“Сауд гоби коал транс”-д хүргүүлсэн улсын байцаагчийн шаардлага (Бүрэн эхээрээ)

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 05 сарын 30

“САУД ГОБИ КОАЛ ТРАНС”-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООХ ШААРДЛАГЫГ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ ХҮЛЭЭН АВЛАА

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах зайлшгүй шаардлага үүссэний дагуу “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийг 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр УИХ-аар хэлэлцэж, нийт 896 мянган га газрыг Монгол Улсын тусгай хамгаалалттай бүсэд багтаахаар болсон. Үүнээс нэг жилийн дараа буюу 2017 онд Засгийн газраас тусгай хамгаалалттай бүсийн хил хязгаарыг тогтоохдоо Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай бүсийг 743 мянган га газраар тогтоосон бөгөөд анх тооцоолж байсан 896 мянган га газраас 147 мянган га газрыг тусгай хамгаалалтын бүсийн гадна үлдээж шийдсэн юм.

Энэхүү газар нь тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн “Сауд гоби коал транс” компанийн ашиглалтын лицензтэй талбай бөгөөд энэ компани Засгийн газрын тогтоол гарахаас ч өмнө хөрс хуулалтаа эхлүүлж, уурхайн кэмпээ байгуулсан байдаг.

Ийнхүү “Сауд гоби коал транс” компани уурхайн ажил эхлэхдээ л улсын хууль тогтоомжийг зөрчсөн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тийм учраас нутгийн иргэд болон орон нутгийн удирдлагууд хууль дүрмийн дагуу дээрх компанийн хууль бус ажиллагаатай өнөөдрийг хүртэл тэмцэж иржээ. Энэ хугацаанд Өмнөговь аймгийн Засаг дарга болон аймгийн ИТХ-аас дээрх компанийн хууль бус үйлдлийг зогсоох, хууль бусаар нүүрс тээвэр хийж буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг хүсч Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Ерөнхий сайд, Зам тээврийн хөгжлийн яаманд хүргүүлж байсан ч үр дүнд хүрч чадаагүй байна.

Түүнчлэн Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газраас уурхайн үйл ажиллагаанд хяналт шалгалтуудыг тогтмол явуулж иржээ. Үүний дүнд, 2017 оны гуравдугаар сард сумын мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр уурхайн үйл ажиллагааг арав хоног хаасан боловч уурхай ажлаа үргэлжлүүлсээр иржээ. Харин энэ оны дөрөвдүгээр сарын 5-нд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт хяналт шалгалт оруулж, улсын байцаагчийн 31 шаардлага бүхий акт тогтоож, хугацаатай албан шаардлага хүргүүлснийг энд бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧИЙН АЛБАН ШААРДЛАГА

(Зөрчил арилгуулах тухай Улсын мэргэжлийн хяналтын байцаагчийн 16/05/089/105 тоот албан шаардлага)

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 16/110 тоот, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/126 тоот Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналт хийх тухай, 01/134 тоот Уул уурхайн салбарын авто зам, өргөх байгууламжийн ашиглалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу “Сауд гоби коэл транс” ХХК-ийн Баян тэс уурхай болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч, гэрээгээр ажиллаж буй аж ахуйн нэгжүүдэд Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай, Ашигт малтмалын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Газрын хэвлийн тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай, Газрын тухай, Усны тухай, Геодези, зураг зүйн тухай, Хог хаягдлын тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Эрүүл ахуйн тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Химийн хорт болон аюултай бодисийн тухай, Авто тээврийн тухай, Барилгын тухай хууль тогтоомжууд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад дүрэм журам, холбогдох норм, стандарт, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны Засгийн газрын 311 тоот тогтоолоор батлагдсан “Аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын хэрэгжилтийн байдалд тус компанийн Баян тэс уурхайн дарга Э.Ганбат, Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан Б.Дэмүүл, Уулын инженер Н.Тэгшжаргал, Геологич О.Чойжилсүрэн, Ахлах маркшейдр А.Ганзориг, Уулын инженер С.Эрдэнэбулган болон туслан гүйцэтгэгч аж ахуй нэгжүүдийн холбогдох инженер техникийн ажилтан ажиллагсдыг байлцуулан 2019 оны дөрөвдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. 

Хяналт шалгалтаар дараах зөрчил дутагдал илэрлээ.

Геологи, уул уурхайн хяналтаар 

1. Олборлон боловсруулсан нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны 2019 оны нэгдүгээр улирлын төлбөрийг тооцож, бүрэн төлж барагдуулаагүй нь “Ашигт малтмалын тухай” хуулийн 47 дугааар зүйлийн 47.1 дэх /Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгэдхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө/ заалтыг

2. Ашигт малтмалыг нөөц ашигласны төлбөрийг үнэн зөв бодит байдлаар тооцон мэргэжлийн хяналтын албанаас баталсан маягтын дагуу улирал тутам гаргаж өгөөгүй нь “Ашигт малтмалын тухай” хуулийн 47 дугаар зүйлийн 47.11 дахь /Монгол банк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээдээс бусад энэ хуулийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь тухайн улиралд олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа лны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус ирүүлнэ/ заалтыг,

3. Уулын ажлын батлагдсан зураг төслийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй нь Газрын хэвлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх /Ашигт малтмал олборлох аж ахуйн нэгж, байгууллага батлагдсан зураг төсөл, уулын ажлын төлөвлөгөө, техник ашиглалтын журмын дагуу газрын хэвлийг ашиглана/ заалтыг;

4. Уул уурхайн график зураг, бичиг баримтыг стандартын дагуу гүйцэтгээгүй нь Газрын хэвлийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь /ашигт малтмалын ордод хийвэл зохих гүйцээх болон ашиглалтын хайгуул, геологийн бусад ажил, түүнчлэн ашиглалтын геологи, маркшейдерийн ажлыг бүрэн гүйцэтгэж, техникийн зохих баримт бичгийг гүйцэд хөтлөх/ заалтыг;

5. Орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх /тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхайн ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулаж ажиллана./ заалтыг;

6. Ил уурхайд ашиглагдаж байгаа ажлын байрууд нь гэрэлтүүлэг хангалтгүй байгаа нь Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийн 512 дугаар заалтыг;

Байгаль орчны хяналтаар

7. 2019 он ус ашиглах дүгнэлтгүй, зохих байгууллагын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж ус ашигласан, 2018 оны ус ашиглах дүгнэлтэд ил уурхайд орж ирэх усыг тусгаагүй олборлолт явуулж байгаа нь усны тухай хуулийн /26.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаад улсын хуулийн этгээд нь тодорхой зориулалт, хугацаа, болзол нөхцөл заасан ус ашиглах зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу ус ашиглах эрхтэй байна. 25.16.Ус ашиглуулах дүгнэлт, холбогдох зөвшөөрөлгүйгээр ус ашиглах, дур мэдэн цооног гаргахыг хориглоно./ заалтыг;

8. Худгийн энгийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн тэмдэг тэмдэглэгээгүй, мод бут сөөг тариагүй хог хаягдал хаясан бохирдолтой байгаа нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх /Усны нөөцийг хомстох, бохирдлоос хамгаалах, үер усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно/ заалт, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалын Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдөх журмыг;

9. Аюултай хог хаягдал болох шатах тослох материалыг устгах тээвэрлэх эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулах актаар тухай бүр хүлээлгэн өгч ажиллаагүй байгаа нь Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.3 /Аж ахуйн нэгж байгууллага нь хог хаягдал цуглуулах, тээвэрлэх эрх бүхий иргэн аж ахуйн нэгж байгууллагатай хог тээврийн үйлчилгээний гэрээ байгуулах/ заалтыг;

10. Ахуйн хог хаягдлаа ангилан ялгаж, түр хадгалах цэгтээ ангилан ялгалгүйгээр шатаасан, хог тээврийн гэрээт компанидаа ачуулж хүлээлгэн өгөөгүй байгаа нь Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1 дэх /энэ хуулийн 9.1.3-т заасан журмын дагуу энгийн хог хаягдлаа ангилан ялгах, 10.2.2 дахь /энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хогийн савтай байх/ 10.2.8 дахь /хог хаягдлыг бууруулах, ангилах, дахин ашиглах, зүй зохистой хаях дадал зуршлыг хэвшүүлэх/ заалтуудыг;

11. Баян тэс нүүрсний уурхайгаас Нарийн сухайт шивээ хүрэн чиглэлийн болон кемп хоорондын авто замаас тоосжилт их  хэмжээгээр үүсч хүн, мал амьтан, ургамлан бүрхэвчид үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ авч ажиллаагүй нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9.4 дэх /Нөлөөллийн үнэлгээгээр тогтоогдсон шаардлагыг төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага биелүүлэх үүрэгтэй/ заалтыг;

