Технологид суурилсан хөгжлийн хурд улам бүр хүчээ авч буй энэ зуунд бид зөвхөн уул уурхай ярьсаар байх уу. Зэс, алт, нүүрс гэсэн цөөн хэдэн ашигт малтмалыг дагаж орж ирэх ам.долларыг л тоолж суух уу, ер нь энэ хараат байдлаас хэрхэн ангижрах вэ гэдэг асуулт биднээс хариулт нэхэж буй. Тэгвэл энгийн үгээр хэлэхэд бид олон эх үүсвэрээс мөнгө олдог болохын тулд инновац шингээсэн, нэвтрүүлсэн бараа, үйлчилгээний тоо ширхгийг төр, хувийн хэвшлийн хамтын хүчээр өсгөж, нэмэгдүүлэх ёстой юм. Инновац гэдэг бол шинээр сэдэх, санаачлах тухай ойлголт бөгөөд хөгжингүй орнуудын хувьд энэ чиглэлд ихээхэн хөрөнгө мөнгө зарцуулж тэр хэрээрээ ашиг орлого олж байгаа жишээ олон. Бусдаас өрсөж зах зээлийг дайлаар мордох гэсэн компаниудын өрсөлдөөн инновац нийлүүлэгч компаниудыг ч төрүүлж, Америкийн “Силикон Вэйл” компани гэхэд таван мянган ажилтантай байна. Энэ бол дэлхийн улс орнуудад, бизнест инновац ямар чухал, хэрэгцээтэй болохыг илтгэх нэг л тоо. Тэгвэл манай улсын хувьд төр хийгээд хувийн хэвшил инновац гэдэг ойлголтыг, хандлагыг, үйл ажиллагааг нутагшуулах чиглэлд хэрхэн ажиллаж байгаа вэ гэдэг асуудал бий.
Өчигдөр “Инновац ба хөрөнгө оруулалт” форум зохион байгуулагдаж, инновацийн төсөл, бүтээгдэхүүнийг хэрхэн дэмжих талаар төр, хувийн хэвшлийнхэн чуулж, хэлэлцлээ. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар Монгол Улсын Хөгжлийн банкнаас уг форумыг зохион байгуулав.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар форумыг нээж хэлсэн үгэндээ “Дэлхийн эдийн засгийн форумаас 2017 онд гаргасан “Дэлхий дахины хүний капиталын талаарх тайлан”-д оюуны чадавхи буюу онцгой чадамжтай хүний нөөцөөрөө Монгол Улс дэлхийд 11 дүгээрт эрэмбэлэгдэж, харин “ноу хау” буюу экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүнд мэдлэг шингээсэн байдал нь дэлхийн 130 орноос 111 дүгээрт оржээ. Энэ үзүүлэлт монгол хүмүүс хэдийгээр оюуны өндөр чадавхитай боловч түүнийгээ ашиглан мэдлэг, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар дэлхийгээс хоцрогдож явааг харуулж байна. Тиймээс өнөөдөр хөндөж буй асуудал инновацийг түгээн дэлгэрүүлэхэд түлхэц болох төдийгүй шинжлэх ухаанд суурилсан бүтээн байгуулалтад эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн бүтээлч залуусыг татан оролцуулах боломжийг нээсэн алхам болоосой гэж хүсэж байна” гэсэн юм. Мөн тэрбээр “Дэлхий нийтэд инновацийг ашигласан тийрэлтэт өөрчлөлт бүх салбарт гарч байхад бид уламжлалт сэтгэлгээгээрээ аливаа зүйлд хандаад суух боломжгүй болжээ. Хүн бүр, байгууллага бүр, салбарт бүрт мэдлэг, оюун шингээсэн шинэ сэтгэлгээг нэвтрүүлээсэй гэж хүсэж байна. Наад зах нь бид хөдөө аж ахуй, мал аж ахуйн түүхий эдээ ашиглаад дэлхийд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байна. Одоо манайхан малын өлөн гэдэснээс мэс заслын утас, хог дээр хаяж байгаа малын арьс, ширнээс чанартай коллеган гаргаж чадаж байна. Гагцхүү энэ бүхнийгээ олон улсын зах зээлд хүргэж чадвал бид үсрэнгүй хөгжих боломжтой. УИХ-аар Инновацийн тухай хуулийн шинэчилэн найруулга, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хуулийн тухай төслийг хэлэлцэж эхэлсэн. Мэдлэг, оюун шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд, хийж бүтээхэд ийм хууль эрх зүйн орчин хэрэгтэй байна гээд иргэд, байгууллагууд санаачилгатай ажиллаасай. Ямар эрх зүйн орчин хэрэгтэй байна, түүнийг бий болгохын төлөө хууль тогтоох байгууллага ажиллана” гэсэн юм.
Форумд оролцсон “Кисве Мобайл” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Жон Ким инновац шингээсэн бүтээгдэхүүний үзэсгэлэнг үзсэнийхээ дараа “Олон сайхан бүтээгдэхүүн байна. Энэ бүтээгдэхүүнүүдийг зөвхөн Монгол Улсдаа биш глобаль зах зээлд гаргах хэрэгтэй. Ингэхийн тулд бүтээгдэхүүнээ анхнаас нь хөгжүүлэхдээ олон улсын зах зээлд гаргана гэдгээ заавал төлөвлөх шаардлагатай” гэж байсан.
