Монголд шашны соёлын аялал жуулчлалын анхны бөгөөд хамгийн амжилттай хэрэгжсэн төсөл бол говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн өв, соёлд тулгуурласан Шамбалын орон буюу Хамарын хийд юм.
Дотоодын аялал жуулчлалын нэг гол маршрут болтлоо хөгжсөн энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлэгч нь Соёлын гавьяат зүтгэлтэн, Хамарын хийдийн тахилч З.Алтангэрэл байв. Өвөөгөөсөө үе дамжуулан өвлөсөн итгэл үнэмшил, сүсэг бишрэл, өвгөдийнхөө чанд гэрээслэл дор тэрээр Хамарын хийд, Данзанравжаагийн музейг байгуулсан юм. Энэхүү бүтээн байгуулалтынхаа гол хөрөнгө оруулагч нь ч тэр өөрөө байлаа. Төрийн оролцоо, төсвийн дэмжлэг гэхээр зүйл энд байгаагүй. Маш том өв соёлыг тээн ирж, түүнийгээ бодитой төсөл, нийтийн хүртээл болгоход тэр хүн амьдралаа зориулсан. Бас чадсан. Тэрбээр эцэг өвгөдийнхөө гэрээс, захиасыг биелүүлээд хэдхэн хоногийн өмнө насан эцэслэжээ.
Түүнтэй уулзаж байгаагүй ч хэвлэлд өгсөн ярилцлага, сэтгүүлчдийн болон бусдын хөрөг тэмдэглэлээс түүний тухай төсөөлөл, хүндлэлийг би өөртөө бий болгосон нэгэн. Хамгийн гол нь түүний санаачлан гардан хэрэгжүүлсэн аялал жуулчлалын маш чухал контент болох Шамбалын орон, Хамарын хийд, түүнийг даган дахин сэргэсэн Данзанравжаагийн гэх түүх, соёл, оюуны өв соёлд гүнээ бишрэгч билээ.
Дулдуйтын Данзанравжаа судлалыг академич Ц.Дамдинсүрэнгээс эхлээд Монголын цөөнгүй эртэмдэд буухиа таслалгүй хөгжүүлэн өнөөдрийг хүргэсэн. Үүний үрээр соён гэгээрүүлэгч, гүн ухаантан, яруу найрагч, бүтээн туурвигч, билэг оюунтан Данзанравжааг монголчууд оюун санааныхаа нэгэн том суварга болгон хадгалж ирсэн юм.
Данзанравжаа бээр 300 гаруй яруу найраг, жүжгийн зохиол 10 дэвтэр, дууны бүтээл 100 гаруйг зохиосон. Монгол хэлээр 200 гаруй бүтээл, төвд хэлээр 180 орчим зохиол бичсэн. 1830 онд анхны театр “Намтар дуулах дацан”-г байгуулж “Саран хөхөө” хэмээх алдарт зохиолын нэрэн доор “Эзэн Чингис”, “Мандухай хатан” гэх мэт жүжгийг тоглуулан түүнийгээ нүүдэлчдийн өвөрмөц театр болгож, жүжгийн тоглолтоор дамжуулан монголчуудад түүхийг нь таниулдаг байжээ. Зохиолоо өөрөө бичиж найруулан, дүрд тоглох хүмүүсийг сонгож бэлтгэл сургуулилт хийлгэн, тайзны зургаа өөрөө зурж, жүжгийн ая дуу зэргийг зохион хөгжмийн бүтээл болгож байжээ. Хөгжимчдийг цуглуулан тоглуулж өөрөө удирдаж байсан тухай судлаачид тэмдэглэн үлдээсэн нь бий.
Мөн 1820 онд 17 насандаа Өвөр Хамар гэдэг газар Хамарын хийд, 1840 онд Өмнөговийн Ханбогдод “Галбын гурван хийд” гэж алдаршсан Дэмчогийн хийд, Цагаан толгойн хийд, Эрээтийн хийд гэх мэт нийт найман том хийдийг бариулж, зураг төсөл бүгдийг өөрөө гаргасан. Хамарын хийд нь Данзанравжаагийн гол өргөө маягтай бөгөөд түүний эдлэл хэрэглэл, ном уншлага, сүм дацан, сургууль зэргийг дэргэдээ агуулсан том суурин газар байсан гэж үздэг.
Монголчуудын урлаг, соёл, оюуны бүтээл туурвилын сан хөмрөгт үнэлж баршгүй өвийг бий болгосон Данзанравжааг соён гэгээрүүлэгч талаас нь ч, мөн шашны зүтгэлтэн талаас нь ч эрдэмтэн, судлаачид сонирхон судалсаар ирсэн. Үүнтэй зэрэгцээд түүний эдэлж хэрэглэж байсан эд хэрэглэл бүхий биет болон биет бус өвийг тээн хадгалж, өнөө үед авчирсан гавьяатай хүмүүсийн нэг нь тахилч хэмээх З.Алтангэрэл гуай байлаа.
Түүний өвөг дээдэс нь Данзанравжаагийн дэргэд байсан Түдэв хэмээх тахилч лам байжээ. Түдэв тахилчийн үр удам Равжаа хутагтын өвийг хамгаалсаар 1938 оны үетэй золгож, тухайн үед 1500 авдарт багтаасан эдлэл хэрэглэлийг нь нутагт оронд нь хад, агуйд нуух, газар булах зэргээр хамгаалж үлдээхийг хичээжээ. Гэвч Дотоод яамныханд баригдан илэрсээр зөвхөн 68 авдар бүхий эд зүйлийг нуун авч үлдсэн гэдэг. Эдгээр эд зүйлдээ тулгуурлан Түдэв тахилчийн ач Алтангэрэл гуай Сайншанд хотод 1200 гаруй үзмэртэй “Гиваадин Равжаалин” музейг байгуулжээ. Чухамдаа үүгээрээ З.Алтангэрэл гуай монголчуудын хосгүй үнэт өвийг тээн хадгалж ирсэн, ховор хувь заяатай хүн байлаа.
Түүний амьдралынх нь сүүлийн хоёр жил орчмын хугацаа Данзанравжаагийн өвийг нууж хамгаалсан он жилүүдээс нь дутахгүй тэмцэл дунд өнгөрснийг энд зориуд хэлмээр байна. Учир нь тэрээр сүүлийн жил хагас Хамарын хийд орчмын газар нутагт тусгай зөвшөөрөл авсан уул уурхайн компанитай заргалдан тэмцаж байжээ.
Манай сонин энэ талаар асуудал хөндөж, “Даблью Эс Жи Эл”, “Олон ихт баян” гэх нэлээн хэдэн нэртэй, магадгүй нэг эзэнтэй компанийн тусгай зөвшөөрлийн маргаантай асуудлаар цуврал нийтлэл бичиж уншигчдад хүргэсэн.
Уул уурхайн хүрзэн дор хүрч, хөндөж болохгүй өв соёл, үүх түүх, газар шороо гэж бий. Үүнийг тухайн нутгийнхан л илүүтэй ойлгоно. Ялангуяа өвөг дээдсийнхээ сургааль, гэрээслэлийг тээж, өв соёлоо хадгалж ирсэн З.Алтангэрэл гуай шиг эгэл мөртлөө эгэлгүй хүмүүст энэ нь хамгийн их хамаатай зүйл. Тэрээр нас эцэслэхээсээ долоо хоногийн өмнө нутагт нь нүүрс олборлох гээд байгаа компанийн эсрэг заргаараа анхан шатны шүүхэд ялалт байгуулаад, “Дараа, дараагийн шатны шүүхүүд хэрхэн шийдэх бол доо...” гэж санааширч суусныг номын нөхөд нь халаглан ярьж байна.
Монголчуудын зорин очдог Шамбалын орон, Хамарын хийд орчмын ариун дагшин газар нэг л хавраар уурхайн “хар нүх” болон хувирсан байх вий гэх болгоомжлол үлдлээ. Төр засаг, Боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам дээрх асуудалд анхаарлаа хандуулж, шашин, соёлын аялал жуулчлалын цорын ганц төслийг хамгаалж үлдэнэ хэмээн найдаж байна.
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"
Сэтгэгдэл ( 0 )