12. Эзэмшил газрын 10 хувь ногоон байгууламжгүй байгаа нь Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь /Хот, тосгоны өнгө үзэмж, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, газрыг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагын дагуу газар эзэмшигч нь эзэмшилд авсан газрын 10-аас доошгүй хувийг ногоон байгууламжтай байлгана/ заалтыг;

13. Газрыг элэгдэл, эвдрэл доройтолд оруулсан, шатах тослох материалаар хөрсийг бохирдуулсан байдалтай байгаа нь Газрын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх /Газрын төлөв байдал, чанарыг хадгалах, байгалийн аясаар болон хүний үйл ажиллагааны улмаас хөрсний үржил шим буурах, газрын ургамлын бүрхэвч талхлагдах, хөрс элэгдэх, эвдрэх, хуурайших, намагжих, давсжих, бохирдох, хордохоос сэргийлэх арга хэмжээг өөрийн зардлаар хариуцах/ заалтыг;

14. Шинжилгээний лабораторитоо /шоргоолжны хүчил/ химийн бодис ашиглахдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл аваагүй, бодисын мэдээлэл хор аюулын лавлахыг Байгуулаагүй байгаа нь Химийн хот болон аюултай бодисын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх /Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, устгах зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу олгоно/ заалтыг,

Хөдөлмөрийн харилцааны хяналтаар

15. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23,2,1 дэх /байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй/ заалтыг,

16. Нэмэгдэл хөлсийг хуулинд заасны дагуу олгодоггүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь /Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсарсан буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно/ заалтыг,

17. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй орон тоо тутамд төлөх төлбөрийг төлөөгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйл 111.1 дэх /25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтнй буюу одой хүнийг ажиллуулна / заалт, мөн хуулийн 111.2 дахь /Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 111.1-д заасан хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр төлбөр төлнө/ заалтууд болон аж ахуйн нэгж байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулаагүй орон тоо тутамд сар бүр төлөх төлбөрийн хэмжээг тоүтоох тухай Засгийн газрын 2009 оны 25-р тогтоолын заалтуудыг:

Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтаар

18. Нийт ажилтны болон үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа, өөр ажлын байранд шилжсэн ажилтны сургалт зохион байгуулдаггүй, сургалтанд хамрагдсан ажилтнаас шалгалт авч баталгаажуулаагүй байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь /Ажил олгогч нь аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтанд хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүйлэхгүй байх / заалтыг,

19. Даралтат сав /уурын зуух/-ны хэмжих хэрэгслийг мэргэжлийн байгууллагаар баталгаажуулаагүй, хамгаалалтын хавхалгаар тоноглоогүй, удаан хугацаагаар зогсох үеийн журамгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх /даралтат сав, шугам хоолойд, зохих журмын дагуу туршилт, тохируулга, баталгаажуулалт хийлгэж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ашиглах зөвшөөрөл авсан байх/, 11.1.2 дахь /даралтат сав, шугам хоолойг аюулгүй ашиглах, удаан хугауаагаар зогсоох болон хадгалах үеийн ашиглалтын журамтай байх/ заалтуудыг,

20. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс байгуулан ажиллаагүй байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 /Ажил олгогы нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлаж бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна/ заалтуудыг;

Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтаар

21. Сауд Гоби Коэл транс ХХК-н Баян тэс уурхайн 482 хүн ажиллаж амьдрах байрыг Техник эдийн засгийн үндэслэлд тусгагдсаны хийгээгүй, захиалагч болон туслан гүйцэтгэгч Топ Ган майнинг ХХК, Готик Голд Минө ХХК-уудын ажилчдын амрах, хооллох газруудын барилга байгууламж нь мэргэжлийн байгууллагын батлагдсан зураг төслийн дагуу баригдаагүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нь Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх / үйлдвэрлэлийн барилга байгууламжийг барьж, байгуулах, өргөтгөх, шинэчлэх, машин техник, тоног төхөөрөмж угсрах, суурилуулах, угсрах, засвар хийх үйлчилгээ нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байна/. Эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх /Үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байгууламж нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдсан, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байна/ заалтуудыг;

22. Дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтан томилоогүй, журам баталж, үйл ажиллагааг нь тогтмолжуулаагүй, туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дотоод хяналтыг зохион байгуулахгүй байгаа нь Засгийн газрын 311-р тогтоол болон “ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 35 дугаар зүйл 35.1 дэх /Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина/ заалтыг;

