Бохир мөнгөний суваг болохгүйн тулд төр, хувийн хэвшил хамт алхах ёстой

2019 оны 06 сарын 19

                                                                                           -ФАТФ аравдугаар сарын 19-ний өдөр бидэнд дүн тавина-

Дэлхийн  улс орнуудыг сүлжсэн бохир мөнгөний хэмжээ 80 их наяд ам.доллароор хэмжигдэнэ гэсэн тооцоолол бийг Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа удирдлагын газрын дарга Б.Батзориг хэлж байсан. Манай улсын хувьд эдийн засгийн багтаамжаар жижиг ч олон улсын байгууллагуудын зүгээс биднийг бохир мөнгөний нэг суваг болох эрсдэлтэйд тооцож, харж байгаа билээ. Түүнчлэн  Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын саарал жагсаалтын гадаа үлдэхийн тулд төр, хувийн хэвшил хүчээ нэгтгэн урагшлах ёстой болоод байгаа. Тэгвэл өчигдөр болсон “Санхүүгийн салбарын комплаенс хэлэлцүүлэг 2019” яг энэ асуудлыг хөндлөө. Саарал жагсаалтад хашигдахгүй, эдийн засгийн эрх чөлөөгөө авч үлдэхийн тулд санхүүгийн салбарын бүхий л нэгжүүд нэг зүгт харж алхах хэрэгтэй байгааг мэргэжилтнүүд хэллээ. Тодотгоход, комплаенс бол санхүүгийн байгууллагын засаглал, дотоод хяналт, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зах зээлд төлөвшүүлэхэд ихээхэн нөлөөтэй. Үүний дотор мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, зогсоох тогтолцоог үр дүнтэй бүрдүүлэхэд чухал шаардлагатай үйл явц  юм. Санхүүгийн салбарын аж ахуй нэгжүүд комплаенсыг нэвтрүүлээгүй, аль эсвэл холбогдох ажилтан томилоогүйгээс шалтгаалан байгууллагын төдийгүй зах зээлийн нэр хүндийг унагах эрсдэл дагаж байдаг аж. Гол нь энэ бүхэн нь зөвхөн тухайн байгууллагын үйл ажиллагааг доголдуулаад зогсохгүй санхүүгийн системийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэх, олон талын уршигтай асуудал учраас зайлшгүй анхаарах ёстой чухал сэдэв гэдгийг судлаачид хэлж байгаа юм.

Бид өдгөө ФАТФ-ын саарал жагсаалтыг тойрч гарахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авч буй нь зөвхөн өнөөдрийг харсан үйл явц биш. Санхүүгийн салбараар түшиц хийн манайд нутагшихаар оролдож байгаа хийгээд оролдож болзошгүй бохир мөнгөний урсгалыг хилийн цаана үлдээхэд чиглэсэн тун чухал асуудал гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй болов уу. Манайх шиг багтаамж жижигтэй тэр хэрээр дархлаагүй эдийн засагтай улс бохир мөнгөний хэт хамааралд нэгэнтээ автаад, нөлөөлөл нь газар авчихвал ирээдүйд ямар үр дагавар гарахыг төсөөлөхөд тун хэцүү билээ. Тиймээс олон улсын байгууллагууд манайд эрсдэл байна гэдгийг олж хараад, анхааруулаад, сануулаад, болохгүй бол арга хэмжээ авна гээд байгаа энэ үед л бид дотооддоо ойлголцолтой байх ёстой л доо.

Бодит нөхцөл байдлыг харахад саарал жагсаалтад орохгүйн тулд санхүүгийн байгууллагууд  аливаа сэжигтэй гүйлгээ сэлтийг мэдээлэх үүргийг албан ёсоор хүлээсэн этгээдийн хувьд дотоод хяналтаа сайжруулж, ёс зүйг өмнөө барьж ажиллах шаардлага байна. Үүнд санхүүгийн байгууллагын ажилтан нэг бүрийн үүрэг чухал. Тэгвэл нэгжээс ерөнхий рүү гэдэгчлэн төрийн зүгээс нэн тэргүүнд хийх ёстой ажлууд ч байна. Тухайлбал,  Засгийн газраас “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, терроризмтой тэмцэх тухай” хуульд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой нэмэлт өөрчлөлтийг тусган УИХ-д өргөн барьж,  батлуулах шаардлагатай байна.