“Технологийн шинэ эрин ба Хөгжлийн бодлого” сэдвээр илтгэл тавьсан профессор Г.Зориг хэлэхдээ “Дэлхий хиймэл оюун ухаан, 5G технологи гэхчлэн асар хурдтай урагшилж байхад бид хаана явна вэ. Суурь технологийн талаарх төрийн бодлого хэзээ гарах юм бэ? Бид ухрах уу, урагшлах уу. Инновацийн тухай ойлголтоо хэзээ өөрчлөх вэ. Инновац гэдэг бол эрдэм шинжилгээний өгүүлэл, патент хамгаалалт биш ээ. Бид Монголдоо л өрсөлдөнө гээд байна. Инновац гэдэг чинь дэлхийд л гарах тухай шүү дээ. Дэлхий рүү гарах гэж зүтгэж, сэтгэлгээгээ өөрчлөн урагшлах хэрэгтэй” гэж байв.
Тэгвэл ЗГХЭГ-ын даргын энтрепренершип болон инновац хариуцсан зөвлөх Г.Батхуягаас энэ талаар байр суурийг нь тодруулахад:
-Бид заавал дэлхийд байхгүй шинэ юм хийх гээд байх албагүй. Монголд байхгүй юм хийхэд Монголдоо инновац болчихно гэсэн үг. Яагаад ингэж хэлж байгаа вэ гэхээр дэлхийд байхгүй юм хийнэ гэхээр бидэнд хэцүү. Шинжлэх ухаан технологийн хөгжил, хөрөнгө санхүү ямар байгаа билээ. Хятад улс гэхэд хэдэн тэрбумаар нь хөрөнгө оруулалт хийж байна. Бидний хувьд дэлхийд гарах өрсөлдөөнд ороход бол хэцүү. Одоогийн нөхцөлд өөрсдийн чадах салбарууддаа инновац нэвтрүүлэхэд анхаарах хэрэгтэй байх. Төр бол инновацийн эко системийг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй.
-Бидний хувьд одоогийн нөхцөлд инновац шингээсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой тэргүүлэх чиглэлийг та хэрхэн харж байна вэ?
-Манай IT салбарынхан шинэлэг зүйлс их гаргаж байна. Зарим нь дэлхийд байхгүй ч янз бүрийн юм хийж байна. Лэндмн гэхэд Филиппин рүү гарах гэж байна гэдэг ч юм уу, ахиц дэвшил харагдаж байна. Ер нь бол тэргүүлэх аль аль чиглэлдээ эхэлж анхаарах вэ гэсэн төрийн бодлого одоогоор байхгүй байна. Тайланд улсын загварыг харахад өөрсдийнхөө мөнгө олдог салбаруудын инновацийг дэмжиж байна. Аялал жуулчлал, тэрдундаа эрүүл мэндийн аялал жуулчлал өндөр тул үүндээ чиглэсэн инновацдаа анхаарч байх жишээтэй. Тэгэхээр манай тухайд уул уурхай, мал аж ахуй гэсэн мөнгө олдог салбарууддаа инновац нэвтрүүлэхэд анхаарах хэрэгтэй байж болно.
* * *
Хэдийгээр инновац гэдэг нь шинэ санаа шинэ агуулга бүхий бараа үйлчилгээг хэлээд байгаа ч зах зээлийн судалгаа маш чухал гэдгийг оролцогчид хэлж байлаа. “Ди Би Эм ассет менежмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Цэрэндаш хэлэхдээ “Шинэ бүтээгдэхүүн гаргаж байгаа эрдэм шинжилгээний ажилтнууд маань зөвхөн бүтээгдэхүүн дээрээ анхаараад байдаг. Бүтээгдэхүүнд орж байгаа түүхий эдийг яаж бүрдүүлэх вэ. Ложистик нь яаж шийдэгдэх вэ. Бүтээгдэхүүнээ гаргаад ирчихлээ гэхэд хаашаа борлуулах вэ, бусад бүтээгдэхүүнтэй хэрхэн өрсөлдөх вэ гэдэг асуудал орхигдсон байдаг юм шиг анзаарагдсан. Мэдээж санхүүжүүлэгч байгууллага зөвхөн бүтээгдэхүүнийг харахаас гадна сая миний хэлсэн зүйлсийг харж байж санхүүжилт олгоно” гэсэн юм.
Инновац шингэсэн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд санхүүжилт гол. Энэ чиглэлд санхүүжилтийн механизмыг бий болгох асуудлыг төр дэмжиж бодлогоор бий болгох ёстой. Энэ хүрээнд Хөгжлийн банк хөрөнгө оруулалтын сангуудыг бий болгохоор ажиллаж буйгаа мэдэгдэж байгаа юм. “Ди Би Эм ассет менежмент” ХХК хөрөнгө оруулалтын санг байгуулж, бизнесүүдийг дэмжихээр ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )