛГА БАРИНА
-Энэ оны хагас жил гэхэд Ерөнхий сайд хоёр дахь удаагаа Хэнтий аймагт ажиллаад буцлаа. Энэ Хэнтий аймагт бодитой ямар ажил шийдвэрлэв?
-Ерөнхий сайд Хэнтий аймагт долоо хоног ажилласан. Ихэнх сумдад очсон. Нэг суманд Засгийн газрын 1-2 сайд ирсэн, зарим сумдад 2-3 сайд ажилласан гэж тооцохоор нийлбэр дүнгээрээ 10 сайд ажиллажээ. Энэ ажлын үр дүнд томоохон хөрөнгө оруулалтууд орж, Хэнтий аймагт өрнөж байгаа бүтээн байгуулалтуудад хүч нэмлээ. Тухайлбал, 96 жилийн түүхтэй “Алтан гадас” одонтой Лаборатори нэгдүгээр сургуулийн маань байшинг шинээр барихаар боллоо. Монгол Улсад одоохондоо 1500 хүүхдийн суудалтай сургуулийн барилга баригдаагүй. Ерөнхий боловсролын сургууль дээд тал нь 960 суудалтай байгаад 1200 болсон юм. Гэтэл 1500 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын төсвийг ирэх оны улсын төсөвт суулгахаар боллоо. Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ирэх оны төсөвт суулгах бүтээн байгуулалтын тендерийг урьдчилсан байдлаар зарлахаар зүйлчилсэн. Тэгэхээр энэ зуны 7, 8 дугаар сард тендер нь зарлагдах боломжтой.
Манай аймаг 21 аймагтаа хамгийн том Нэгдсэн эмнэлэгтэй. Гэсэн хэдий ч сүрьеэгийн эмнэлгээ тусад нь гаргах шаардлагатай. Тиймээс сүрьеэгийн эмнэлгээ тусад нь байгуулах ажил шийдвэрлэгдсэн. Засгийн газрын танхимаар хэлэлцүүлж, ирэх оны төсөвт суулгана гэдгээ Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл илэрхийлсэн. Дээрээс нь гурван корпустой сүрлэн байшинтай, хуучирч муудсан гуравдугаар цэцэрлэгт шинэ 200 хүүхдийн цэцэрлэг барина гэдгээ Боловсролын сайд амлалаа. Ингээд аймгийн төвөөсөө гадна Мөрөн, Норовлин сумын соёлын төв, Жаргалтхаан сумын сургууль, Өлзийт тосгоны эмнэлэг, Бэрх тосгоны дулааны станцыг шинээр барихаар болсон. Томоохноос нь дуулгахад энэ. Түүнчлэн Засгийн газрын танхимын 10 сайд өөр өөрийнхөө салбарын объектуудад их засвар, бүтээн байгуулалтын ажил өрнүүлэхээ мэдэгдсэн. Зарим ажлууд тухайн сайдын багцаас гарч энэ жилдээ шийдэгдэнэ. Тахилгат тосгоны маань эмнэлэгт 162 сая төгрөгийн төсөвт өртөг шаардлагатай байсан. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлэлээ. Ер нь ерөнхий сайдын айлчлал маш үр дүнтэй болж, эхнээсээ бодит биеллээ олоод явж байгааг та бүхэн харж байгаа байх.
-Хэнтий аймагт энэ жил улсын төсвийн 50,4 тэрбум төгрөг, орон нутгийн төсөвтэйгөө нийлээд 60 гаруй тэрбум төгрөг тусгагдсан. Энэ ч утгаараа 21 аймгаас хамгийн их хөрөнгө оруулалт авсан хоёр дахь аймгаар эрэмбэлэгдсэн. Гэтэл 142,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авлаа гэдэг дүн яваад байна?
