Хөрөнгө оруулагчид дэлхийн эдийн засагт итгэдэг үү?

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 23

2019 оны зургаадугаар сард дэлхийн зах зээл дээр алтны үнэ огцом нэмэгдсэн. Үүнтэй зэрэгцэн мөнгөний үнэ мөн өссөн. Алт, мөнгөний үнэ зэрэг өссөн нь хөрөнгө оруулагчид дэлхийн эдийн засгийн төлөвөөс болгоомжилж буй нь дохио юм. Шар металлын фьючерс ханш нэг сарын дотор 1275-1300 ам.доллароос 1390-1440 ам.доллар болтлоо өсөв. Ингэснээр ам.доллароор нэрлэсэн үнэ нь арав орчим хувиар өссөн юм. Одоогоор эдгээр металлын үнийн өсөлт ойрын хэдэн долоо хоног, сард үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ урт хугацаанд алтны үнэ 1600-1900 ам.долларын хооронд хэлбэлзэх магадлал бий. Өмнө нь 2011 оны долоодугаар сараас 2013 оны хоёрдугаар сарын хооронд алт ийм үнэд хүрч байсан билээ.

Мөнгөний үнэ нэг сарын дотор долоо орчим хувиар мөн нэмэгдсэн. Олон зууны туршид мөнгийг “Ядуучуудын алт” гэдэг байжээ. Тус хоёр үнэт металл хүн төрөлхтний түүхэнд валютын үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ.

МӨНХИЙН МАТЕРИАЛЛАГ БАЯЛАГ

Сүүлийн сар, жилүүдэд дэлхий дээр юу өөрчлөгдөв? Ерөнхий зураглалаар нь харвал нөхцөл байдлыг дэлхийн эдийн засгийг даяарчлах, удирдах чиглэлээс далд замаар татгалзаж байна гэж тодорхойлж болохоор байна. Дэлхийн хөгжлийн загварын өөрчлөлт нь нээлтэй яригдаж, мэдрэгдэж, тодорхой зарчим шиг тодорхойлогддоггүй, харин янз бүрийн үйл явдал, төлөв байдлын улмаас бий болж, бэхэждэг. 2015 онд төсөөлж байсан дэлхий өнөөдөр тэс өөр байдалд буй.

Томоохон өөрчлөлтүүдийг үл хамааран алт болон мөнгө мөнхийн материаллаг баялгийн үүргийг гүйцэтгэсэн хэвээр л байна. Эдгээр металл баялаг хурааж, хадгалах цөөн хэдэн найдвартай аргын нэг нь байсаар л байгаа юм. Ийм учраас эл хоёр үнэт металлын үнийн харьцангуй тогтвортой байдал нь эдгээрийн онцлог бөгөөд давуу тал болсоор ирсэн. Дэлхийн ихэнх улс орны төв банк үнэт металлын нөөцтэй байхыг эрмэлздэг. Алт дэлхийн валютын үүргийг гүйцэтгэсэн хэвээр байна гэж хэлж болно. Хамгийн хуучинсаг үзэлтэй хөрөнгө оруулагчид зөвхөн алтыг жинхэнэ мөнгө, валют гэж үздэг нь гайхах зүйл биш.

Үнэт металл үнэт цаас, хувьцаатай адил хүү, ногдол ашиг авчирдаггүй. Тиймээс эдгээрийг актив гэж ойлгож болохгүй. Алт, мөнгө зэрэг үнэт металлын гол давуу тал нь улс төр, эдийн засгийн ямар ч нөхцөл, цаг хугацааны ямар ч үед өөрийн үнэ цэнээ алддаггүйд оршдог.

