#BOOKTELLER: Бороотой шүлгүүд

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 19

Бороо орж байна. Цаг агаар харвал энэ бороо хэд хоног үргэлжилж орох төлөвтэй байгаа аж. Бороотой өдөр та юу хийдэг вэ? Усны гутал, цуваа өмсөөд гадуур алхмаар санагддаг уу? Аль эсвэл яг одоо танд хав халуун кофе хэрэгтэй байж магадгүй юм. Амьдралынхаа бороотой нэгэн өдрийн хавчуурга болгож дараах шүлгүүдийг санал болгоё. 


"Яаж ийм шүлэг биччихээд хүмүүст уншуулж чаддаг байна аа. Ичмээр юм! Ядаж байхад тэдэнтэйгээ нийлэхээр дандаа согтотлоо ууна. Балиар юм! Ууж ирчихээд хүн шиг ч унтчихаж чадахгүй. Уйлна... Яах гэж ер нь яруу найрагч болох гэдэг байна аа? Ямар нэг юм хэлээч ээ чи..."

/Яруу найрагч Б.Батзаяа, Лонхонд байсан шүлгүүд номоос/


БОРООТОЙ ӨГЛӨӨ

/бороо гэдэг өнгөрснөө мартаж чадаагүй тэнгэрийн гунигт үг.../

 

Бодлогоширсон цонх нүд шиг нулимсарна.

Бороо яахав дээ. Нөгөө л бороо шүү дээ.

Босьё доо...

Хөнжилдөө гал ноцтол

бодлоо гээд, дэргэд чи ирэх биш.

 

Навчсан шүхэртэй наадаад байх шиг хэрнээ

Намрын бороо цаанаа л нэг уйтай.

Намайг сэрээсэн дээвэр төмрийн нижигнээ

Намсан намссаар дасал болчих нь гунигтай.

 

Болиосой доо гэмээр уйлагнанхан зүсэрч

Бодлоор болдоггүй бороо цонхонд нулимсарна.

Сарнайд өргөс ургаагүй бидэн хоёрын зун

Сайхан зүүд л болохоос, ямар дуртатгал биш.

Босьё доо...

Яруу найрагч Г. Аюурзана

***

Хотын дээрх тэнгэрийг хэн ингэтлээ гомдоочихоод

Хорин хоног тасралтгүй бороогоор уйлдаг байна аа

Гуниж дуслуулсан нулимсыг нь алгандаа тосч хөнтөрчихөөд

Гурван хоног би чинь согтуу юм шиг л алхаллаа

 

Үнэ хямдтай гоёлын шаахай бидний гунигийг даасангүй

Үүл болоод солонгын тухай үглэж дуулаад ч сонссонгүй

Норсон гэзэг, гандмал шүхэр, чихарсан нойтон савлуур л

Ноднин жилийн тэнэгхэн дурлалын тунгалаг шаналлыг сэдрээнэ дээ

 

Үргэлжийн бүүдгэр бүхэнд ингэтлээн адгаж дасчихаад

Үүр цайхад нар мандчихсан байвал үхмээр л санагдах байх даа

 

Яруу найрагч Б.Баясгалан

***

Хайрлахгүй бас үзэн ядахгүй

Халуун харцанд автахгүй...

Ордог л нэг бороо, нордог л нэг бороо

Одоо юунд ч догдлохгүй

 

“Ягаан шилээр харж байсан амьдрал”-ынхаа

Яг дунд нь сэрчихээд чангаар инээхэд

Үс минь урьдынхаасаа ч зөөлөн намирч эхлэв

Үнэндээ би одоо л амьдарч сурч байна.

Яруу найрагч Л.Өлзийтөгс

 

*** 

Хөрж байна, сэтгэл минь! Хөндий байна, Хүмүүсээс...

Хөх өвсөнд ойртож, тэнгэрт шадарлан суумаар байна

Болох, болохгүй юмсыг мөнх аглагт магтмаар байна

Борооны дараа татсан тэр солонго руу гүймээр байна

 

Сэтгэлээ аваад эндээс эргэж харалгүй явмаар байна

Биеэ тэнд нь орхиод оддын дайд руу нүүмээр байна

Анх үнссэн бүсгүйн уруулын амтыг зүүдэлмээр байна

Алтан, мөнгөн жүнзийг сул харшуулж тулгамаар байна

 

Хүйтэн сэтгэлээс нэрсэн өнгөлөг дарсанд согтмоор байна

Нойтон уруулын завсар шүлэг хавчуулж шивнэмээр байна

Шивнэж байгаа шүлгийнхээ төгсгөл шад нь болмоор байна

Шингэх нарны туяа шиг тэнгэрийн хаяанд л баймаар байна

 

Яруу найрагч М.Уянсүх

 

***

Чамтай л харсан цас

 Жинхэнэ цас байсан

Жигүүртэй цас байсан

Түүнээс хойш

Тийм цас ороогүй

Ороогүй гэж бодсон

Ой дурдатгалын минь тойрон

 Одоо ч цас орсоор л байна.

 

Чамтай л норсон бороо

Жинхэнэ бороо байсан

Жигүүртэй бороо байсан

 Түүнээс хойш

Тийм бороо ороогүй

 Ороогүй гэж бодсон

Ой дурдатгалын минь тойрон

 Одоо ч бороо орсоор л байна...

Яруу найрагч Ц.Доржсэмбэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top