Автотээврийн хяналтаар

23. Бараа бүтээгдэхүүнийг экспортонд гаргахдаа ашиглаж байгаа тээвэрлэлтийн маршрут чиглэлийг батлуулаагүй, тээвэрлэгч аж ахуйн нэгжтэй тээвэрлэлтийн гэрээ байгуулаагүй байгаа нь Автотээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дугаар заалтыг,  дүгээр зүйлийн 9.1 дэх заалтыг;

24. Уурхайн олборлолтын үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэж байгаа туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн машин механизмд засвар үйлчилгээ хийх зориулалтыг барилга байгууламж, зогсоол нь стандартын шаардлага хангахгүй байгаа нь Автотээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.7, Автотээврийн хэрэгслээр ачаа зорчигч тээвэр дүрмийн 2.8 дугаар заалтыг;

25. Уурхайд ажиллаж байгаа машин механизмд түлш цэнэглэх зорилгоор ашиглаж байгаа тээврийн хэрэгсэлд зогсоолыг тусад нь хийгээгүй,улсын байцаагчийн дүгнэлт гаргуулаагүй байгаа нь Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журмын 2.2, 2.5 дугаар заалтыг,

26. “Топ ган майнинг” ХХК-ийн засвар үйлчилгээний зориулалттай эхлүүлсэн барилга байгууламж нь батлагдсан зураг төсөлтэй байгаа нь барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дугаар заалтыг,

27. “Готик голд мине” ХХК-ийн уурхайн олборлолтын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа машин механизмын парк ашиглалт 40% , түлш зөөврийн, хүн тээврийн зориулалтаар ашиглаж байгаа тээврийн хэрэгслүүдийг техникийн хяналтын үзлэгт хамруулаагүй байгаа нь Автотээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6, 17 дугаар зүйлийн 17.1.2, Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийн 278 дугаар заалтуудыг,

28. “Готик голд мине” ХХК нь машин механизмын техникийн үйлчилгээ, засварын ажлын төлөвлөлтгүй, гүйцэтгэлийг бүрэн материалжуулаагүй, зохион байгуулалтын үйл ажиллагаа нь шаардлага хангахгүй байгаа нь Авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний техникийн үйлчилгээ, засварын тогтолцоо, тодорхойлолт MNS 4601:2011 стандартыг,

29. “Готик голд мине” ХХК-ийн засварын төвд угсрагдсан цахилгаан талыг тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн бус байгууллагаар угсруулсан, барилга байгууламжийн батлагдсан зураг төсөлгүй байгаа нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дугаар заалт, Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх аюулгүй ажиллах дүрмийн 3.2.1 дүгээр заалтыг,

Авто замын хяналтаар

30. Баян тэс нүүрсний уурхайгаас Нарийн сухайт шивээ хүрэн чиглэлийн авто замтай холбох 32,9 км сайжруулсан шороон замаар нүүрс тээвэрлэлтийг гүйцэтгэж байгаа нь Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих ашиглах журмын 2.3, 4.4 дүгээр заалт, Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 02 сарын 21-ний өдрийн 28 дугаар тушаалын 3 дахь заалтыг,

Иймд “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8 заалтыг үндэслэн улсын байцаагчийн бүрэн эрхийн хүрээнд ШААРДАХ нь:

1. Олборлон боловсруулсан нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны 2019 оны нэгдүгээр улирлын төлбөрийг тооцож, бүрэн төлж барагдуулах

2. Ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөрийг үнэн зөв бодит байдлаар тооцон мэргэжлийн хяналтын албанаас баталсан маягтын дагуу улирал тутам гаргаж өгөх

3. Ашигт малтмал олборлох аж ахуйн нэгж, байгууллага батлагдсан зураг төсөл, уулын ажлын төлөвлөгөө, техник ашиглалтын журмын дагуу уулын ажлыг явуулах

4. Уул уурхайн график зураг, бичиг баримтыг стандартын дагуу хийж гүйцэтгэх

5. Орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллах

6. Ил уурхайд ашиглагдаж байгаа ажлын байруудад стандартын дагуу гэрэлтүүлэг байрлуулах

7. 2019 оны ус ашиглах дүгнэлтийг зохих байгууллагаар үнэн зөв гаргуулж ажиллах

8. Худгийн энгийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс тогтоолгож, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөж ажиллах тухайлбал, бохирдлоос сэргийлэн хашиж хамгаалах, мод бут сөөг тарьж арчлах

9. Хог хаягдлыг ангилан ялгах зориулалтын хогийн сав кэмп болон ажлын байруудад суурилуулж хогийн цагт ангилан ялгаж хаях

