Г.Наранбат: Монгол, Японы хос дипломтой төгсөгчдийг бэлтгэнэ 

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 22

Монголчуудын өвөг дээдэс 800 гаруй жилийн тэртээ дэлхийн талыг байлдан дагуулж байх цаг дор Европын орнуудад мэдлэг олгох зорилготойгоор анхны их сургуулиудыг байгуулж байсан гэдэг. Хэдийгээр бид олон нийтийг боловсролтой болгох, мэдлэгийн байлдан дагуулалтыг хожуу хийж эхэлсэн боловч багахан хугацаанд дэлхий хөгжлөөс үл хоцрох мэдлэгтэй боловсон хүчнийг бэлтгэн гаргаж байгаа гэдэгтэй маргах хүн цөөн биз. Дэлхийн өнцөг булан бүрт дэлхийн хэмжээний мэдлэг боловсролыг эзэмшин буй монгол залуусын амжилтын уухай үүнийг улам батлах мэт.

Монгол Улсын хэмжээнд 100 гаруй их, дээд сургууль үйл ажиллагаагаа явуулдаг. Үүний 70 гаруй нь “хувийн” хэмээх тодотголтой их, дээд сургуулиуд. Тэдний ихэнх нь Ардчилсан хувьсгалын дараа үндэс сууриа тавьж, өдгөө хорь дахь зунтайгаа золгож буй. Яг л ийм замналаар буюу 1998 онд Гэгээрлийн сайдын 202 тоот тушаалаар байгуулагдаж байсан “Цэцээ Гүн” менежментийн дээд сургуулийн өндөр босгыг давж, эрдмийн өргөөнд тухлан саатлаа.

Хорин жилийн түүхийн шаргал хуудастай тус сургууль тухайн үедээ менежментийн чиглэлээр дагнасан сургалт явуулахаар болсон төрийн бус өмчийн анхны сургуулийн нэгээр бүртгэгдэж байсан байх юм. Өнөөдөр ч энэхүү чиглэлээсээ үл ухран цэгцтэй мэдлэг, чанартай сургалт, чадварлаг мэргэжилтнийг бэлтгэх эрхэм зорилгоо нэр төртэй биелүүлэн байна.

Хэдхэн жилийн өмнө хувийн дээд сургуулийн нэр хүнд тийм ч сайн байсангүй. Гарын арван хуруунд багтах Улсын хэмээх тодотголтой их, дээд сургуульд элсэн орохоор оочер дараалал үүсгэдэг байсан залуу үеийнхэн өнөө цагт нэр бус чанарт илүү анхаарлаа хандуулж, чанартай мэдлэг рүү хошуурдаг болсон. Энэхүү хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тус сургуулийн хамт олон оюутнуудад ээлтэй олон ажлыг зохион байгуулж, ирэх хичээлийн жилээс олон шинэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр болсон тухайгаа ярьж байлаа.

