#1 ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН Ч ХЭРЭГ ХЭРЭГ БИШ БОЛОХ ЁСГҮЙ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга нь хэлтсийн даргатайгаа хамт асар их хэмжээний мөнгөн дүнгээр хэмжигдэх авлигын хэрэгт холбогдсоныг АТГ-ын ажилтнууд хоёр жилийн өмнө илрүүлснийг шүүх хоёр жилийн дараа буюу өнгөрсөн тавдугаар сард хэлэлцэн ял оноожээ. Шүүхээс оноосон ял нь газрын даргын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хэрэгсэхгүй болгож, хэлтсийн даргад авлигын үйлдэлд нь таван жил төрийн албанд ажиллах эрхийг нь хасч, 40 сая төгрөгийн торгууль оногдуулсан байх аж. Авлигатай тэмцэх газраас саяхан сэтгүүлчдэд тайлангаа танилцуулах явцдаа дээрх хэргийн талаар болон шүүхээс хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл гаргаснаар энэ асуудал олны анхаарлын төвд орж ирлээ. Хэрэв АТГ үүнийг ил гаргаагүй бол Мэргэжлийн хяналт хэмээх байгууллага яаж ажиллаж байгааг, хэрхэн ялзарч байгааг хэн ч санаж сэрэхгүй байх байлаа.
Газар, хэлтсийн дарга нар нь чухам ямар нөхцөл байдал үүсгэж, яаж түүнийгээ өөрсдийн оймсны түрийг түнтийлгэх арга зам болгож байгааг хамгийн түрүүнд гадарлах, ямар нэг гомдол, ядаж л “хов жив” сонссон байх учиртай МХЕГ-ын дарга тэр үед юу хийж байсан бэ? Тэр хүн АТГ-аас түрүүлж ажиллах ёстой байсан биш үү?
#2 ТОРГУУЛЬТАЙ ЖОЛООЧ А БҮСЭД НЭВТЭРВЭЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээний ажлын явцыг сонсож, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай, Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай зэрэг 10 асуудал хэлэлцлээ. Энэ үеэр Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулга, мэдээллийг нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр хийлээ. Хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд дөрвөн уулзварт шар дөрвөлжин тэмдэглэгээ хийж, өнөөдрийн байдлаар зөрчил гаргасан 610 жолоочид торгууль ногдуулжээ. Мөн таван замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулах гээд үе шаттай арга хэмжээ авч буйг танилцуулгад дурдав. Гэсэн хэдий ч хөдөлгөөний ачааллыг сааруулах чиглэлээр хийж буй ажлууд үр дүн муутай байгаа аж. Тиймээс авто замыг бүсчлэн хувааж, жолооч нарыг хөдөлгөөнд оруулах нь зүйтэй хэмээн үзжээ. Энэ хүрээнд авто зогсоолын тоог олшруулж, тохижуулан, татвар болон торгуулийн орлогыг бүрэн төвлөрүүлэх боломж бүрдүүлэх аж.
#3 ТОЙМ: ТРАМПЫН ЖИРГЭЭГЭЭР “ХӨГЛӨГДСӨН” ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭ
Шанхай хотноо болсон АНУ, БНХАУ-ын худалдааны ээлжит буюу 12 дахь удаагийн яриа хэлэлцээ жил үргэлжилж байгаа худалдааны маргааныг эцэслэх тал дээр мэдэгдэхүйц дэвшилд хүрч чадсангүй. Яриа хэлэлцээнд АНУ-ын талаас Сангийн сайд Стивен Мнучин, худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер нарын тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бол Хятадын талаас Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ тэргүүтэй төлөөлөгчид оролцов. АНУ-ын төлөөлөгчид Шанхай хотноо хүрэлцэн ирсэн орой нь Fairmont Peace зочид буудалд талууд хүндэтгэлийн зоог барьжээ. Энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн твиттер хуудсаар дамжуулан Хятад улс АНУ-ын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахгүй, АНУ-ыг “шулсан” хэвээр байна гэх утгатай хатуу үгс чулуудан, хэд хэдэн удаа жиргэв. Үүний хариуд Хятадын Коммунист намын төв хэвлэл болох “The People’s Daily” Хятад улсад АНУ-ыг “шулах” шалтаг байхгүй, хэзээ ч тэгж байгаагүй хэмээн онцлоод Хятад улс худалдааны талаар баримталдаг зарчмаасаа ухрахгүй хэмээн бичив. Гурван сар завсарласны эцэст дахин сэргэж буй хоёр улсын худалдааны яриа хэлэлцээ амжилтад хүрнэ гэсэн хүлээлт бага байв. Талууд гурван сарын өмнө худалдааны гэрээ байгуулах хүчин чармайлтыг үгүй хийж байна гэж бие биеэ шүүмжилж байсан тэр үеэс ч илүү хөндийрчээ гэж Блумберг агентлаг яриа хэлэлцээний уур амьсгалыг дүгнэжээ.