10. Техникийн хаягдал тосыг асгаралт нэвчилтээс хамгаалж, гэрээт компанид актаар хүлээлгэн өгч бүртгэл хөтөлж хэвших

11. Ахуйн хог хаягдлаа ангилан ялгаж, хог хаягдал хадгалах түр цэгт хаях, хог тээврийн гэрээт компанид тухай бүр хүлээлгэн өгч, бүртгэл хөтлөх

12. Баян тэс нүүрсний уурхайгаас Нарийн сухайт Шивээ хүрэн чиглэлийн болон кемп хоорондын авто замаас тоосжилт их хэмжээгээр үүсч хүн, мал, амьтан, ургамлан бүрхэвчид үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ авч ажиллах

13. Эзэмшил газрынхаа 10-аас доошгүй хувийг ногоон байгууламжтай болгож, говийн унаган модлог сөөглөг ургамал тарьж, арчлан хамгаалах

14. Газрыг элэгдэл, эвдрэл, доройтолд оруулахаас хамгаалж, бохирдсон хөрсийг цэвэрлэж саармагжуулах, техникийн засварын талбайн хөрсийг хатуу хучилттай болгох плёнк дэвсэж хамгаалах

15. Шинжилгээний лабораторидоо ашиглагдаж буй шоргоолжны хүчлийг ашиглахдаа тусгай зөвшөөрөлтэй ашиглах, бодисын мэдээлэл хор аюулын лавлах анхан шатны тусламжийг нүдэнд харагдахуйц газар байрлуулах

16. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1 дэх заалтыг хэрэгжүүлж ажиллах

17. Нэмэгдэл хөлсийг хуульд заасны дагуу олгох

18. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй орон тоо тутамд төлөх төлбөрийг төлж барагдуулах

19. Аюулгүй ажиллагааны мэдлэг олох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, сургалтад хамрагдсан ажилтнаас шалгалт авч баталгаажуулах

20. Даралтат сав /уурын зуух/-ны хэмжих хэрэгслийг мэргэжлийн байгууллагаар баталгаажуулж, хамгаалалтын хавхлагаар тоноглон, удаан хугацаагаар зогсох үеийн журамтай болж, дохиолол, хамгаалалтын системтэй болох.

21. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс байгуулан ажиллах

22. Сауд гоби коэл транс ХХК-ийн Баян тэс уурхайн 480 хүн ажиллаж амьдрах байр, хоолны газрыг Техник эдийн засгийн үндэслэлд тусгагдсаны дагуу хийж эрүүл ахуйн шаардлагад нийцсэн барилга байгууламжийг мэргэжлийн байгууллагын батлагдсан зураг төслийн дагуу барьж гүйцэтгэх даалгаврыг тус тус өгчээ.

Энэхүү хяналт шалгалтын ажлын хэсэгт Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Б.Очирхуяг, Хөдөлмөр эрүүл ахуйн хяналтын байцаагч Э.Баярхүү, Автозамын хяналтын байцаагч Т.Батбаатар, Байгаль орчны хяналтын  улсын байцаагч Д.Ичинноров, Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Бумантуяа, Тээвэр, өргөх механизмийн хяналтын улсын байцаагч А.Мягмаржав, Нийгмийн хяналтын улсын байцаагч Д.Солонго нар оролцож дүгнэлт, шаардлагыг “Сауд гоби коал транс” компанийн Баянтэс уурхайн дарга Э.Ганбатад хүлээлгэн өгчээ.

Ийнхүү илтэд хууль зөрчин ажилласаар ирсэн дээрх уурхайн үйл ажиллагааг зогсоох, зөрчил дутагдлыг арилгуулахаар аймгийн удирдлагууд болон аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн хугацаанд хүчин чармайлт гарган ажиллаж ирсэн. Гэвч орон нутгийн байгууллага, удирдлагуудын хувьд эрх мэдэл дутаж байгаа гэдгийг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар хэллээ. Тэрбээр “Өмнөговь аймгийн хувьд стратегийн гурван орд газар байрлаж байна. “Сауд гоби коал транс” компани нь Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж байгаа. Үүн дээр орон нутгаас гаргах шийдвэр ер нь байхгүй. Нэг үгээр эрх мэдэл дутаж байгаа гэж хэлж болно” гэв.