“Цэцээ Гүн” менежментийн дээд сургуулийн захирал Г.Наранбат “Энэхүү сургуулийг үүсгэн байгуулалцаж байсан ахмад сэхээтэн, багш нарын маань 20 жилийн хүч хөдөлмөр өнөөдрийн амжилтыг бий болгосон. Бид дараагийн хорин жилийг амжилттай түүчээлэх зорилготой ажиллаж байна. Ингэхийн тулд яах ёстой вэ. Өнгөрсөн хорин жилийн хугацаанд бааз суурь маань бий болчихлоо. Одоо үүнийг яаж амжилттай хөгжүүлж, урагшлуулах вэ гэх асуулт гарч ирсэн. Их, дээд сургууль гэдэг бол үйлдвэрлэл. Нэг үгээр бол бид талх үйлдвэрлэж байна. Манай сургуулиас гарч байгаа боловсон хүчин хэр амжилттай явна, төдий чинээгээрээ талх маань амт чанартай байна аа гэсэн үг биз. Тэгэхээр бид талхаа хэрхэн сайжруулж, амт чанартай болгох вэ гэдэг дээр л анхаарах ёстой юм байна гэж бодсон. Үйлдвэрлэлээ сайжруулна гэдэг бол сургалтын орчноо шинэчлэх явдал юм. Оюутнуудыг сургаад, сургалтын төлбөрийг нь аваад, тэрүүгээрээ багш нарынхаа цалинг тавиад явна гэхээсээ илүү оюутнууддаа анхаарал хандуулъя гэж үзээд өнөөдөр оюутнуудад тулгараад байгаа ямар асуудлууд байна вэ гэдгийг жагсааж үзсэн. Гэтэл оюутнуудад нэн тэргүүнд сургалтын төлбөр асуудал болдог юм байна. Хэдийгээр манай улсын их, дээд сургуулийн төлбөр дэлхийн хэмжээнд аваад үзэхэд харьцангуй багад тооцогдох буюу бүр ахлах сургуулиасаа бага төлбөртэй ч, энэ нь шинээр элсэн орж буй оюутнуудын хувьд асуудал юм. Тиймээс оюутнуудынхаа сургалтын төлбөрийг нь өөрсдөөр нь төлүүлдэг болъё. Оюутнуудаа танхимд суулгаж, онц сургаад байх биш, гадуур нийгэмд ажиллах нөхцөлийг нь хангаж өгье. Энэ хүмүүс чинь нийгмийн талбарт гарах ёстой шүү дээ. Тиймээс дөрвөн жил суралцаж байх хугацаанд нь цагийн ажлын байраар хангая. Энэ нь зөвхөн сургалтын төлбөр олно гэхээс гадна, сургуулиа төгсөхөд нь цагийн ажлаар олж авсан даддага туршлага нь тодорхой хэмжээний үнэлгээ болдог байя. Зөвхөн диплом дээр тавигдсан дүнгээр үнэлэх биш, хаана цагийн ажил хийж байсан бэ гэх нэг үнэлгээг нэмдэг болъё гэж үзсэн.

Үүнийхээ хүрээнд Монголын хөдөлмөрийн зах зээл дээр хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэх зэрэглэлийн “MSDI-Pro HRC” хүний нөөцийн компаниар хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, сурсан мэдлэгийг нь баталгаажуулдаг болсон. Энэ компани манай оюутнуудыг дөрвөн жил ажлын байранд бэлтгэж, сургаж, цагийн ажилд зуучилж, хамгийн сүүлд буюу дөрөвдүгээр курсээ төгсөхөд нь дипломноос гадна өөрсдийнх нь хөндлөнгийн үнэлгээг хийж өгдөг. Энэхүү хөндлөнгийн үнэлгээ нь ажил дээр гарахад гол үзүүлэлт болж өгнө гэсэн үг.

Үүнээс гадна оюутнуудынхаа өдөр тутмын асуудал буюу үсчин, үзвэр үйлчилгээ, боулинг, кафе, ресторан гэх мэт үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад “Манай оюутнуудад хөнгөлөлт үзүүлээч ээ” гэх санал хүсэлтийг тавиад явж байна. Маш олон байгууллагууд саналыг маань хүлээн авч, хамтран ажиллаж байгаа. Мөн бид багш ажилчид, оюутнуудаа жил бүр 150 мянган төгрөгийн эрүүл мэндийн үзлэг, урдьдчилан сэргийлэх шинжилгээнд хамруулах боломжтой болсон. Түүнчлэн манай сургууль 2016 оноос хойш Европын холбооны “Erasmus+” хөтөлбөрийн “Arrow” төслийн хүрээнд монголын боловсролын судалгаа шинжилгээ, инновацыг сайжруулах судалгааны хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдах боломжтой болоод байгаа. Энэ хөтөлбөрт монголоос 11 сургууль орсны нэг нь манай сургууль. Үүнд багтаж чадсанаараа сургуулийн маань сургалтын орчин, судалгааны зохион байгуулалт дэлхийн хэмжээнд гарах нөхцөл бүрдэж байгаа. Ингэснээр гурван жилийн дараа бид нэлээд өндөр түвшинд хүрнэ гэж зорьж байна. Энэхүү үйл ажиллагаануудыг хийж байгаа маань өмнө нь ярьсан ирээдүйн хорин жилдээ бэлдэж буй нэг хэлбэр юм” хэмээн ярьж байсан юм.

