-Нээлттэй компаниудын хувьд нэг, хоёрхон хүний өнөө маргаашийн ашгийг чухалчилдаггүй. Урт хугацаанын тогтвортой үйл ажиллагаанд түшиглэсэн ашгийг чухалчилдаг, тэр хэрээр орон нутагт өгөөжтэй, ойлголцолтой үйл ажиллагааг илүүд үздэг сайн талтай-
Орон нутгийн өмчит нүүрсний уурхай “Могойн гол” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн асан, Нүүрсний салбарын ахмад удирдах ажилтан ШУТИС-ийн Хүндэт професор, Монгол Улсын Зөвлөх инженер З.Төмөрбаатартай ярилцлаа.
-Уул уурхайг тойрсон олон салаа үзэл бодлууд нийгэмд сонсогдох боллоо. Та туршлага бүхий хүний хувьд нүүрсний салбарын ирээдүйн хэтийн төлөвийг юу гэж хардаг вэ?
-Нүүрс бол элч дулааны анхдагч эх үүсвэр төдийгүй 2500 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн гарган авдаг химийн үйлдвэрийн чухал түүхий эд.
Тэгэхээр энэ салбарын ирээдүйг маш өөдрөгөөр хардаг. Орчин үеийн шинжлэх ухааны ололт, шинэ техник технологийн ииновацийг түшиглэн энэ салбарын төрийн бодлого төлөвлөлт чиглэгдэж нүүрснээс шинэ шинэ нэр төрлийн олон синтетик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх байлгүй дээ. Одоо бол хэрэглээ талаасаа хүрэн болоод чулуун нүүрсээр эрчим хүч дулаан үйлдвэрлэхээс гадна хөөлт сайтай чулуун нүүрсийг коксжих нүүрсний түүхий эд болгон экспортолж байна. Өндөр чанарын коскжих нүүрс экспортын гол бүрдэл хэсэг болж, Монгол Улсын эдийн засаг, төсөвт томоохон хувь нэмэр оруулж байгааг бүгд л мэднэ. Харин эрчим хүчний нүүрс бол хүн амыг дулаан, цахилгаанаар хангаж буй гол эх үүсвэр, стратегийн чухал түүхий эд юм. Орон нутгийн шинж чанартай уурхайнууд л гэхэд тухайн аймаг, сумдын боловсрол, эрүүл мэнд, төр захиргааны болон хувийн хэвшлийн байгууллагуудын дулааныг хангах гол эх үүсвэр. Тухайлбал, Архангай, Завхан аймгуудад нүүрсний орд илэрц байгаа ч нарийн судлагдаагүй л байна. Тэдгээрийг зэргэлдээ аймгаас буюу Хөвсгөлийн Цэцэрлэг сумын Могойн голын уурхайгаас нүүрсээр хангадаг. Энэчлэн бүс нутаг бүрийг эрчим хүч, дулаанаар хангах асуудлыг тооцоолж орон нутгийн уурхайнуудыг нээсэн байдаг.
Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд төрөөс геологийн хайгуулын ажилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжиж ажилласнаар хайгуул, судалгааны ажилд ахиц өөрчлөлт гарч сайн чанарын нүүрсний ордууд нээгдэж байна. Жишээ нь, миний сайн мэдэхээр Могойн голын ойролцоо нээгдсэн Овоотын орд гэхэд коксжих чанар сайтай чулуун нүүрсний орд юм. Сайн чанарын нүүрсийг угааж цэвэршүүлэн нэмүү өртөг шингээн экспортод гаргаж, угаагдаж үлдсэн нүүрсийг орон нутгийн эрчим хүчний хэрэглээнд ашиглаж болно. Тэгвэл аймаг, сум, орон нутгийн төсөвт хувь нэмэр болохоос гадна Эрдэнэт шиг хотыг Хөвсгөлийн Цэцэрлэг, Завхан аймгийн хойт сумдыг түшиглэн байгуулахад эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг хангах нөөц боломж бий болж, Орос, Тува, Монголыг холбосон эдийн засгийн бүс үүсэх ирээдүй ч харагддаг. Бодит ажил нь яаж явахыг мэдэхгүй ч Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” компани уг орд дээр олон жилийн судалгаа явуулж ажиллаж байгаа. Нэг үгээр бол түлшний стратегийн хувьд ч, эдийн засгийн утга агуулгаар ч нүүрсний салбар ойрын болон урт хугацаанд ач холбогдол, үнэ цэнээ алдахгүй. Харин үүнийг даган бий болох дэд бүтэц, шинэ, шинэ ажлын байрууд бий болж орон нутгийн ард иргэдийн амьдралд ахиц өөрчлөлт гарах нь тодорхой юм. Ийм учраас бий болж буй асуудлууд дээр зайлшгүй гарц шийдлийг ярилцаж, ойлголцол, итгэлцэлд хүрч ажиллах нь зөв л дөө.