Түүнчлэн орон нутгийн иргэд болон аймгийн эрх бүхий байгууллагууд, Засаг дарга, ИТХ-ын гишүүд, Өмнөговь аймгийн уугуул иргэд “Сауд гоби коал транс” компанийн үйл ажиллагааг зогсооход санал нэгдсэн бөгөөд өчигдөр буюу тавдугаар сарын 29-ны өдөр Тост, тосон бумбыг хамгаалах нутгийн иргэдийн хөдөлгөөнөөс Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газарт шаардлага хүргүүлснийг мөн бүрэн эхээр нь хүргэж байна.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАРТ ХҮРГҮҮЛСЭН ШААРДЛАГА

Тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа “Саудгоби коэл транс” ХХК нь уул уурхайн олборлолт, ашиглалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж, стандартыг дагаж мөрддөггүй, алхам тутамдаа зөрчиж, хүн ам, нийгэм, эдийн засаг, байгаль экологид ноцтой хохирол учруулж байна.  Энэ талаар танай байгууллага холбогдох шалгалт явуулан “Саудгоби коэл транс” ХХК нь геологи, уул уурхай, байгаль орчин, хөдөлмөрийн болон эрүүл ахуй, авто тээврийн хяналтын талаар тогтоосон хэм хэмжээ, стандарт шаардлагыг олон талаар зөрчсөн асуудлыг шалгаж тогтоон 2019 оны 04 сарын 05-ны өдөр 16/05/ 089/105 тоот “Зөрчил арилгуулах тухай” мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж байжээ.

Монгол Улсын аль нэг иргэн, аж ахуйн нэгж байгууллага хууль зөрчсөн бол тухай бүрт нь хуулийн дагуу арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулдаг байхад “Саудгоби коэл транс” ХХК нь Зөрчлийн тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай, Ашигт малтмалын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Газрын хэвлийн тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай, Газрын тухай, Усны тухай, Хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай, Авто тээврийн тухай зэрэг олон хууль тогтоомжуудыг зөрчиж 30 гаруй төрлийн зөрчил үйлдсэн нь дээрх шалгалтаар хөдөлбөргүй баримтаар тогтоогдсон хэдий ч өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа нь хууль шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн зарчимд харшилж байна.

“Саудгоби коэл транс” ХХК-ийн хууль бус үйл ажиллагаа үүгээр дууссангүй. Сэтгүүлчид, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл, нутгийн ард иргэд хамтран тус компанийн уурхайн болон орчны байдалтай газар дээр нь очиж танилцахад уг уурхайтай хил залган оршдог Өмнөговь аймгийн Гурвантэс болон ойр орчмын бусад сумд, суурьшлын бүсүүд, Гурвансайханы байгалийн цогцолборт газар, Говийн Алтайн  нурууны салбар, зүүн төгсгөл, Монгол орны улаан номонд бүртгэгдсэн  олон төрөл зүйл сүүн тэжээлтэн, хөхтөн амьтад, говийн ховор ургамал бүхий Монгол орны өмнийн говь дахь экологийн чухал ач холбогдолтой газрын нэг болох Тост, Тосон Бумбын нуруу орчмын байгаль экологи сүйтгэгдэн, буцаж унаган төрхөндөө орж, эргэн сэргээгдэх боломжгүй болтлоо эвдэрч, нүд халтирч, зүрх зүсэгдэм өнгө төрхтэй болжээ. Энэ хүрээнд бид олон зөрчил дутагдалтай нүүр тулж байснаас та бүхний өмнө шалгаж нэгэнт тогтоосон асуудалтай давхцуулахгүй шинээр илэрсэн дараах баримтуудыг хүргэж байна. Үүнд:

1. “Ашигт малтмалын тухай хууль”-д зааснаар ААН нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахдаа хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэхийг үнэлж тогтоосон байхаас гадна ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл авахын өмнө, болон зөвшөөрөл авсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулж тухайн уурхайн ажиллагааны явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээг тодорхойлон уурхайн ажиллагааг байгаль орчинд хохирол багатай явуулах, агаар мандал болон усны бохирдолт, хүн, амьтан, ургамалд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх цогц арга хэмжээг тусгаж, газрын гадаргуугийн болон гүний усыг хамгаалах, ашиглах, хуримтлуулах, нөхөн сэргээх арга хэмжээ авч ажиллах үүрэгтэй байдаг. 

Гэтэл “Саудгоби коэл транс” ХХК нь үйл ажиллагаагаа эхлүүлэн, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ батлуулахдаа тухайн нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага, ард иргэдэд дээрх байдлаар хуулийн шаардлага хангаж ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлсэн талаар танилцуулан, иргэд нийтийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлүүлэх талаар хуулиар тогтоосон шаардлагыг зөрчиж,  эрх бүхий этгээдүүдтэй хуйвалдан, Гурван тэс сумын “Тост” багийн иргэдийн нийтийн хурлын тэмдэглэл, тогтоолыг хуурамчаар үйлдүүлэн, тэр бүү хэл нас барсан хүнийг уг хуралдаа оролцон үг хэлж, дэмжиж байсан мэтээр хуурамч бичиг баримт үйлдүүлэн, хууль зөрчиж байжээ. Энэ асуудлыг хуулийн байгууллага шалган тогтоосон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хариуцлага хүлээлгэлгүй өнгөрчээ.

2. Тухайн компани ус ашиглах, хэрэглэхдээ тухайн сав газрын экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр тодорхой хугацаанд уурхайн үйл ажиллагаанд ашиглаж болох усны нөөцийн хэмжээг зохих стандарт шаардлагын дагуу судалж, тогтоогоогүй, уурхайн үйл ажиллагааны явцад хөрсний ус ашиглахдаа технологийг горимыг баримтлаагүйгээс хөрсний ус хальж, одоогоор уурхайн нэг ам бүхэлдээ усаар дүүрсэн, энэ асуудлыг ард иргэд, мэргэжлийн байгууллагаас нууж, тухайн хэсэгт гаднын хүн нэвтрүүлэхгүй байна. Энэ бүс нутагт бүрэлдэж байгаа усны урсац нь Хөвд орчмын булаг шанд, баян бүрдүүд цаашлаад Хуршуутын гол, Нарийн сухайт орчмын олон тооны худаг ус булаг шандыг тэжээж байдгийг нутгийн иргэд, мэргэжлийн хүмүүс бүгд хэлж байна. Гэтэл “Саудгоби коэл транс” ХХК-ийн уул уурхайн ашиглалт, тээвэрлэлтийн улмаас дээрх байдлаар хөрсний ус хальж, хальсан ус уурхайд орж, уурхайн үйл ажиллагаанд хэрэглэж байгаа химийн бодис, тэдгээрийн хольц, үлдэгдэлтэй нийлж, усны чанар, найрлагад өөрчлөлт орж, бохирдох үүсч, усны нөөц багасч, булаг шанд ширгэн, усны өгөөж доройтох замаар усны хомстол үүсч, ундны усны чанар, аюулгүй байдал алдагдах бодит аюул бий болжээ.

3. “Саудгоби коэл транс” ХХК нь хайгуул, ашиглалтын үйл ажиллагааны аль ч шатанд тэр тусмаа уурхайгаас нүүрс олборлож, тээвэрлэх үйл ажиллагааны явцад зам дэд бүтцийн асуудлыг хууль журмын дагуу бий болгож, шийдвэрлээгүй өнөөг хүрлээ. Уурхайгаас нүүрс тээвэрлэж,байгаа автомашинууд батлагдсан маршрутаар, тусгайлан тавигдсан стандарт замаар тээвэрлэлт хийдэггүй, өөрсдийн дураар стандарт шаардлага хангаагүй газар олон тооны хүнд даацын автомашинууд байрлуулан, засвар үйлчилгээ хийдэг, Буйлсын ой хэмээх говийн нарийн тогтоц бүхий ногоон бүсийн тэхий дундуур авто зам гаргаж, тээвэрлэлт явуулж байгаа зэргээс болж Тост, Тосон бумбын нуруу төдийгүй Өмнөговь аймгийн 3-4 сумын нутаг дэвсгэрийг хамарсан олон салаа зам үүсч, тоос шороо дэгдэн, газрын хөрс эвдэрч, бэлчээр талхлагдан, хайгуулын өрөм тавьж дээж авах зорилгоор ухсан цооногуудад зэрлэг ан амьтан, мал унаж эндэн, зэрлэг ан амьтан дайжин үгүй болж байна.

Засгийн газрын 2018 оны 379 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам”-д зааснаар “тусгай зориулалтын авто зам, түүний байршил, чиглэлийг тухайн орд газар, уурхайн байршил, тээвэрлэлт, тухайн бүс нутгийн газар зүйн онцлог, ан амьтны тархац, нутагшилт, тэдгээрийн шилжилт хөдөлгөөнд нөлөөлөх байдал зэргийг харгалзан төлөвлөж, тогтоон...заавал хатуу хучилттай хэлбэрээр барьж байгуулах талаар” журамлан тогтоожээ.