Тус сургуулийн хувьд элсэгчиддээ олон боломжийг санал болгож байгаагийн бас нэгэн жишээ нь “Хос дипломт 2+2” хөтөлбөр аж.

Энэхүү хөтөлбөрийн тухайд сургуулийн захирал тайлбарлахдаа “Миний бие Японд боловсрол эзэмшиж ирээд энэ сургуульдаа ажиллаад дөрвөн жил болж байна. Сүүлийн хоёр жил нь захирлаар ажиллалаа. Төгссөн сургуультайгаа 2015 оноос хойш санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байна. Санамж бичиг маань хоёр байгууллагын хөгжлийг дэмжинэ гэсэн ерөнхий заалттай. Үүнд мөн хамтарсан хамтын ажиллагааг тусгайлсан гэрээ байгуулсны үндсэн дээр хэрэгжүүлнэ хэмээн заасан байгаа. Энэ заалтынхаа хүрээнд дараагийн шатны үйл ажиллагаа маань ижил түвшний эрх, үүрэгтэйгээр оюутнуудаа хоёр хоёр жилээр ээлжилж сургахаар болсон. Үүнийг “Хос мэргэжилтэй программт хөтөлбөр” гэж нэрлэж байна. Ингэж хоёр сургуульд ээлжилж сурснаараа хоёр сургуулийн хос бакалаврын дипломтой төгсөнө гэсэн үг.

Манай сургуулийнханд олгогдож байгаа давуу тал нь Монгол дахь сургалтын төлбөрөөрөө Японы Кюүшүгийн мэдээлэл зүй, менежментийн дээд сургуульд сураад, хос дипломтой төгсөх юм. Японы их, дээд сургуулиудын нэг жилийн сургалтын төлбөр ойролцоогоор 35-36 сая төгрөг байдаг. Харин манай оюутнууд энэ хөтөлбөрийн хүрээнд 6.5 сая төгрөгөөр Японы дипломтой болох боломж бүрдэж байна гэсэн үг. Энэ бол бакалаврын түвшинд яригдаж байгаа ажил.

Цаашлаад магистрын түвшинд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Тэр нь 1+1 гэж нэрлэгдэх байх” хэмээж байв. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Японы талаас нэг шаардлага тавьсан нь “Япон хэлний мэдлэг II зэрэгтэй байх” гэнэ. Япон улсын хувьд хэлний түвшнийг тогтоохдоо 5-1 буюу уруудах шатлалаар үнэлдэг бөгөөд 1 бол хамгийн өндөр түвшин юм. Тиймээс энэхүү шаардлагад нийцүүлэхийн тулд “Цэцээ Гүн” менежментийн сургуульд “Хос дипломт 2+2” хөтөлбөрт зориулсан ангийг нээхээр болсон ажээ. Ингэхдээ тус ангид 20 хүүхдийг л элсүүлэх бөгөөд тэдэнд мэргэжлийн хичээлээс гадна Япон хэлний гүнзгийрүүлсэн мэдлэгийг олгох юм байна. Энэ мэтээр оюутнууддаа чиглэсэн оюунлаг, шинэлэг үйл ажиллааг төлөвлөж буй тус сургуулийн захиралтай ярилцахад ийм байсан бол үргэлжлүүлэн сургуулийн сургах арга барилын талаар цөөн зүйлийг онцолъё.


