Г.Занданшатар: Монголын эрх ашгийн төлөө хийж байгаа өөрчлөлт тул ойлголцох ёстой

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 26

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл болон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зөвшилцөх хэлэлцүүлэг Төрийн ордонд дөрөв дэх өдрөө үргэлжиллээ. Өчигдрийн /2019.07.25/ хэлэлцүүлэг “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдвийн хүрээнд өрнөсөн юм.

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаа Төрийн тэргүүн танилцуулсан бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд сонирхсон хүмүүсийн асуултад хариулт өглөө. Ерөнхийлөгчийн төсөлд, Үндсэн хуульд Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд хуваагдах бөгөөд аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана гэж заасан байсныг өөрчилж хот гэдэг статусыг нэмэхийг Ерөнхийлөгч санал болгосон. Гэхдээ улсын нийслэлийг хотод, хот нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдахаар тусгасныг танилцуулгадаа онцолж байлаа.

З.Энхболд даргын хэлснээр “Үндсэн хуульд хот гэдэг үг нэмж оруулснаар, хүн ам нь 300 мянга давсан Дархан-Уул, Орхон аймаг болон Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн цаашдын хөгжлийн асууд­лыг шийдэж, хотын статустай болгох шаардлагатай. Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн 57.3-т өөрчлөлт оруул­сан. Тодруулбал, хот байгуулах, хил хязгаарыг тогтоох асуудлыг ИТХ-ын саналыг үндэслэн УИХ шийддэг байсныг өөрчилж, эдийн засаг, хүн амын байдлыг харгалзан Засгийн газраас УИХ-д санал оруулж шийдвэрлэх юм. Монгол Улс нь аль нэг аймгийн ИТХ-ын гишүүнээс хамаарч хот байгуулах ажлаа хойш тавьж болохгүй. Энэ бол өнгөрсөн 30 жилд нэг ч хот байгуулаагүйн шалтгаан. Өнгөрсөн хугацаанд Орхон, Дархан-Уул аймаг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээ өөрчлөхийн тулд Булган, Сэлэнгэ аймгийн ИТХ, иргэдээс санал авсан ч шийдэлд хүрээгүй. Тэгвэл төслийн уг заалт дэмжигдвэл, асуудлаа Зас­гийн газартаа тавьж, УИХ-аар шийдвэрлүүлэх боломжтой болж байна. Хархорум хотыг нийслэл болгон шилжүүлэхээр болбол, Үндсэн хуульд Улаанбаатар гэж нэр заасан учир уг хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүснэ. Тиймээс тухайлсан нэр заах шаардлагагүй гэж Ерөнхийлөгч үзсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа Хотын эрх зүйн байдлын тухай хуулиар нийслэлийн хот болон аймгийн хотын ялгаа, онцлогийг тусгайлан зохицуулах, улмаар нийслэлийн хотын дүүрэг нь хорооны зохион байгуулалтад орох шаардлага үүснэ. Тиймээс аймаг нь хотоосоо, сум нь дүүргээсээ ялгагдах онцлогтойг харгалзан Аймгийн эрх зүйн байдлын тухай хууль, Сумын эрх зүйн байдлын тухай хууль, Дүүргийн эрх зүйн байдлын тухай хуулийг тус тусад нь батлах асуудал гарна” гэдгийг хэлсэн юм.

УИХ-ын 62 гишүүнээс өргөн мэдүүл­сэн төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулж, “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хөндсөн багц сэдвийн дундаас хамгийн ярвигтай, эцсийн хариу нь гардаггүй нь орон нутгийн засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоо, тэр дундаа хотын асуудал байсан. Монгол Улс яагаад хоттой байж болдоггүй юм бэ гэсэн асуултыг тавихаар иргэд, судлаачдын санал, байр суурь үргэлж зөрүүтэй байдаг. Өмнөх парламентын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хувилбарт Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хот гэж нэр зааж өгсөн байдаг. Бид шинэ хот бий болгох үүднээс нэр заалгүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулахаар тусгаж өгсөн” гэдгийг хэллээ.