ГЕОПОЛИТИК БА АНУ-ЫН ТӨВ БАНКНЫ ХҮҮ

Алтны дэлхийн үнэ ханшийг ам.доллароор тогтоодог учир АНУ-ын улс төр, эдийн засгийн амьдралд болж буй үйл явц томоохон нөлөө үзүүлдэг. Үүнтэй зэрэгцэн ам.доллар дэлхийн гол нөөц валютын үүргийг гүйцэтгэсэн хэвээр байгаа. Тиймээс алтны үнэд дэлхийн бусад өнцөг буланд болж буй үйл явдлууд шууд бус нөлөө үзүүлдэг. Ойрх Дорнодод геополитикийн хурцадмал байдлын шинэ давлагаа үүсэн нь үнэт металлын эрэлт өсөх шалтаг болжээ. Энэ бүс нутаг нэг жилийн өмнөөс асуудалтай тулгарч эхэлсэн. 2018 оны тавдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны цөмийн гэрээнээс гарах болсноо зарласан. Энэ шийдвэрийн мөрөөр АНУ Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ сэргээсэн. Хамгийн гол нь Ираны газрын тосны экспортод хатуу хязгаарлалт тавьсан. Үүний хариуд Лалын Бүгд Найрамдах Улс тус гэрээний зарим зүйл, заалтыг биелүүлэхээс татгалзаж эхэлсэн юм. Тухайлбал, 2019 оны долоодугаар сарын эхээр Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг Иран улс уран баяжуулалтаа гэрээнд заасан 3.67 хувиас нэмэгдүүлж эхэлснийг албан ёсоор батлав. Пуужингийн холбогдох технологигүй хэдий ч цацраг идэвхт материалыг тодорхой түвшинд баяжуулснаар Иран улс гаднын аливаа түрэмгий үйлдэлд хариу арга хэмжээ авах боломжтой болж байгаа юм. Иран улс Ормузын хоолойг хаана гэж сүрдүүлж буй. Хэрэв үнэхээр ингэх аваас тус бүс нутагт зэвсэгт мөргөлдөөн гарах эрсдэлийг бий болгоно. Учир нь дэлхийн газрын тосны хэрэглээний 20 орчим хувийг энэ хоолойгоор тээвэрлэж байна. Өнгөрсөн сарын дундуур АНУ-ын ерөнхийлөгч Ираны цэргийн объектод  цохилт өгөх шийдвэрээ цохилт өгөхөөс аравхан минутын өмнө цуцалсан. Энэ мэдээллээр АНУ “үгэнд ордоггүй” Лалын Бүгд Найрамдах Улсад ноцтой сануулга өгсөн гэж тайлбарлаж болно. АНУ-тай холбоотой бусад геополитикийн эрсдэлүүдээс дурдвал БНАСАУ-тай хийж буй цөмийн зэвсгээс ангижруулах яриа хэлэлцээ удааширч буйг анхаарлын гадуур өнгөрөөж болохгүй. Энэ үйл явц илт гацаанд ороод байгаа. Саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Солонгосын хойгийг хоёр хувааж буй хилийн бүсэд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзав. Эл гэнэтийн уулзалт эртний сөргөлдөгчид эвлэрэх том алхам мэт харагдаж байна. Гэтэл яг үүнтэй зэрэгцэн АНУ-ын зэвсэгт хүчин Хойд Солонгосын “Хвасон-15” баллистик пуужин АНУ-ын газар нутгийн аль ч цэгт цохилт өгөх чадалтай хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байдаг. Алт, мөнгөний үнийн өсөлтийн эдийн засгийн урьдчилсан нөхцөлийн тухайд олон улсын худалдааны дайн өргөжих аюул нүүрлэсэн хэвээр байгааг дурдах учиртай. Японы Осака хотноо болсон “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ, АНУ-ын төрийн тэргүүн нар худалдааны яриа хэлэлцээг сэргээх зарчмын шийдвэр гаргасан. Гэсэн ч холбогдох ажлын хэсгүүд мэдэгдэхүйц дэвшил гаргасан гэж бахархах болоогүй л байна. Үүний сацуу АНУ-ын зүгээс Мексик, Европын Холбооны бараа бүтээгдэхүүнд ногдуулдаг гаалийн татвараа нэмнэ гэж сүрдүүлсэн хэвээр. Энэ бүх нөхцөл байдал хөрөнгө оруулагчдыг эрсдэлээс зайлсхийх алхам хийхэд хүргэж байна. Чухам ийм үед тэд шууд болон шууд бус утгаараа “хатуу” металл активыг эргэн санадаг.

Эцэст нь, АНУ-ын дотоодын зээл, мөнгөний бодлого өөрчлөгдөж буйг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ оны эхний хагаст АНУ-ын төв банкны бодлогын хүү дунд хугацаанд өсөх төлөвтэй байсан нь эсрэгээр өөрчлөгдөв. Энэ онд АНУ-ын төв банкны бодлогын хүү өсөөгүй. Тэр ч байтугай энэ сарын сүүлээс энэ оны эцэс хүртэл хэд хэдэн удаа буурах магадлал өндөр байна. Энэ бол үнэт металлын үнийн дунд хугацааны өсөлтийг тэтгэж буй сонгодог хөшүүрэг мөн.Үүнээс гадна Доналд Трамп ирэх сонгуулийн кампанит ажлынхаа хүрээнд Хойд Америкийн бараа бүтээгдэхүүний экспортын чадварыг нэмэгдүүлэх үүднээс долларын ханшийг сулруулах тухай ярьж эхэлжээ. Энэ нь санхүүгийн зах зээлд ноцтой хүндрэлүүдийг үүсгэж болзошгүй. Учир нь дээр хэлсэнчлэн АНУ-ын доллар олон арван жилийн туршид дэлхийн нөөц валютын үүргийг гүйцэтгэж ирсэн билээ. Энэ бүгд томоохон хөрөнгө оруулагчдыг түгшээж, хөрөнгөө алтанд даатгахад хүргэж байна.

АЛТЫГ ХЭЗЭЭ ХУДАЛДАЖ АВАХ ВЭ?

Эдгээр хүчин зүйлсийг харгалзан үзсэний үндсэн дээр хөрөнгө оруулагчид алт худалдан авч, зарах, эсвэл хөрөнгө оруулах эсэх асуулт тавина. Энэ нь хөрөнгө оруулалтын хугацаа, эрсдэлийн түвшнээс ихээхэн хамаарах юм. Хэдийгээр алт инфляцад өртдөггүй ч удаан хугацаанд үнэн нь өсөхгүй байх боломжтой. Богино хугацааны эргэлтийн хувьд алтны фьючерс, биржээр арилжаалагддаг сан бусад эрсдэлтэй арилжааны хэрэгслүүдээс ялгаагүй. Харин дунд хугацааны арилжаанд хөрөнгө оруулагч ашиг олохгүй байх магадлал өндөр. Саяхны огцом өсөлтийн дараа алтны үнэ 1390-1440 ам.долларт хэлбэлзэж байгаа. Цаашид АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ бууруулбал алтны үнэ сайндаа 1500 ам.доллар хүрч, өсөх боломжтой. Үүнд АНУ, Ираны хооронд үүсээд буй сөргөлдөөн нөлөөлнө. Харин өнөөгийн үнийн байдалд алт худалдан авч, хэдэн жил хадгалах сонирхол буй бол боломжтой. Учир нь дунд хугацаанд үнийн хэлбэлзэлд зарчмын ялгаа гардаггүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.28) 2019 оны 07 сарын 23

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ И-мэйл: matildalecoustre @ gmail. комын Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top