САВНААС САВАНД ЮҮЛЭХ АРГА БАРИЛААС ТАТГАЛЗАХ ХЭРЭГТЭЙ

Олон нийт оюутан болно гэдгийг гараа чилтэл онол бичих хэмээн ойлгодог нь нууц биш. Дөрвөн жилийн хугацаанд танхимд сууж, зузаан дэвтэрт цэгцтэй бичиж, гүрийтлээ цээжилж шалгуулах нь манай зарим их, дээд сургуулиудын онцлог болсон гэж хэлэхэд ч хилсдэхгүй. Тэгвэл тус хамт олон энэхүү хэвшмэл ойлголтоос зайлсхийж сургалтын “Монгол Кейс” аргыг хэрэглэдэг аж. Энэ талаар “Цэцээ гүн” менежментийн дээд сургуулийн Сургалтын албаны дарга, докторант Ч.Батжаргал “”Монгол Кейс” арга нь суралцагчдын задлан шинжлэх авьяас билгийг хөгжүүлэх, шинэ мэдлэгийг практиктай холбон баримт нотолгоонд тулгуурлан илэрхийлэн, харилцах ур чадвар, мэдээллийг олон талаас нь боловсруулах багаар ажиллах чадваруудад сурган дадлагажуулах онцлогтой болохыг эрдэмтэд нотлон тайлбарласан байдаг. Иймээс бид энэхүү аргыг сургалтын бусад арга зүйтэй хослуулан үр дүнтэй хэрэглэхийг хичээж байна. Оюутны оролцооны аргад тулгуурласан идэвхтэй хэлбэрийг сургалтдаа голчлон хэрэглэх, лекцлэх аргын давуу болон сул талыг ойлгуулах, дэвшилтэт арга зүйг идэвхийлэн хэрэгжүүлэх талаар арга зүйн чиглэл өгдөг. Багш нарын заах арга зүйн хувьд “савнаас саванд юүлэх” арга барилаас татгалзаж орчин үеийн боловсролын арга зүй, хандлагад нийцсэн аргуудаар хичээл заах барилд сургах, сургалт семинар явуулж үр дүнг тооцон ажиллаж байна” хэмээн ярьснаар бидний яриа цааш үргэлжилсэн юм.

-Онол, практикийн уялдаа холбоог хангахыг чухалчилж үздэг гэж ярьсан. Үр дүн нь ямар байна?

-Менежментийн талаарх үзэл хандлага, онолын парадигмын өөрчлөлт, шинэчлэлийг системтэйгээр судлан хичээлийн лекц, семинарын агуулгад тухай бүр тусган зааж байгаа нь менежментийн сургалтын онол-арга зүйн хувьд шинэлэг нөхцөлийг бий болгож байна. Энэ нь нийтийн удирдлага болон хүний нөөц, санхүү, маркетингийн удирдлагын мэргэжлээр суралцаж буй оюутнууд, ялангуяа нийтийн албаны шинэчлэлийн циклд ажиллах төрийн захиргааны удирдлагын төгсөх ангийн оюутнуудад онол-практикийн ач холбогдолтой юм.

Түүнчлэн уламжлалт танилцах болон үйлдвэрлэлийн дадлагаас гадна сургалтын онол практикийн уялдаа холбоог хангах зорилгоор “Томилолт-хичээл”-ийг мэргэжлийн тэнхимүүдээс төлөвлөн хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, Нийтийн удирдлага мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг хамруулан тодорхой сэдвүүдийн хүрээнд засаг захиргааны анхан шатны нэгж болох хороо, сум, төрийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцах, хамтран ажиллах, цаашид төгсөх курстээ танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийх мэдлэгийн бааз суурийг бий болгох замаар онол- практик хосолсон мэргэжилтэн болж төлөвшихөд нь ач холбогдолтой сургалт дадлагыг хийлгэж байгаа.

-Багш нарын мэдлэг, чадварыг хөгжүүлэх талаар ямар ажил хийж байна вэ?

-“Цэцээ Гүн” Менежментийн дээд сургуулийн “Багшийн хөгжлийн хөтөлбөр”-ийг нэлээд ул суурьтай, судалгаанд үндэслэн хэлэлцэн баталж, багшийн хөгжлийн бодлого үйл ажиллагааг тусгасан баримт бичиг болгон хэрэгжүүлж байгаа нь ач холбогдлоо өгч байна. Сургуулийнхаа багш нарыг хөгжүүлэх, мэдлэг чадварыг дээшлүүлэхэд сургалтын хэрэгцээнд тулгуурлан, хөгжих орчныг бүрдүүлж, зохион байгуулах асуудлыг нэн тэргүүнд тавьдаг. Мэргэжлийн сургалтын арга, шинэ технологид суралцуулах мэргэжил дээшлүүлэхэд анхаарч сургууль дотор богино хугацааны сургалтууд зохион байгуулахаас гадна бусад мэргэжлийн сургалтад хамруулах ажлыг тогтмол хийж ирлээ.

