“Математикийн хичээлээ олон цаг ороосой гэж боддог”

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 30

-Ээж, аав маань одоохондоо шатраа л сайн тогло гэдэг. Мэргэжлээ хараахан сонгож амжаагүй байгаа-

Сургуулийн завсарлагааны хонх цангинаж, охид хөвгүүд хонгилоор гүйлдэнэ. Эрх хонгор инээмсэглэл тодруулан эргэлдэн “нисэх” тэдний дунд ирээдүйн гавъяат,  эмч, дарга, эрх зүйч, ерөнхийлөгч хэн нь ч байхыг үгүйсгэхгүй. Тэгвэл яг одоо Дэлхийн аваргатай сургуулийн дээвэр дор алхаж явна. Өнгөрөгч сард Турк улсын Анталяа хотод болсон Дэлхийн сурагчдын шатарын аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байрын эзэн Х.Баясгалан охин 40 дүгээр сургуулийн 6А ангид сурдаг. Тэрбээр 2015 онд Баянгол дүүргийн Спортын тавдугаар их наадмын Шатарын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн цагаасаа эхлээд улс, дүүргийн олон арван тэмцээнд удаа дараа амжилттай оролцож иржээ. 2017 онд Монголд Улсад зохиогдсон Зүүн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд 10 насны охидын ангилалд гутгаар байр эзэлж, Дэлхийн Олон Улсын Шатрын холбооны эмэгтэйчүүдийн дэд мастер цол хүртэн, амжилтаа бататгасан байсан бол энэ жил Дэлхийн шатрын холбооны эмэгтэй мастерын цолоор болзлоо хангасан байна. 12-хон насандаа баймгүй ухаалаг харцтай, төлөв яриатай охины яриаг Хүүхдийн баярт зориулан хүргэж байна.

"Хүүхдийн биеийн хөгжилд зориулсан спортын талбай олныг бариасай, зоо парктай болоосой, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тоглоомын талбай босгоосой гэж хүсдэг"

-Аав маань анх шатар заасан. Долоон наснаасаа эхлээд “Босоо ноён” шатрын клубт хичээллэж эхэлсэн. Клубын багш маань Олон Улсын мастер Э.Энхнаран гэдэг.

-Анх ямар тэмцээнд оролцож байсан бэ?

-Анх хоёрдугаар ангидаа “Миний шатар” гээд тэмцээнд орж байсан. Дараа нь Баянгол дүүрэгтээ аварга болж, дүүргийн нийт гурван удаагийн аварга болсон.

-Уржнан жил Гүрж, Бразил улсад Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирсэн. Энэ жилийн дөрөвдүгээр сард Турк улсад болсон өсвөрийн шатарчдын тэмцээнд түрүүллээ. Хамгийн хүчтэй өрсөлдөгч нь хэн байсан бэ?

-Гүрж улсын тэмцээнд 13-т, Бразил улсад тавт орсон. Энэ жилийн хувьд Узбекстаны Оманова гэдэг 13 настай охин хүчтэй өрсөлдөгч байсан. 40-өөд орны 396 өсвөрийн шатарчид 12 ангилалд өрсөлдсөн. Тэмцээн 17-27 хүртэл 10 хоног үргэлжилсэн болохоор аав маань дэргэд байж, сайн тоглоорой гэж эрч хүч өгч байсан.  Монгол Улсаас нийт 23 хүүхэд оролцсоноос гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медальтай ирсэн.

-Чамаас гадна хэн хэн гэдэг хүүхдүүд алтан медаль авсан бэ?

-11 хүртэлх насанд Э. Энхрий, 12-13 насанд би, 14-17 хүртэлх насанд О.Өлзийхишигжаргал гэж хүүхэд алт авсан.

-Турк улсад  10 өдөр байхдаа гадуур зугаалж, гоё газар үзсэн үү?

-Тэмцээн өдөр 15 цагаас эхлээд хамгийн ихдээ зургаан цаг тоглодог. Үдээс өмнө бэлтгэлээ хийдэг болохоор цаг зав багатай байсан. Багахан цаг гарангуут  амьтны зоопарк үзэж, байрлаж байгаа буудлынхаа эргэн тойрноор аялсан.

-Алтан медаль аваад ирэхэд нь хүмүүс яаж хүлээж авсан бэ?

-Гэртээ ирэхэд ээж баяр хүргээд үнссэн. Ангийнхан алга ташин угтаж, цэцэг, чихмэл баавгай өгсөн нь хамгийн гоё санагдсан.

