"Хүй долоо, Төв цэнгэлдэхэд 16 мянган машины зогсоолыг бэлэн болгосон"

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 07 сарын 09

Үндэсний их баяр наадам болоход хоёрхон хоног үлдлээ. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газар болон Тээврийн цагдаагийн албанаас өчигдөр Үндэсний их баяр наадмын хэв журмын хамгаалалт, замын хөдөлгөөний зохицуулалтын талаарх мэдээллийг өглөө. Хэвлэлийн бага хуралд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү, Тээврийн цагдаагийн албаны  Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Э.Бөхбат, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг нар оролцлоо.


Харин Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Э.Бөхбат дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Үндэсний баяр наадмын үеэр авто машинд долоон төрлийн зөвшөөрөл олгоно. Төв цэнгэлдэх орчимд 2500 тээврийн хэрэгслийн зогсоол бэлэн болсон. Хүй долоон худагт 7500, нөөцөд 6000 орчим тээврийн хэрэгслийн зогсоол бэлэн болголоо. Иргэд зөвшөөрлийн ард байгаа явах маршрутыг анхаарах хэрэгтэй. Уулзварууд дээр цагдаагийн алба хаагчид ялгалт хийж байдаг. Заалт тэмдгүүдийг байршуулсан. Уулзварууд дээрх мэдээллийн самбарын дагуу цагдаагийн албан хаагчийн ажилд хүндрэл учруулахгүй явах боломж жолооч нарт бий” гэв.

Мөн “Удаан хугацаанд түгжирч, хугацаа алдалгүйгээр авто машинаа тавиад нийтийн тээврийн автобус сонгохыг наадамчдадаа зөвлөж байна. Соёолон насны морьд гарах өглөө Улаанбаатараас Хүй долоон худаг руу нэг чигийн хөдөлгөөнд оруулна. Харин соёолон насны морьдын уралдаан дуусахад Хүй долоон худагаас Улаанбаатар хот руу нэг чигийн хөдөлгөөнд оруулна.

Хотод хөдөлгөөний зохицуулалт олон хийгдэхээр байгаа. Энэ талаар цагдаагийн байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан тогтмол мэдээлэл өгөх болно. Тиймээс иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг анхаарч, замаа сонгож байх хэрэгтэй байна” гэх мэдээллийг өглөө.

-НААДАМ СУРВАЛЖЛАХААР 630 СЭТГҮҮЛЧ МАНДАТАА АВЧЭЭ-

Мөн Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооны бэлтгэл ажил 100 хувь хангагджээ. Энэ жил Үндэсний их баяр наадмыг гадаад, дотоодын 70 гаруй байгууллагын 630 сэтгүүлч сурвалжлах мандатаа аваад байгаа аж.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Хэвлэлийнхэн хэнээс ч үл хамаарч, үндэснийхээ их баяр наадмыг өөрсдийн туршлага болон техникийн дэвшилдээ тулгуурлаж олон нийтэд хүргэдэг. Энэ жил үндэсний их баяр наадмыг шууд дамжуулахаар дотоодын 60 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 600 гаруй сэтгүүлч, зураглаач, найруулагч, техникийн ажилтан ажиллана. Гадаадын томоохон 10 гаруй агентлагийн төлөөлөл болох 30 гаруй хэвлэл мэдээллийн ажилтан Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг дэлхийд сурталчлах юм” гэв.

Түүнчлэн “Өмнө нь хэвлэл мэдээллийн ажилтнуудыг ангилдаг байсан. Энэ нь буруу юм. Мандатыг өнөөдрөөс тарааж эхэлсэн. Хэвлэл мэдээллийн ажилтныг бөх, сур, морь, шагай гэж ангилж мандат олгодог. Үүнээс болж хэв журмыг сахиулж байгаа цагдаа нартай үл ойлголцох зүйл гардаг. Үүнийг өнгөрсөн жилээс тодорхой хэмжээнд цэгцэлсэн. Хэдий 600 хэвлэл мэдээллийн ажилтан наадам сурвалжилна гэж том тоо сонсогдож байгаа ч тэд хуваагдаж ажилладаг” хэмээн онцолсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top