-Улсын болоод орон нутгийн төсөвт нийтдээ 60 гаруй тэрбум төгрөг суусан. Өөрийн чинь асуудаг 142,3 тэрбум төгрөг бол Хэнтий аймагт хэрэгжиж эхэлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн нийлбэрийг нэмээд гарсан дүн юм. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны 19.0 сая ам.долларын төслөөр их эзэн Чингис хааны мэндэлсэн Дадал суманд “Тэнгэрийн хаан” хэмээх томоохон цогцолбор баригдан эхлэх гэж байна. Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар аймгийн төвийн Нисэх онгоцны буудлаа шинэчилнэ. Би гурван сарын өмнө Азийн хөгжлийн банктай 4 сая ам.долларын гэрээ үзэглэсэн. Цэвэрлэх байгууламж барина. Дээр нь дулааны станц гэх мэтчилэн гаднын төсөл, хөтөлбөрүүдээр хэрэгжих хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаа нэмбэл зөвхөн 2019 онд Хэнтий аймагт 142,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж байна. Нийт дүнгээрээ тооцвол бүх аймгаа тэргүүлсэн.
АЛБАН ТУШААЛ, ЭРХ МЭДЛЭЭ УРВУУЛАН АШИГЛАСАН
ОЛИГАРХ БҮЛЭГЛЭЛҮҮДТЭЙ ЭВЛЭРЧ ЧАДАХГҮЙ
-Та Ерөнхий сайдын айлчлалын үеэр У.Хүрэлсүхийн Засгийн газрын хоёр шийдвэрийг онцолж байсан. Нэг нь Эдийн засгийн сэргэлт, нөгөө нь шударга ёсны тухай асуудал ярьсан?
-У.Хүрэлсүхийн Засгийн газрын хоёр том зорилтын нэгдүгээрх нь эдийн засгийн хямралыг арилгаж, эдийн засгаа “Эмнэлгийн орноос” босгох зорилт. Үүнийгээ сайн хэрэгжүүлж байна. Хоёрдугаарх нь “Шударга ёс”-ны тэмцэлд ханцуй шамлаж орсон явдал. Улс хэчнээн ч сайн эдийн засагтай байгаад үр шим нь ард иргэд, айл өрхийн амьжиргаанд нөлөөлдөггүй. Хэдхэн гэр бүл, уул, уурхайн эзэд, олигархууд, цөөн хүн баяжаад байдаг. Ийм гаж буруу тогтолцоог, яг ний нуугүй хэлэхэд олигархууд, луйварчдын сүлжээг үндсэндээ нурааж унагах, сүйрүүлэх том тэмцлийг У.Хүрэлсүхийн Засгийн газар ард түмний дэмжлэгтэйгээр өрнүүлж байна.
-Та 2012 оны эхээр УИХ-ын гишүүн байхдаа “Монголын бухимдлын тунхаг” гээчийг гаргаж явсан. Ерөнхий сайд ч Хэнтийд ажиллах үеэрээ “шударга ёсны тэмцлийг Н.Ганбямба гишүүн эхлүүлж, одоо ч хамтарч тэмцэж байна” гэж онцолсон?
-Шударга ёсны тэмцэл бол нэн чухал, хариуцлагатай, энэ нийгмийг эрүүлжүүлэх “реформын шинжтэй” шинэчлэлийн томоохон ажил юм. Ер нь албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсынхаа сангаас хумсалж луйварддаг тогтолцоог, энэ хэцүү нэртэй бүлэглэлүүдийг би хатуу шүүмжилж ирсэн. Тиймээс шударга ёсны энэ тэмцлийн тулгыг тулж өгсөн гэж зарим улс хэлэлцдэг юм билээ.
Манай парламентад тунхаглал гаргасан хоёр гишүүний нэг нь Р.Амаржаргал. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх. Хоёр дахь нь намайг гэж тухайн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд онцолсон. Тунхаглал хоёр янз байдаг. Эхнийх нь, энгийн ойлгомжтойгоор хэлэхэд хөгжлийн буюу улс орноо сайн сайхан болгоход чиглэсэн тунхаглалыг “Декларац” гэнэ. Нөгөө нь хөгжилд садаа хийж буй буруу, гажуу тогтолцоог шүүмжилсэн, бухимдлын чанартай тунхаглал. Бухимдлын чанартай тунхаглалыг “Manifest” гэж нэрийддэг. Бухимдлын тунхгийг би 2012 онд УИХ-ын гишүүн байхдаа гаргасан. Яагаад гэхээр улс орны хөгжлийг чөдөрлөсөн, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж баяжсан, улсын мөнгийг шамшигдуулж, орд газруудыг эзэмшсэн “хулгайчид”, газраа худалдсан газрын наймаачид, цөөн тооны олигарх бүлэглэлүүдтэй эвлэрч чадахгүй учраас ийм тунхаглал гаргасан. Эдийн засгийн өсөлт гараад байхад яагаад айл өрхийн амьжиргаанд нөлөөлөхгүй байна вэ гэдгийг судалж, тунхаглалынхаа гол баримт бичгийг боловсруулж байлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөдөө сумдад уулзалт хийх үеэрээ шударга ёсны тэмцлийг Н.Ганбямба гишүүн эхлүүлсэн, одоо ч бид хамтарч ажиллаж байна гэдгийг ард иргэдэд хэлнэ лээ.