Сануулахад:  Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны анхны үнэлгээг 2007 онд зохион байгуулж байсан бол хоёр дахь удаагийн үнэлгээг 2016-2017 онд хийсэн юм. Харин бид тэдний шалгуурын өмнө бүдэрсэн билээ. Гэхдээ бид шийдвэртэй алхам хийж урагшлах ёстой.  Тиймээс техникийн хэрэгжилтийн хангалтгүй үнэлгээ авсан 20 үзүүлэлтийг ахиулах хүсэлтээ Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх байгууллагад гаргаж, 2019 оны нэгдүгээр сарын 31-нд шууд хэрэгжилт болон техникийн үзүүлэлтийн биелэлтийн тайланг дагалдах мэдээ материалын хамт хүргүүлээд байгаа юм.


Төв банкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуунаас үнэлгээ гарах процессын талаар тодруулахад:

-АНДББ-аас 2019 оны  тавдугаар сарын 24-ний өдөр тайлангийн төслийг гишүүн улс болон ажиглагч олон улсын байгууллагад санал авахаар түгээсэн. Энэхүү тайлангийн агуулгын талаар ямар нэгэн асуудал гарахгүй бол  ирэх наймдугаар сард АНДББ-ын Засаглалын хороо болон Жилийн хурлаар хэлэлцэж эцэслэн батална. Батлагдсан тайланг ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны үнэлгээний бүлэг болон АНДББ-ын Хамтарсан уулзалтаар  ирэх  есдүгээр сард хэлэлцүүлнэ. Мөн Монгол Улсын холбогдох төлөөлөл энэхүү хамтарсан уулзалтад оролцож, Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх чиглэлээр хийгдсэн ажлаа тайлагнана. Эцсийн шийдвэрийг хурлын төлөөлөгчид боловсруулж ФАТФ-т хүргүүлнэ.  Хурлаас гарсан шийдвэрт үндэслэн ФАТФ-аас Монгол Улсын Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тогтолцооны талаарх мэдэгдлийг энэ оны аравдугаар сарын 19-ний ФАТФ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж баталгаажуулахаар хүлээгдэж байна” гэлээ.


Хэлэлцүүлэгт оролцсон Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кейнигээс манай улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны талаарх сэтгэгдлийг нь тодруулахад:

- Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй  холбоотойгоор комплаенс буюу техникийн асуудал гарч ирж буйг хэлэх хэрэгтэй байх. Монгол Улсын хувьд жаахан ахиц үзүүлж эхэлж байна. Олон улсын байгууллагуудын зүгээс Монгол Улсад энэ чиглэлээр буюу холбогдох хуулийг  шинэчлэн боловсруулж, батлуулахад техникийн туслалцаа үзүүлж байна. Мөн холбогдох зохицуулагч байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ ажил өнгөрсөн жилээс нэлээд эрчимжсэн гэж ойлгож байгаа. Ёс зүйн асуудлын хувьд санхүүгийн байгууллагуудтай, ажилтнуудын мэдлэг, мэдээлэл, зан байдалтай холбоотой асуудал учраас дунд болон урт хугацаанд илүү хүчин чармайлт гаргаж ажиллах ёстой юм.  Аливаа байгууллага дахь ажилтнууд ёс зүйтэй байх ёстой гэдэг мэдээлэлтэй байх нэг хэрэг. Тэрийгээ үйлдлээрээ хэрэгжүүлдэг байх ёстой. Азийн сангийн хувьд засаглал талдаа ажилладаг байгууллага гэдэг утгаараа ёс зүй, засаглалтай холбоотой асуудал дээр түлхүү анхаарч байгаа.

-Монгол Улсын хувьд ахиц гарсан гэдэг дээр та тодруулж хэлээч?

- Монголбанкны зүгээс арилжааны банкуудын активын чанарын үнэлгээтэй холбоотойгоор, арга хэмжээ авч, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, хэрэгжүүлж байгааг харж байна. Шаардлага хангахгүй банкинд хариуцлага тооцож, тодорхой арга хэмжээг авсан. Энэ нь хууль, дүрэм журмаа мөрдөж байна гэсэн үг. ОУВС-гийн тайланд Монгол Улсын хувьд банкны салбарт хууль, дүрэм журам  сахиулах тал дээр анхаарал тавьж байна, тууштай ажиллаж байна гэж дурдсан байсныг уншсан. Мөн СЗХ-ны зүгээс системийн хувьд өөрчлөлт хийхээр ажиллаж байгааг харж байна. Өөрийн зохицуулалт бүхий байгууллага дээр үнэлгээ хийж, үр дүнд  нь үндэслээд дүрэм, журам бодлогууддаа өөрчлөлт оруулж байгаа гэж  ойлгож байна. Миний хувьд ахиц гаргасан гэж хэлээд байгаа нь дөрөв таван жилийн өмнөх нөхцөл байдалтай харьцуулахад хамаагүй ондоо чиглэл рүү явж байгаа гэдэг утгаар хэлж буй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top