“Ашигт малтмалын тухай хууль”-д зааснаар тухайн ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэлдээ тухайн уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх, дэд бүтцийг хэрхэн бүрдүүлэх, үүнд шаардагдах хөрөнгийн талаар тодорхой тусгасан байх ёстой бөгөөд “Авто замын тухай хууль”-д заасанчлан Саудгоби коэл транс” ХХК нь дотоодын буюу уурхайн олборлолт, ашиглалтын талбайн эзэмшлийн нутаг дэвсгэр дэх хэрэгцээнд зориулан барьсан авто зам, мөн уурхайгаас нүүрс, нурмаг ачаа тээвэрлэж байгаа хүнд даацын машин, механизмын тусгай зориулалтын тээврийн үйлчилгээнд зориулсан авто замууд болон замын байгууламжийг барих, шинэчлэхэд шаардагдах хайгуул, геологийн дүгнэлт, геодезийн хэмжилтийн тайлан, байгаль орчны судалгаа, нарийвчилсан зураг, техникийн шаардлага, өртгийн тооцооны нэгдсэн баримт бичиг боловсруулж, норм, норматив, техникийн үзүүлэлт зэргийг стандарт шаардлагын хэмжээнд судалж бүрдүүлээгүй, зам, дэд бүтэц нь шаардлага хангахгүй говийн эмзэг хөрс, орчны экосистемд сөрөг нөлөөлөл үзүүлсээр байна.

-“Саудгоби коэл транс” ХХК-ийн уул уурхайн олборлолт, ашиглалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааны явц дахь авто замын хөдөлгөөний эрчим буюу тухайн авто зам, замын байгууламжаар нэгж хугацаанд зорчиж байгаа авто тээврийн хэрэгслийн тоон үзүүлэлт, голлон ашиглаж байгаа тээврийн хэрэгсэл, машин механизмын төрөл, ангилал,  түүний говийн эмзэг зөөлөн хөрс бүхий газрын гадаргад орчинд үзүүлэх нөлөөллийг судалж, одоо бий болсон сөрөг нөлөөллийг нарийвчлан тогтоох зүй ёсны шаардлага бий болсон нь газар дээр нь очиж танилцсан хэн бүхэнд ойлгогдохоор байна.

Иймд дээрх ААН-ийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хүн ам, нийгэм, эдийн засаг, байгаль экологид учруулсан хохирлыг бодитойгоор судлан тогтоох, арилгуулах хүртэл мэргэжлийн хяналтын байгууллагаас уурхайн үйл ажиллагааг өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд зогсоох арга хэмжээ авч ажиллахыг шаардаж байна.

Бидний хувьд тэмцлээ зогсоохгүй, харин ч идэвхжүүлэн Тост, Тосон Бумбын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг, эсхүл хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хориглох тухай шийдвэрийг эрх бүхий байгууллагаар гаргуулах,  “Саудгоби коэл транс” ХХК-ийн уул уурхайн олборлолт, ашиглалтын, тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас хүн, мал, амьтан байгаль экологид учруулсан хохирол, хор уршгийг бодитойгоор тогтоолгон, үнэлгээ хийлгэж, хохирлыг арилгуулах, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл ажиллах болно. Та бүхнийг өргөсөн тангараг, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

ӨМНӨГОВИЙН ОЮУНЫ ХӨГЖЛИЙН САН ТББ

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nart(112.72.11.107) 2019 оны 05 сарын 31

Choijilsureng hooj zailuul

0  |  0
zochin(66.181.189.124) 2019 оны 05 сарын 31

heeriin muzei

0  |  0
зочин(202.9.43.129) 2019 оны 05 сарын 30

huldagdsan setguul zui. ard tumnii itgel unemshliig hevlel medeelliin salbaraar ugaaj baidag setguulzuin salbariin terguun n iim bhiimyy tee

0  |  0
Батмөнх(202.21.105.115) 2019 оны 05 сарын 30

Чойжилсүрэн чиний шунал хэрээс хэтэрч байна. даварсан новш вэ чи

2  |  0
Ard(112.72.11.123) 2019 оны 05 сарын 30

Zgr zailtsgaa!!! Amaaraa yarihaas tsaashguI omnogovichuud!!!! Tanai zasag darga chin bas ter company iin ail bayangiin uurhain ajiltan bsan shde!!!!

2  |  0
Top