О.Дөлгөөн нүдээ нээж, амьсгалын аппаратаа салгуулжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 02

Монголын оюутны сагсан бөмбөгийн лигийн тамирчин О.Дөлгөөн АНУ-ын Калифорни мужийн их сургуулийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Түүний элэгний үйл ажиллагаа доголдон, бөөр нь ажиллагаагүй болж, улмаар комын байдалтай байгааг бид өмнө нь дурдаж байсан.

Харин түүний биеийн байдал сайжирч нүдээ нээн, амьсгалын аппаратаа салгуулсан байна. Энэ тухай түүний найз охин О.Билгүүнзаяа "Та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдөр гэдэг өдөр өнгөрч өгөхгүй зовлонд бүдчиж, маргааш гэдэг өдөр байгаа болов уу гэх бодолтой, цагаар биш минут секундээр хэмжигдсэн айдастай хүндхэн өдрүүдийн ард өнөөдөр нүдээ нээж, амьсгалын аппаратаа салгуулсан баяртай мэдээтэй өглөөг угтлаа. Хэдийгээр ухаан санаа нь хэвийн биш, 24 цагаар бөөрний диализын аппаратаар бөөр орлуулсан, элэгний үйл ажиллагаагүй, дахин амьсгалын аппарат залгаж магадгүй маш хүнд байдалтай байгаа ч өнөөдөр болсон энэ өөрчлөлтүүд та бүхний хайр шингээсэн бодлын хүчээр бий болсон юм шүү. Үрс бүхэн эрүүл байх болтугай, та бүхэндээ маш их баярлалаа баярлалаа баярлалаа" хэмээсэн байна. 

Түүнд зориулсан хандивын аян үргэлжилж байна. Маргааш түүнд зориулсан шилдэг дөрвөн сагсан бөмбөгийн багийн тоглолт болно. Мөн түүний хандивт нэмэр болохыг хүсвэл "Мөрөөдөл өөд" нэртэй сагсан бөмбөгийн тухай өгүүлэх кинонд дүр бүтээж болох ажээ. Тус киноны олны хэсгийг өнөөдөр 11:00, 15:00 цагуудад Онцгой байдлын ерөнхий газрын Аврагч спорт зааланд авах бөгөөд 150 хүн цугларвал ойролцоогоор 3.000.000 орчим төгрөг О.Дөлгөөнд хандив болон очих гэнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top