-Танай сургуулийг төгсөлтийн дараах ахисан түвшний буюу магистрын болоод эчнээ хэлбэрээр сургалт явуулдаг гэж мэднэ. Энэ талаар дэлгэрүүлбэл?

-Манай сургууль анх байгуулагдах үедээ тухайн үеийн Засгийн газрын захиалгаар төрийн захиргааны албан хаагчдыг мэргэшүүлэн сургаж байсан түүхтэй. Үүнээс хойш төрийн захиргааны удирдлагын өдрийн ангиас гадна сургалтын эчнээ хэлбэрээр төрийн захиргааны удирдлагын олон арван бакалаврын зэрэгтэй төрийн захиргааны мэргэшсэн менежерүүдийг бэлтгэн гаргаж байна. Эдгээр төгсөгчдөөс төрийн захиргааны байгууллагын болон бусад албаны бүх шатанд удирдах, гүйцэтгэх албан тушаал эрхэлж төрийн албыг нэр төртэй хааж байгааг дурдахад таатай байдаг.

Нийтийн удирдлагын эчнээ ангиас гадна нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өнөө үеийн удирдлагын салбарт эрэлттэй байгаа “Хүний нөөцийн менежер” мэргэжлээр эчнээ ангитай болсон. 2012-2013 оны хичээлийн жилээс БСШУЯ-ны сайдын тушаалаар төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын магистр, Боловсролын удирдлагын ангийг мөн нээсэн.

-Байгууллагууд маркетингийн менежерт өндөр шаардлага тавьдаг болсон. Танайх тэрхүү шаардлагад тэнцэхүйц боловсон хүчин бэлтгэж чадаж байна уу?

-Манай сургуулийн төгсөгчдийн 80 хувь нь ажлын байртай болж чаддаг. Байгууллагууд маркетингийн менежерүүдэд мэргэжлийн мэдлэг чадвараас гадна, гадаад хэлний мэдлэг, компьютер, интернэтийн орчинд ажиллах, хувь хүний менежмент, бие даан болон багаар ажиллах, ачаалал даах чадвар зэрэг нийтлэг шаардлагыг тавих хандлагатай болсон. Бид дээрх шаардлагуудын дагуу сургалтын нийт процессыг чиглүүлж сургалтын үйл ажиллагаанд онол-практикийн уялдаа холбоог хослуулах талаар анхааран ажиллаж байна.

Тодруулбал, манай оюутнууд гуравдугаар курсээсээ эхлэн курсийн ажил, танилцах дадлага, үйлдвэрлэлийн дадлага, дипломын ажлыг “Таван Богд”, “Номин Холдинг”, “Витафит”, “Хаан банк”, MCS зэрэг монголын томоохон байгууллагын маркетингийн албадад хийж байна.

-Маркетингийн менежмент мэргэжлээр төгсөгч нь аж ахуйн нэгж, байгууллагын ямар ажлын байран дээр ажиллах боломжтой вэ?

-Дэлхийн хамгийн эрэлт хэрэгцээтэй 20 мэргэжилд маркетингийн судалгааны менежер байдаг нь энэхүү мэргэжлийн ач холбогдлыг илэрхийлж байна. Маркетингийн албаны менежерүүд нь байгууллагын макро, микро орчны судалгааг тогтмол хийж, мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөн бүтээгдэхүүн, үнэ, хуваарилалтын суваг, идэвхжүүлэлтийн үйл ажиллагааг удирддаг. Өнөө үед аж ахуйн нэгж, байгууллагуудын маркетинг, борлуулалтын албанд маркетингийн судалгааны ажилтан, брэнд менежер, борлуулалтын менежер, зар сурталчилгааны менежер, олон нийттэй харилцах менежер, худалдааны төлөөлөгч, харилцааны менежер, үйлчилгээний менежер зэрэг ажлын байран дээр ажиллах боломжтой юм.

-Санхүүгийн менежментээр төгссөн төгсөгчдийн хувьд... ?