-Нүүрсний уурхайн олборлолт технологийн хувьд ямар онцлогтой байдаг юм бэ. Бусад эрдэс баялгаас, тухайлбал алт олборлохоос ямар ялгаатай вэ?
-Нүүрс ч, алт ч ялгаагүй газрын хэвлийд байхдаа ердийн л эрдэс. Түүнийг судалж, танин мэдэж, нөөцийг нь тогтоож байж сая эдийн засгийн ач холбогдолтой ашигт малтмал болдог. Энэ нь ихээхэн хэмжээний хөрөнгө шаардахаас гадна хөрөнгө оруулагчид том эрсдэлтэй “толгойны өвчин” болдог амаргүй асуудал. Харин олж нөөцийг нь тогтоогоод олборлосны дараа эрчим хүч, дулааны эх үүсвэр болохын хувьд улсын маань түлшний стратегийн чухал ач холбогдолтой ашигт малтмал болдог. Нэн ялангуяа Монгол Улсын хувьд эрчим хүч, дулаанаа зөвхөн нүүрснээс гаргаж авдаг өнөөгийн нөхцөлд энэ нь түлшний онцгой стратеги юм. Үүнийг бага хэмжээгээр олборлож их хэмжээний ашиг олдог алт зэрэг үнэт эрдэс баялгуудтай эдийн засгийн агуулгаар нь харьцуулан үзэхэд төвөгтэй л дээ. Өөрөөр хэлбэл, эрчим хүч, дулааны тасралтгүй, тогтвортой хэрэгцээг хангахын тулд нүүрсийг их хэмжээгээр олборлох шаардлага үүсдэг ба энэ хэрэгцээг хангаж чадах эсэхээр тухайн нүүрсний уурхайн эдийн засгийн үр өгөөжийг тодорхойлдог онцлогтой.
Тийм учраас нүүрсийг олборлох талбайг томоор, олборлох нөөцийн хэмжээг хэдэн зуун саяар, ашиглалтын хугацааг олон арван жилээр тооцдог. Энэ нь тухайн бүс нутгийн дулаан, цахилгааны хэрэгцээг тасралтгүй тогтвортой хангах шаардлагатай холбоотой. Таны асуултдаа ашигласнаар алттай жишиж ярья л даа. Алт бол хүнд дулаан, цахилгаан шиг анхдагч хэрэгцээ биш тусгай болон тансаг хэрэглээнд чиглэсэн үнэт баялаг юм. Мэдээж шууд валютад хөрвөдөг, улсын валютын нөөцийг бүрдүүлэхэд онцгой үүрэгтэй бас л стратегийн ач холбогдолтой баялаг. Гэхдээ уул уурхайн олборлолт талаас харвал бага талбайд бага хэмжээгээр олборлосон ч ашгаа шууд өгдөг онцлогтой. Олборлолтын технологийн хувьд зөвхөн алтны судлуудыг дагаад бага орон зайд гар аргаар олборлоод байхад л ашгаа өгдөг учраас “нинжа” нэртэй хувь хүмүүс ч ашиг олох зорилгоор ажиллаад байгаа хэрэг. Харин нүүрсний олборлолт бол хөрс хуулалтаас эхлээд хүнд том оврын тэрэг техник, эксковатор ашигладаг, мөн их хэмжээгээр олборлож байж эдийн засгийн хувьд үр ашгаа өгдөг онцлогтой юм. Тиймээс аливаа нүүрсний уурхай урт хугацаанд тогтвортой ажилладаг учраас нэг уурхайд “насаараа ажилласан” гэж ярьдаг ахмадууд олон байдаг. Нөгөө талаар орон нутгийн хөгжилд урт хугацаанд тодорхой нөхцөлтэй үүрэг хүлээж ажиллах нь хариуцлагатай уул уурхайн нийгмийн өмнө хүлээж буй үүрэг хариуцлага юм.
-Та олон жил Могойн голын нүүрсний уурхайтай холбоотой ажиллаж ирсэн. Тус орд орон нутаг, баруун бүсийнхний түлш, дулааны хэрэгцээг олон жилээр хангаж ирсэн старегийн чухал ач холбогдолтой газар. Тус ордын ирээдүйн талаар та судалгаа, шинжилгээнд тулгуурласан бодит төсөөлөлийг хэлж өгөөч. Дээр “Aspire Mining” гэж компанийн талаар дурдсанаа тодруулахгүй юу...