Тэгвэл УИХ дахь АН-ын зөвлө­лийн саналыг Ардчилсан намын нарийн бичгийн дарга Д.Оросоо танилцуулсан. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын зарим зохицуулалтыг дэмжиж байгаа гээд цаашид засаж, сайжруулах зүйлс бий гэдгийг тодотголоо. “Ерөнхийлөгчийн төслийн 13.1-д Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэж үзэх бөгөөд нийслэл нь хотод, хот нь дүүрэгт хуваагдана гэж тусгасанд төрийн дээд байгууллагууд бус парламент нь байнга оршдог хотыг Улсын нийслэл гэж үзнэ гэж томьёолох нь зүйтэй” гэдгийг онцолсон. Учир нь нийслэл хот шилжих, хот тэлэх нөхцөлд төрийн дээд байгууллагууд өөр газар, нутагт оршин байх тул парламент нь оршдог гэж томьёолох нь зүйтэй гэв. Мөн 59.3-т Аймаг, хот, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлыг таван жилийн хугацаагаар сонгоно. Эдгээр Хурлын болон сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг хуулиар тогтооно гэснийг дэмжиж байгаа хэлсэн юм. Сонгуулийн үр дүнд байгуулагдсан Хурлын төлөөлөгчдийн олонх Засаг даргын Тамгын газар, төрийн өмчит компанийн захирал болж, Засгийн газрын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч, Засаг даргаа хамгаалагч болж хувирдаг. Иймд аймаг, сумын төлөөлөгчдийн хурлын гишүүдийн тодорхой хувийг төрд ажиллуулах хязгаар тогтоож өгөх нь зөв” гэлээ.

УИХ-ын гишүүдийг төлөөлж УИХ-ын гишүүн М.Оюунчимэг байр сууриа илэрхийлсэн билээ. Тэрбээр “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх хоёр жилийн хугацаанд дүүрэг, хороо, хэсэгт очиж иргэдтэй уулзсан. Зөвлөлдөх санал асуулга, Засгийн газраас хийсэн судалгаанаас харахад ч хүн амын 70-80 хувь нь нутгийн удирдлагын тогтолцоо, хотын эрх зүйн байдлыг тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байна. Нийслэлийн нэг дүүрэг 334, Чингэлтэй дүүрэг гэхэд 34, тус дүүргийн 7 дугаар хороо 14 мянган хүн амтай байж жишээтэй. Гэтэл Монгол Улсын хамгийн их хүн амтай Хөвсгөл аймаг гэхэд 134 мянга, Говьсүмбэр аймаг 17 мянган хүн амтай байна. Бидний мөрдөж байгаа хуулиар аймгийг нийслэлтэй, сумыг дүүрэгтэй, хороог багтай адил хэмжээнд эрх зүйн түвшинд авч үзэж байна. Энэ нь цаашдаа улс орны хөгжил, хүн амын нягтширалтай холбон үзэхэд хөгжих бололцоогүй байгаа юм. Иймд өөр түвшинд авч үзэх шаардлага гарч байна” гэдгийг хэлж байлаа. Танилцуулгын дараа Ард түмний олонхийн засаглал намын дарга Ц.Нарангэрэл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар үг хэлж, улс төрийн 14 намын байр суурь, саналыг нэгтгэсэн мэдэгдлийг Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулсан юм.

Энэ өдрийн хэлэлцүүлэг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, өөрийн байр суурийг илэрхийллээ.

Спикерийн хэлснээр “Өчигдөр УИХ-ын 99 гишүүнтэй болохыг дэмжиж байсан нам өнөөдөр шинэчилсэн Үндсэн хуультай болохыг санал болгож байна. Энэ хуулийн төсөл нэг парламентын 64 гишүүнтэй намын боловсруулсан төсөл биш. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл бол гурав, дөрвөн парламентаар боловсруулагдаж, улс төрийн гацаа, саад бэрхшээлийг давах гэсэн хамтын бүтээл. Ийм ч учраас Ерөнхийлөгч өөрийн саналаа өргөн барьсан. Асуудлыг сөрөг хүчин, улс төрийн намуудыг сонсож, хүндэтгэж байна. Сөрөг хүчин бүх асуудалд санал нийлэх албагүй. Гэхдээ үүний цаана Монгол хүн бүр байгалийн баялгийнхаа эзэн болохыг хүсэж байна. Гадаадын хөрөнгө оруулагчид байгалийн баялагтаа эзэн байх заалтыг эсэргүүцэж байгаа талаар зарим сурвалж хэлж байна. Бид энэ өөрчлөлтөө хийх ёстой. Эрдэмтэн судлаачид энэ Үндсэн хуулийн төслийг дэмжиж байна. Монгол Улсын эрх ашгийн төлөө хийж байгаа өөрчлөлтөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг ойлголцох ёстой.