-Санхүүгийн менежмент мэргэжлээр суралцан төгссөн бакалавр зэрэгтэй төгсөгч нь бизнесийн байгууллага, банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, брокер диллерийн компани, төрийн байгууллагад санхүүгийн менежер, шинжээч, санхүү болон үнэт цаасны хөрөнгө оруулалтын менежер, зээлийн эдийн засагч, даатгалын мэргэжилтэн зэрэг албан тушаалд ажиллах боломжтой.

-Нийтийн удирдлага мэргэжлийн тодорхойлолт, онцлогийн талаар ярихгүй юу?

-Нийтийн удирдлага мэргэжил нь олон зуун жилийн өмнөөс үүсч бий болсон эрэлт хэрэгцээтэй мэргэжилд тооцогддог онолын мэдлэг, практик ур чадвар, удирдахуйн ухааны нягт нямбай үйл ажиллагаа шаардсан мэргэжил юм. Төрийн захиргааны удирдлага мэргэжил нь төрийн захиргааны байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах, зохион байгуулах, хянах, удирдан чиглүүлэх гол чиг үүрэгтэй. Монгол Улсын Засгийн газар, яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага, төрийн бусад байгууллагын удирдах нэгж, хэсэг бүтэц болгонд гол үүрэгтэй, хөрвөх чадвар бүхий мэргэжил.

-Менежментээр дагнан мэргэжилтэн бэлтгэдэг сургуулийн хувьд “менежер” гэдгийг тодорхойлбол?

-Менежер бол эрхэлсэн ажлынхаа өнөөгийн байдлыг нарийвчлан судлан, түүнд зөв үнэлэлт дүгнэлт өгөх чадвар эзэмшсэн удирдан чиглүүлэгч байх ёстой. Харилцааны болон хувийн сахилга баттай, бусдыг сонсох чадвартай, мэдээллийг мэдлэг болгодог, мэдлэгээрээ үнэ цэнэт баялгийг бүтээж чаддаг, техник технологийн орчин үеийн шинэ шийдлийг ашиглан хөдөлмөрийн бүтээмжээ хэд дахин өсгөж чаддаг мэргэжилтэнг менежер гэж үзэх нь манай сургуулийн сургалтын үзэл баримтлалд нийцнэ.

ӨӨРИЙН “БҮТЭЭГДЭХҮҮН”-ЭЭ УЛСЫН ОЛИМПИАДАД ТҮРҮҮЛЭХИЙГ НЬ ХАРАХ МӨРӨӨДӨЛТЭЙ

Чанартай боловсролыг эзэмшихийн тулд чадварлаг багш нар байх хэрэгтэй. Тус сургуулийн эрдэмтэн багш нарын төлөөлөл Г.Олзбаяртай ярилцлаа. Түүний хувьд энэ сургуулийнхаа бүтээгдэхүүн бөгөөд сургуулиа төгсөөд багшлах урилга хүлээн авч, төрөлх сургуульдаа Маркетингийн удирдлагын багшаар ажиллаж байна.

-Тус сургуулийг хэзээ төгссөн билээ?

-2004 онд элсэн ороод 2008 онд төгссөн. Одоо ес дэх жилдээ багшилж байна.

-Энэ сургуулийн оюутан байх ямар байв?