-Цаашид ямар зорилго мөрөөдөлтэй байдаг вэ?

-Энэтхэгийн Их мастер Вишванатан Ананд, Норвеги улсын их мастер Магнус Ээн Карлсен нар шиг их мастер болохыг хүсдэг. Тэд залуудаа довтлогч байж байгаад олон талт тоглогч болсон

-Чиний өрөлдөгчөө буулгаж авдаг тоглолтын тактик юу вэ?

-Довтлох тактикаар өрсөлдөгчөө айлгадаг.

-Одоо ямар улсын тэмцээнд очих төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Ирэх жил Хойд Америкт болох сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орно гэж бодож байна. Бүх зардлыг нь цаанаасаа даана гэсэн. Наймдугаар сард Хятад улсын Шанхай хотод болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явна. Байр, хоолыг нь бас цаанаасаа даана гэсэн.

-Гадаад улс руу явахад санхүүгийн хувьд улсаас тусалж дэмжсэн үү?

-Нэг тэмцээнд 20 гаруй хүүхэд явдаг болохоор бүх зардлаа өөрсдөө гаргадаг. Турк руу явахад аав маань10 гаруй сая төгрөг гаргасан гэсэн.

-Улсынхаа нэрийг гаргаад ирэхэд нь хамгийн мартагдашгүй сайхан үгийг хэн хэлсэн бэ?

-Э.Энхнаран багш маань “Чиний амжил­тын 10 хувь нь л багшийнх нь хөдөлмөр, бусад нь чиний хичээл зүтгэл шүү” гэж хэлсэн. Ангийн багш маань ангиараа баярлан угтаж, урам хайрласан.

-Ерөнхийлөгч хүлээж авч уулзсан гэсэн?

-Баяр хүргээд, зураг авахуулсан. Ундаа, чихэр өгсөн.

-Шатрын спортоор хичээллэх, тэмцээн уралдаанд  явахын зэрэгцээ хичээл номоо хэр амжуулж байна даа?

-Бага зэрэг хоцрогдолтой явдаг ч ангийн­хан маань тусалдаг болохоор хичээлээ дорхноо гүйцчихдэг.

-Ямар хичээлдээ илүү сайн бэ? Ер нь том болоод ямар мэргэжилтэй хүн болно гэж боддог вэ?

-Физикийн хичээлдээ сайн. Ээж, аав маань одоохондоо шатраа л сайн тогло гэдэг. Мэргэжлээ хараахан сонгож амжаагүй байна.

-Ямар хичээлийг илүү олон цаг ороо­сой, тэр нь хүүхдийн амьдралд хэрэгтэй гэж боддог вэ?

-Англи, орос хэл, математикийн хичээлээ олон цаг ороосой гэж боддог

-Айлын хэд дэх хүүхэд вэ?

-Том хүүхэд.  Хоёр дүүтэй.

-Хүүхдийн баяр хоёрхон хоногийн дараа болох гэж байна. Энэ баярын өдрөө хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Гэр бүлээрээ эмээ, өвөөгийндөө очдог. Бас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ордог. Харин Хүүхдийн парк орохоор дараалал ихтэй болохоор тоглож чаддаггүй. Алсыг харагч, галзуу хулгана, эргэдэг пуужин гээд тоглоомууд нь аймар санагдаад байдаг учир тоглодоггүй. Би өөрөө өндрөөс айдаг л даа /инээв/.

-Томчуудыг хүүхдэд зориулсан ямар ямар үйлс бүтээгээсэй гэж боддог вэ?

-Хүүхдийн биеийн хөгжилд зориулсан спортын талбай олныг бариасай, зоо парктай болоосой, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тоглоомын талбай босгоосой гэж хүсдэг.

-Хүүхдийн нүдээр нийгмийн ямар асуудалд эмзэглэдэг вэ?

-Өвөл гэрийнхээ гадаа цэвэр агаараар амьсгалж, цасаар тоглож, мөсөн дээр гулгамаар санагддаг. Даанч утаанаас болоод хоёр дүү маань ханиад хүрээд, бид гадаа гарч тоглож чаддаггүй.

-Хоёулаа яриагаа шатар тоглохын сайхан нь юу байдаг, шатар тоглож байхад юу бодогддог талаараа хэлээд өндөрлөе?

-Шатар тоглохын сайхан нь оюуны спорт учраас аливаа юмыг тал талаас нь бодуулж сургадаг. Шатар тоглож байхдаа хожно доо л гэж боддог.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top