#4 ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ХУВААРИЛАХ КОМИССЫН НЭРИЙГ НУУЦАЛНА
Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг “Буянт-Ухаа-2” 972 айлын орон сууцад хамруулах цахим бүртгэл 2019 оны долоодугаар сарын 22-ны 17:00 цагт эхэлж, наймдугаар сарын 05-ны 00:00 цагт хаагдлаа. Цахим бүртгэлтэй холбоотой асуудлаар Нийслэлийн орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцаар хангах цахим бүртгэл дууслаа. Нийт хэдэн хүн бүртгүүлсэн бэ?
-Нийт 35058 иргэн цахим бүртгэлд хамрагдсан. Энгийн түрээсэнд 4264, түрээслээд өмчлөх хэлбэрээр 30794 хүн бүртгүүлсэн. Үүнээс харахад бүртгүүлсэн иргэдийн 87,8 хувь нь орон сууцаа түрээслээд өмчлөх хүсэлтэй байна. Бүртгүүлсэн иргэдээс сонгон шалгаруулалт хэзээ дуусах вэ? гэсэн асуулт их ирж байна. Үүнд тайлбар өгье. Энэ долоо хоногт сонгон шалгаруулалт дуусна. Гэхдээ бүр дууссан гэж ойлгож болохгүй. Иргэд материал бүрдүүлэхдээ алдаа гаргавал дараагийн хүнд боломж олгоно гэсэн үг. Энэ үед нь комисс дахин хуралдаж, асуудлыг шийднэ.
-Сонгон шалгаруулалт хэрхэн явагдах вэ?
-Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу есөн хүний бүрэлдэхүүнтэй “Орон сууц хуваарилах тусгай комисс” байгуулагдсан. Эдгээр хүмүүс хүсэлттэй танилцаж, эрэмбэлнэ. Түүний дараа найман ангилалд бүртгүүлсэн иргэдэд тэнцсэн, үгүйг нь утсаар мэдэгдэж, хариу өгнө. Тэнцсэн иргэд гурав хоногийн дотор материалаа бүрдүүлж, авчирч өгөх ёстой. Цахим бүртгэлд хувийн мэдээллээ худал мэдүүлж бүртгүүлсэн бол хар жагсаалтад орно. Ингээд эрэмбийн дагуу дараагийн хүнд нь боломж гаргаж өгнө гэсэн үг.
#5 ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН АНУ ДАХЬ АЙЛЧЛАЛЫГ IJF ОНЦЛОВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт АНУ-д айлчилж, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Цагаан ордонд уулзсан. Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулгын энэхүү айлчлалыг Олон улсын жүдо бөхийн холбоо буюу International judo federation (IJF) онцолж, тэргүүн нүүртээ нийтэлжээ. IJF-ын мэдээнд “Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга Доналд Трамптай уулзлаа. Ерөнхийлөгч Трамп “Монголд агуу бөхчүүд, аваргууд байдаг” гэдгийг онцлов. 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга нь жүдо бөхийн үнэнч дэмжигч, зүтгэлтэн. Тэрбээр 2017 онд Унгарын Будапештэд болсон ДАШТ, мөн 2018 онд Азербайжаны Бакуд болсон ДАШТ-ийг очиж үзэн, жүдочдоо дэмжиж байсан" хэмээжээ.
Сэтгэгдэл ( 0 )