-Сургууль маань оюутнууд руугаа чиглэсэн, оюутнуудынхаа ур чадварыг нэмэгдүүлэх олон ажил зохион байгуулж, практик мэдлэгүүдийг олгодог. Миний бие 2007 онд Сүхбаатар дүүргийн Статистикийн хэлтэст дадлага хийж байсан. Төгсөхөд маань тус хэлтсээс ирж ажиллаач ээ гэх урилга ирсэн бөгөөд түүнтэй зэрэгцэн сургуулиас маань ч багшлаач гэсэн хүсэлтийг тавьж байлаа. Тухайн үед сургуулиа дөнгөж төгссөн, шинэхэн боловсон хүчин миний хувьд багшилна гэдэг зүйл нэг л бууж өгөөгүй л дээ. Тиймдээ ч Статистикийн хэлтэстээ нэг жил ажиллахаар болсон. Тэндээ үеийнхээ залуусыг манлайлан ажиллаж, нэлээд идэвхтэй байж, туршлага хуримтлуулсан. Тэгээд дараа жил нь сургуулиас маань дахиад багшлах санал тавихад нь хүлээн авч, ажиллахаар болсон. Өмнө нь оюутан байхдаа сургуулиас зохион байгуулж байгаа ажилд оролцдог байсан бол багшлах боловсон хүчин болоод ирсэн чинь өөрөө зохион байгуулдаг болоод ирсэн. Дээр нь үндсэн сургалтын болоод эрдэм шинжилгээний ажилд илүүтэй анхаарал хандуулж, өөрөө ч давхар суралцаж явна. Оюутан байхад маань эрдэм шинжилгээний ажил болоод оюутнуудыг дадлагашуулах маркетингийн мэргэжлийн ажлууд маш их зохион байгуулдаг байсан. Энэ нь ажил дээр гарахад нэлээд их дэм болж байсан шүү.

-Тэгвэл одоо “Цэцээ Гүн” маркетингийн дээд сургуулийн залуу боловсон хүчний хувьд өөрийн бодлоо хуваалцвал?

-Сургууль маань залуу багш нарыг маш сайн дэмждэг. Би энэ сургуульдаа ажиллаж байх хугацаандаа магистрын зэргээ хамгаалсан. Ингэхэд манай сургуулийн зүгээс эрдмийн ажлаа хийх цаг завыг нь гаргаж өгөх, сургалтын төлбөр дээр хөнгөлөлт үзүүлэх зэргээс гадна сэтгэлзүйн дэмжлэгийг үзүүлж байсан. Үргэлжлүүлээд одоо би докторантурт элсэн суралцаж байна. Багшийн ажил маш ачаалал өндөртэй. Гэвч тэр бүгдийн хажуугаар энэ бүгдийг амжуулах боломж бололцоог сургуулийн хамт олон маань өгч чаддаг. Энэ маш том давуу тал юм. Түүнчлэн багш нарыгаа чадавхжуулах сургалт, семинарыг байнга зохион байгуулдаг. Жишээлбэл, 2013 онд Макао, Хонгконг, БНХАУ гэсэн гурван улсад зохион байгуулагдсан үйлдвэртэй танилцах дадлагад би сургуулийнхаа бас нэг залуу багштай явж байлаа.

-Оюутан байхад “Энэ багш надад ингэж заасан бол би ойлгох байсан” гэх бодол төрдөг шүү дээ. Таны хувьд тэгэж бодож байв уу. Түүнийгээ хэрэгжүүлж байсан тохиолдол байна уу?

-Оюутан байхад авсан мэдлэг маань миний үндсэн суурь болсон л доо. Тухайн үед бодож байсан мэргэжлийн зүйлсийг илүү гүнзгийрүүлэх боломжийг багшлах нөхцөл маань надад олгосон. Ажиллах хугацаандаа би зургаа дахь гарын авлагаа гаргасан. “Хямралын эсрэг удирдлага” гэх энэ гарын авлага маань маркетингийн удирдлага хичээлийн маань суурь хэрэглэгдэхүүн болоод явж байна. Гэхдээ оюутан байх үеийн тэр мөрөөдөлдөө арай л хүрч чадаагүй л явна.

-Нууц биш бол ямар мөрөөдөл байв?

-Сургуулийн томоохон ажлын нэг нь Улсын олимпиадад оюутнуудаа оролцуулах байдаг. Би оюутан байхдаа маркетинг, менежментийн улсын олимпиадуудад тогтмол оролцдог байсан. Харин багш болсноосоо хойш буюу сүүлийн гурван жил маш эрчимтэйгээр оюутнуудаа бэлтгэж, сойж байна.

