БНСУ, Австрали, АНУ-д суугаа Монголчууд наадмаа хийлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 09

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаа  БНСУ, Австрали, АНУ-ын Бэй Аэриа хотод суугаа Монголчууд өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулсан байна. БНСУ-ын Улсан хотын монголчууд зургаадугаар сарын 30-нд, Бусан хотынхон долоодугаар сарын 6-нд, Сөүл, Ёсү хотод суугаа монгол иргэд энэ сарын 7-нд баяр наадмаа зохион байгуулжээ. Сөүл хотод болсон баяр наадмаар 64 бөх зодоглосон байна. Мөн 5-7 настнууд модон мориор уралдах зэрэг уламжлалт соёлын арга хэмжээ зохион байгуулжээ. Дээрх БНСУ-ад болж буй монголчуудын баяр наадмын үеэр хүнд өвнөөр шаналж буй Б.Амингэрэл охины хагалгааны зардалд хандив цуглуулсан байна. Солонгос дахь монголчууд охины хагалгаанд зориулж 350 сая төгрөг хандивлажээ. БНСУ-ын Дэгү, Гванжу, Чонан хотод амьдарч буй Монгол иргэд удахгүй баяр наадмаа зохион байгуулах аж.

Мөн Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Бэй Аэриагийн Монголчуудын наадам энэ сарын 7-нд болжээ. Бэй Аэриагийн Монголчуудын наадамчдад зориулан Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий Консул Э.Галбадрал мэндчилгээ хүргүүлсэн байна. Австрали улсад суугаа монголчууд мөн энэ сарын 7-нд баяр наадмаа зохион байгуулжээ. Тус наадмаар хүчит 32 бөх барилдаж, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top