-Нүүрсний уурхайг урт хугацаанд тогтвортой ажиллуулахын тулд түүний үйлдвэрлэлийн түүхий эд болох нүүрсний нөөцийг хэдэн зуун сая тонноор тогтоох геологийн хайгуул судалгаа явуулах хөрөнгө санхүүгийн эрсдэлтэй тулдаг. Хэрэв хөрөнгө зараад хүссэн хэмжээнийхээ нөөцийг тогтоож чадаагүй бол зарсан хөрөнгийн алдагдалыг хөрөнгө оруулагч өөртөө үүрч, хийсэн ажлынхаа судалгааг геологийн фондод тушаагаад үйл ажиллагаагаа зогсоодог журамтай. Манай Могойн голын нүүрсний уурхай Хөвсгөл, Завхан, Архангай аймгуудыг эрчим хүч, дулааны хэрэгцээт нүүрсээр хангах үндсэн зорилготойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж өнөөдрийн хүртэл орон нутгийн өмчлөлд ажиллаж байгаа.
Могойн голын нүүрсний уурхайн ойролцоо нутагт цаашид ч олборлолт явуулах нүүрсний нөөц бий гэдэг нь сүүлийн үеийн геологийн судалгаагаар нотлогдсон. Үүнийг түшиглэн Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” гэдэг компани миний мэдсэнээр 200-250 сая тонн нүүрсний нөөцтэй гэсэн тооцоонд үндэслэн үйл ажиллагаа явуулахаар судалгаа, үнэлгээний ажлыг хийгээд байгаа юм билээ. Уг нөөцийг ашиглахын тулд автозам барьж байгуулахаас эхлээд нэлээд ажлыг төлөвлөж, орон нутгийн иргэд, нутгийн өөрийн удирдлагын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа гэж ойлгосон.
-Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын ихэнх нь Хятадын хөрөнгө оруулалттай байдаг. Мөн болохгүй бүтэхгүй үйл ажиллагаа явуулдаг гэсэн ойлголт хавтгайрсан санагддаг. Гэтэл таны ярьснаас харин ч нүүрсний уурхай урт хугацаанд тогтвортой ажилладаг, энэ ч учраас хяналт тогтоох, орон нутгийнхантай хамтран ажиллахад эзэн биетэй байдаг гэж ойлголоо?
-“Aspire Mining” нь Австралийн хөрөнгийн биржид гарсан, 2500 гаруй хувьцаа эзэмшигчтэй, олон нийтийн хяналттай компани гэж танилцуулгадаа дурдсан байна лээ. Олон хүний өмнө хариуцлага хүлээсэн нээлттэй компаниудын хувьд нэг, хоёрхон хүний өнөө маргаашийн ашгийг чухалчилдаггүй. Урт хугацаанын тогтвортой үйл ажиллагаанд түшиглэсэн ашгийг чухалчилдаг, тэр хэрээр орон нутагт өгөөжтэй, ойлголцолтой үйл ажиллагааг илүүд үздэг сайн талтай. Могойн голын уурхайг судалсан, олон жилийн туршлагатай гэж үзэн надаас зарим үед зөвлөгөө авч байсны хувьд би үүнийг хэлж байгаа юм. Нарийн ярьвал хувьцааны дийлэнх хэсгийг монголчууд эзэмшиж байгаа учраас Монгол компани, гэхдээ олон нийтийн хяналттай хувьцаат компани гэж ойлгож болно.
Уурхайн олборлолтоос гадна орон нутагт дэд бүтцийг хөгжүүлэхэд нэлээн анхаарч ажиллаж байгаа юм билээ. Тухайлбал, Могойн гол-Овоот-Эрдэнэт гэсэн чиглэлд 560 гаруй км тусгай зориулалтын хүнд даацын авто зам барихаар төлөвлөсөн. Үүгээр зөвхөн нүүрс тээвэрлээд зогсохгүй нөгөө талдаа барилгын материал, иргэдийн ачаа барааг зөөвөрлөхөд үнэ тариф хямдрах, амьдрал ахуйд хэрэгтэй байх. Жилд түүгээр 4.0 сая тонн нүүрс зөөвөрлөнө гэж тухайн компани тооцсон байгаа нь нүүрсний тээврийн хувьд бага хэмжээ, өдөрт 100-150 автомашин зорчино гэсэн үг. Энэ нь 5-7 км тутамд нэг машин зорчихоор замын урсацын хувьд сийрэг, чөлөөтэй, хөдөөгийн зорчигчдод таатай зам байх болно.