Нутгийн удирдлагын асуудал хамгийн ээдрээтэй. Дэлхийн Үндсэн хуульд нутгийн удирдлагын тогтолцоогоор хотыг хоёр янзаар Үндсэн хуульдаа тусгадаг. Чимид гуай Монголын өвөрмөц онцлог дээр тулгуурлаж, хотыг хуульчилсан байдаг. Байгалийн баялагтаа эзэн байж, парламент, Засгийн газар хариуцлагатай байх ёстой. Тодорхой өөрчлөлтүүд дээрээ санал нэгдэхийг уриалж байна. Харилцан ойлголцож эв нэгдлийг эрхэмлэе” гэдгийг хэлсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр “Парламентын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд орон нутгийн томилгоонд тусгагдсан саналуудын зарим заалттай нь санал нийлэхгүй байна. Тухайлбал, Сум, дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд дөрвөн жилийн хугацаагаар сонгох нь учир дутагдалтай. Иргэдээс сонгогдсон сумын Засаг дарга аймгийнхаа Засаг даргатай яаж уялдах уу гэдэг нь асуудалтай. Учир нь аймгийн Засаг дарга нь томилоогүй. Гэтэл сумын ИТХ Засаг даргыг томилгоогүй атлаа огцруулахад оролцох нь зөрчилдөөнтэй заалт. Ард түмнийхээ дунд нэр хүндтэй хүн сумын Засаг даргаар сонгогдлоо гэхэд сумын ИТХ нь эсрэг намынх тохиолдолд аль болох иргэдээс сонгогдсон Засаг даргыг огцруулахыг илүүд үзнэ. Яагаад гэвэл огцруулах эрх нь ИТХ-д бий. Огцруулсны дараа нь бүрэн эрхийн үлдсэн хугацаанд ажиллах сумын Засаг даргыг аймгийн Засаг дарга томилохдоо өөрийн хүнээ томилно. Орон нутгийн иргэдийн санал өгөх эрхийг нь хааж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг Засгийн газарт өгч байгаа нь буруу. Магадгүй нэг өглөө босоод сэрэхэд манай аймгийн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөгдсөн байх боломжтой болж хувирна” гэдгийг хэлсэн юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Сумын төвийнхөө хогийг цэвэрлэдэггүй сумтай болчихсон. Суурьшмал байдалтай амьдарч байгаа бол хогийн цэгтэй байх ёстой. Би жорлонгийн асуудал ярихгүй байна шүү. Ийм дампуу юмаа өөрчлөх юм бол хатуу ярина шүү гээд байдгаа боль. Хотуудын асуудлыг хойш нь тавиад 27 дахь жилдээ явж байна. Энэ удаа хөндөхгүй бол дахин 27 жилийн дараа ярих юм уу. Эрдэнэт, Дархан хотод амьдарч байсан хүмүүс хот шигээ газар амьдармаар байна шүү дээ. Орхон аймгийн Баян-Өндөр сум, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сум шиг байж болохгүй. Энэ ялгааг гаргаж өгөхийн тулд хот, хөдөөг томъёолж байгаа юм. Хот болж хөгжих гээд байгаа хэсэг иргэдээ дэмжээд төсвийг шийдээд өгчихгүй юм. Хэзээ ч юм хаанаас ч юм хуулчихсан юмаа одоо болиод амьдралдаа нийцүүл л дээ. Байгалийн баялагтай аймаг, баялаггүй аймгаа тэгшитгэж төв Засгийн газартаа жаахан эрхийг нь өг. Ярих цаг нь болсон ч бүгдээрээ айгаад ярьдаггүй. Одоо ярь. Дөрөвдүгээр бүлэгт гар хүрэхгүй гэдэгт би эсрэг саналтай байгаа” гэсэн юм.

Судлаач н.Энх-Амгалан “Үндсэн хууль чинь бодит үнэн юм уу, зохиомол үнэн юм уу. Нутгийн удирдлагыг эзэнтэй болгох ёстой. Төр гэж юу гэдгийг ч мэдэхээ больсон. Ерөнхийлөгчийг дөрвөн жилээр нь биш бүх насаар нь тавь. Ерөнхийлөгч гэдгээ хаан болго” гэв. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Манай Үндсэн хууль 27 явахдаа үүргээ сайн биелүүлсэн гэж судлаачид хэлдэг. Эрх мэдэл хоорондын тэнцвэр зөв байгаад урт хугацааны бодлогоо авч яваад хариуцлагын тогтолцоо сайн байвал улс орон амар амгалан болох учраас Үндсэн хуулийг тийш нь явуулахын төлөө хэлэлцүүлэг явуулж байна. Төрийг хаан гэдэг утгаар битгий ойлго. Бид ч гэсэн тухайн үед хаант засаглалыг сонгоё гээд тэр үед хаан болох хүн олдохгүй баларсан. Сугалаагаар гаргах уу яах уу гэсэн. Хаантай болчихвол нэг хэсэг юм шийдэгдчихнэ. Сонгууль энэ тэр явна гэхгүй амар” гэсэн юм.

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top