Бразилын шоронд үймээн гарсны улмаас 57 хоригдол амиа алджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 30

Бразилын Пара мужийн Альтамира хотын шоронд үймээн гарсны улмаас 57 хоригдол амиа алджээ. Тэдгээрийн 16-гийнх нь толгойг авсан байсан бол 41 нь амьсгал нь боогдож амиа алдсан байна.

Даваа гарагийн өглөө орон нутгийн цагаар 07.00 цагт эхэлсэн үймээн үд хүртэл үргэлжилжээ. Үймээн дэгдээгчид шоронгийн хоёр харгалзагчийг барьцаанд авсан ч удалгүй тэднийг сулласан байна.

Үймээн Командо Классе А болон Командо Вермело хар тамхины наймаа эрхэлдэг бүлэг хооронд дэгдсэн байна. Командо Классе А бүлгийн гишүүд нөгөө бүлгийн гишүүдийг хорьж байсан хэсэгт гал тавьсан байна. Үүний улмаас хоригдлууд угаартаж амиа алджээ.

Олон цагийн турш хууль сахиулагчид үймээн дэгдсэн хорих газар нэвтэрч чадаагүй байна.

Альтамира дахь хорих газар 200 хүний хүчин чадалтай хэдий ч тухайн үед 309 гэмт хэрэгтэн хоригдож байсан гэж хэвлэлүүд бичиж байгаа ч албаны эх сурвалжууд энэ мэдээллийг үгүйсгэжээ.

Бразилын хорих газруудад үймээн дэгдэх нь ховор тохиолдол биш. 700 мянган хоригдолтой тус улс хоригдлуудын тоогоор дэлхийд гуравт ордог. Энэ оны тавдугаар сард тус улсын Манаус хот дахь дөрвөн хорих газарт нэгэн зэрэг гарсан үймээний үеэр 40 хоригдол амиа алдаж байсан бол 2017 оны нэгдүгээр сард хоёр том бүлэглэлийн хооронд болсон мөргөлдөөний үеэр 130 хоригдол амиа алдаж байжээ.

Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаро хориг газруудын хяналтыг чангатгаж, дахин шинээр барих амлалт өгчээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top