-Уул уурхайн салбар эдийн засгийн гол бүтэц хэдий ч байгаль орчны асуудал эмзэг сэдэв болоод байна. Могойн голын уурхай л гэхэд Тэсийн голын ай сав нутагт байдаг. Байгаль орчны эрсдэл талаасаа ямар онцлогтой вэ?
-Монголд нүүрсний уурхай олон жилийн түүхтэй. Анх Налайхын нүүрсний уурхайг ашиглаж эхэлснээс хойш 40 гаруй уурхайг нээж өнөөдрийг хүртэл олборлолт явуулж байна. Нийслэл хотоос эхлээд хүн ам төвлөрсөн хот, суурингийн цахилгаан, дулааныг хангахын тулд хэрэглэгч, зах зээлтэйгээ аль болох ойрхон байрлалтай орд газрыг ашиглах зарчмыг баримталж ирсэн. Тээвэрлэхэд зах зээлтэйгээ аль болох ойрхон байх нь зардал, цаг хугацаа хэмнэдэг. Гэтэл хот суурин газар маань усны эх үүсвэрээ дагаж бий болдог. Тухайлбал, нийслэл хот Туул голоо, Багануурын уурхай Хэрлэн голоо дагаж баригдсан. Эрчим хүч, дулаанаар хангах гол эх үүсвэр Налайхын уурхай, Багануурын уурхай нь гол мөрний сав газартаа байдаг. Эрдэнэт үйлдвэр л гэхэд мөн Сэлэнгэ мөрний усыг ашигладаг байх жишээтэй. Эдгээр уурхайнууд бүгд 40-50 жил ажиллаж байна. Тэгэхээр асуудалд хоёр талтай хандаж, асуудлыг шүтэн барилдлага дунд нь авч үзүүштэй л санагддаг. Цахилгаан, эрчим хүчний түүхий эдээ холоос татаж болно. Харин тээвэрлэлтийн зардал нь өсдөг. Өнөөдөр техник, технологи өндөр хөгжиж байна. Өнөө үед байгаль орчны эрсдлийг тооцоолох, нөхөн сэргээх арга ажиллагаа улам бүр боловсронгуй болж, төрийн хяналт шалгалт хийх хууль эрх зүйн үндэслэл улам л нарийн болж байна шүү дээ. Тэгэхээр эрсдэл, эдийн засгийн үр өгөөжөө уялдуулан хаа, хаанаа ашигтай арга замыг тодорхойлох бүрэн боломж бий.
-Тухайн уул уурхайн компанийн лицензтэй талбай, олборлолтын талбайн талаар хүмүүс янз бүрээр ойлгох юм аа. Үүнд зааг, ялгаа байдаг уу?
-Хайгуулын лицензийн талбай нэлээн өргөн хүрээтэй байдаг. Өргөн хүрээнд хайгуулыг хийж байж дараа нь яг энэ хэмжээнд олборлолт явуулна гэдэг оновчлолоо тогтоодог юм. Олборлолт хийхийн тулд ажилчдын амьдрах байр, гэрэл цахилгаанаар хангах газар, машин тоног төхөөрөмжийн агуулах, гарааж барих шаардлага үүсдэг учраас олборлолтын талбайнхаа хажууд тусгай зөвшөөрлийн талбайгаа томруулж авдаг. Энэ нь их том талбайд олборлолт явуулах гэж байна гэсэн ойлголтыг өгөөд байдаг байх. Могойн голын уурхай л гэхэд 50 жил олборлолт явуулсан. Хэдий хэмжээний талбайг ашигласан бэ гэдэг баримжаа бий. Шинээр олборлолт явуулах гэж байгаа компани, тухайлбал “Aspire Mining” компани хэдий хэмжээ талбайд олборлолт явуулах вэ гэдгийг Могойн голын талбайтай харьцуулах замаар нутгийн иргэд өөрсдөө хянаад явах хэмжээний туршлагатай болсон доо.
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"
Сэтгэгдэл ( 1 )
одоогийн нөхдүүд ийм хүмүүсийн үгийг сонсохгүй болсон шүүдээ төмөрбаатар гуайдаа урт наслахыг ерөөе уул уурхайн салбарыг үр өгөөжтэй авч явах чадвар сэтгэл одоогийн нөхдүүдэд алга жижиг орон нутгийн уурхайнуудын үр өгөөжийг үл тооцон зөвхөн хаах цуцлах дарамтлах бодлого барьж байгаа