-29 жил амь бөхтэй оршин тогтносон энэ том тогтолцоог шүүмжилж эхлэхэд ганцаардаж байсан үе байдаг уу?
-Тухайн үедээ хавчигдаж, шахагдаж явсан тохиолдол байлгүй яах вэ. Олон ч хүн надад сануулж байсан. Болгоомжтой байгаарай, танд шүүмжлүүлж байгаа том албан тушаалтнуудын гарт АТГ, тагнуул, шүүх, прокурор хүртэл худалдагдаад орсон гэдгийг. Тэгэхэд нь би нэг төгрөгийн ч хувьчлал, тендерт оролцож үзээгүй надаар оролдоод юм олж чадахгүй гэдэг байлаа. Тэгж хэлж яваад ч хохирсон явдал бий. Тэгэхдээ энэ айхтар ужгирчихсан тогтолцоо. Одоо суурь нь жаахан ганхаж эхэллээ. Энэ олигархууд, улс төр, бизнесийн бүлэглэлүүдийг таслан зогсоохгүйгээр Монгол Улс хөгжихгүй.
ДАДАЛ СУМ РУУ 250 ГАРУЙ КМ ЗАМ ТАВИНА
-Та 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөөгүй. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нэр дэвших талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр онцлох боллоо. Хэнтий аймгийн МАН-ын даргын хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Ерөнхий сайд хэрвээ нэр дэвшээд гараад ирвэл манай аймгийн хувьд илүү өгөөжтэй. Хөрөнгө оруулалт, хөгжилд ч тэр. У.Хүрэлсүх бол Хэнтий аймгаас гарсан боловсон хүчин. Хоёр ч удаа аймгаасаа сонгогдож өндөр хүчдэл, дэд бүтэц хөгжүүлэхэд, олон арван нийгэм, соёлын байгууламж барихад хувь нэмрээ оруулсан хүн. Ард иргэд маань ч харж, хүлээж суугаа. Тэр ч утгаараа их зохимжтой нэр дэвшилт болох байх аа гэж бодож байна.
-Ойрын хугацаанд бүтээн байгуулалтын ямар ажлууд хийгдэх вэ?
-Хэнтий аймаг хуучирч муудсан, актлагдсан байшин барилгуудаа бүгдийг нь шинэчлэн дуусаж байна. Одоо хамгийн том проблем бол Хан Хэнтий чуулгын байшин. Буруу барьсан булан өнцгийг нь буулгахаас эхэлнэ. Хундаам нь мурийчихсан барилгад хэчнээн ч өнгө, будаг тавиад нэмэргүй. Тэгэхээр үүнийг засварлаж, сэлбэж бүрэн бүтэн ашиглалтад оруулна. Шинээр баригдах олон барилга, байгууламжийн бэлтгэл ажлыг хийгээд явж байна. Ирэх онд баригдах хөрөнгө оруулалтууд бий. 2020 он хүртэл Хэнтий аймагт 100 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтууд өрнөнө. Хамгийн томоохон нь Хэнтий аймгийн төвөөс зүүн тийшээ Эзэн Чингисийн өлгий нутаг Дадал сум руу 250 орчим км зам тавих ажил. Уг нь бид шороон замаар 270 км явдаг. Шинэ зам тавигдахад 246 км орчим зураг төсөл гарсан. Үүний 20 км нь улсын төсвөөс энэ жил баригдана. Үлдсэн нь Арабын сангаас санхүүжигдэнэ. Мөн Бор-Өндөр-Даланжаргалан чиглэлийн 45 км зам, аймгийн төвийн 10 гаруй км зам бий.
-Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг, Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын бүс нутаг болгон зарласан. Эзэн Чингис хааны түүхтэй холбоотой ямар барилга байгууламжууд баригдах вэ?
-Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болж, төр Засгийн дэмжлэг авч байгаа сайхан боломжийг ашиглаад бид бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлэх ёстой. Дэлхийд бүхэлд нь хяналт тавьж байсан Эзэн богд Чингис хаан, түүний төрөлх нутаг өлгий нутаг, их үйл хэргийнхээ ихэнхийг энэ газар нутаг дээр явуулсан нь маргашгүй үнэн. Тиймээс агуу түүхт газар нутагтаа бид бөмбөрцгийн хүн ард хүрэлцэн ирж үзэхүйц бүтээн байгуулалтууд хийх шаардлагатай. Тиймээс ч аймгийн төвөөс зүүн тийшээ 100 км-т Батноров суманд “Хөлөг боорчи-Андлалын өргөө” цогцолборыг 2018 онд эхлүүлсэн. Энэ онд хүлээн авна. Хүн харахад хөшөө шиг харагдах 18 метр, зургаан давхар байшингийн өндөртэй ордон босно. Биндэр суманд байгуулж буй “Их хуралдай” ордыг мөн энэ ондоо ашиглалтад оруулна. Дээр дурдсан хоёр томоохон цогцолборуудаас гадна Тэнгэрийн хаан цогцолбор Дадал сумаасаа 4 км зайтай баригдана. Ерөнхий сайд У.Хүрэлсүх бид нар 2004 онд УИХ-ын гишүүн байхдаа Дадал сумын нисэх буудлыг жаахан зайдуухан байгуулж байлаа. Түүнийгээ “Дэлүүн болдог” гэж нэрийг нь өөрчилсөн. Дэлүүн болдог нисэх буудлын ТЭЗҮ-г Зам тээврийн яам боловсруулж, Ерөнхий сайдад танилцуулахаар боллоо. Нийгмийн сүлжээгээр Хэнтий аймаг бол Чингис хааны өлгий нутаг. Тэр нь Монгол улсын аймаг гэх мэтчилэнгээр дэлхий нийтийн анхаарлыг татах олон ажлыг эхлүүлж байна. Гаднынхан Чингис хааныг цөмөөрөө мэддэг хэрнээ аль улсын хаан гэдгийг нь мэддэггүй. Өвөр монголчууд Ордост Чингис хаан ташуураа унагасан гэх домог зохиогоод тэндээ нэг жилд 10 гаруй сая жуулчин хүлээн авч байна. Тэгэхээр манай улс сурталчилгааны арга хэлбэртээ маш сайн анхаарах хэрэгтэй. Түүхэн аялал жуулчлалын бүс нутгийн хүрээнд дэд бүтцээ сайжруулаад замын асуудлаа шийдвэрлэвэл жуулчид ирэх бололцоотой болно. Одоогоор Зочид буудал, дэлгүүр, худалдааны төвүүдийн үйлчилгээний стандартаа сайжруулах, Хэрлэнгийн гүүрнээс наашаа боловсон бие засах газартай болох гэх мэтчилэн анхан шатны ажлуудаа гүйцэтгэж эхэллээ. Түүхэн аялал жуулчлалын бүс нутгийн маршрут нь тойрог хэлбэртэй явагдахаар ерөнхий төлөвлөгөө нь гарч байна.
-Хэдхэн хоногийн өмнө шилдэг аймгуудыг шалгаруулахад Хэнтий багтсангүй. Та хүлээлттэй байсан болов уу?
-Ний нуугүй хэлэхэд ажил үйлсээрээ шалгарсан аймаг гэж битгий цоллоосой гэж найдаж байсан. Бидний гол үнэлэлт, дүгнэлтийг ард иргэд маань өгнө. Тийм учраас бүтээн байгуулалт өрнүүлэх, хөрөнгө оруулалт татах, аймгаа хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж байна даа. Хөрөнгө оруулалтаараа аймгуудаасаа түрүүлчихсэн, бүтээн байгуулалт буцалж байхад дээр нь нэмэрлээд, шалгарчихвал янз янзын хэл ам гарч мэднэ гэж эмзэглэж байсан.
-Ярилцсанд баярлалаа
С.Ган-Эрдэнэ
Сэтгэгдэл ( 0 )