Миний хувьд мөн оюутан байхдаа олимпиадын хяналтын зөвлөлд орж ажиллахаас гадна удирдагч багшаар ажиллаж байсан. Харин өнгөрсөн жил улсын олимпиадад шүүгчээр суудаг болсон. Оюутан байхад Улсын олимпиадад сургуулиа төлөөлөөд оролцож, түрүүлэх нь миний мөрөөдөл байсан бол багшлах болсноосоо хойш миний школоор сурч байгаа миний шавь, миний бүтээгдэхүүн энэ олимпиадад түрүүлэхийг харах нь мөрөөдөл минь болоод байна. Ирэх жилээс мөрөөдөл маань биелэх байхаа гэж найдаж байгаа. Шавь нар маань жил бүр ахиж байна. Сургуулиас маань ч энэ тал дээр маш их анхаарал тавьж, хэрэгцээт гарын авлагуудыг ч бэлдээд өгчихсөн байгаа.

БАГШ, ШАВЬ ГЭХ ЗЭРЭГ ЗИНДААГҮЙ СУРГУУЛЬ

“Цэцээ гүн” менежментийн дээд сургуулийг Маркетинг менежментийн чиглэлээр суралцан төгссөн А.Номин-Эрдэнэ: “Миний хувьд анхнаасаа мэргэжилдээ дурлаж, сонгоогүй. Харин энэхүү мэргэжлээрээ суралцаад, гүн рүү нь орж мэдэхийн хэрээр илүү дурлаж, дуртай болсон. Төгсөхөөсөө өмнө ажлын байртай болж, одоо үргэлжлүүлэн ажиллаж байна. Энэхүү ажлыг олоход сургуулиас маань маш их дэмжлэг үзүүлсэн. Манай сургуулийн багш нарын хувьд бусад сургуулийг бодвол оюутнуудтайгаа илүү тулж ажилладаг юм шиг санагддаг. Гадаадад хэсэг хугацаанд суралцаад ирсэн хүний хувьд харж байхад онол, практик хосолж явдаг. Японд бол ихэвчлэн онол л заадаг. Ижил түвшний найз нөхдүүдийгээ ажлын талбарт харж байхад ч тэр манай сургуулийг төгссөн хүн илүү практик мэдлэгтэй байдаг юм шиг санагддаг.”


“Цэцээ гүн” менежментийн дээд сургуулийг Төрийн захиргаа, удирдлагын чиглэлээр төгссөн Х.Хаш-Эрдэнэ. Тэрбээр одоо Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст эргүүлийн офицероор ажиллаж байна. “-Би өмнө нь “Хууль сахиулахын их сургууль”-ийн Цагдаа дамжааг төгссөн. Ахлагчаар ажиллаж байх хугацаандаа шагнуулж, тус сургуулийн анхны зургаан сарын ангид элсэх боломжтой болсон. Бидний хувьд хэдийгээр офицер боловч бакалаврын зэрэггүй учраас дээшээ дэвших боломж байдаггүй. Тиймээс энэхүү боломжоо ашиглан, бакалаврын зэрэгтэй болж авлаа. Энэ маань тушаал ахихад ч түлхэц үзүүлэх юм. Боловсрол эзэмшүүлэх тал дээр практикт илүү суурилдаг юм шиг санагддаг. Тухайлахад миний мэргэжлийн хувьд практикт тохиолддог асуудлуудыг хэрхэн хуулийн хүрээнд, зөв аргаар шийдвэрлэх вэ гэдгийг нарийн заадаг гэх юм уу даа. Бидний хувьд зарим зүйлийг сайн мэдэхгүйгээсээ практик нөхцөлд муйхараар хэтэрхий зүтгэдэг юм байна гэх бодол төрсөн. Мөн багш гэхээрээ зааж зааварладаг, тусдаа хүмүүс юм шиг зэрэг зиндаа заагаад байдаг шүү дээ. Энэ сургуульд тийм зүйл байдаггүй нь их сайхан санагдсан. Түүнчлэн анги дүүргэлт цөөн байлгадаг учраас суралцагчид нь ижил тэнцүү мэдлэгийг олж авч чаддаг. Багш нар хүүхэд бүртэй тулж ажиллана.


“Цэцээ гүн” менежментийн дээд сургуулийг Санхүү удирдлагаар төгссөн Т.Буяннэмэх: “Өөрийнхөө хүсэл сонирхлыг дагаж, мэргэжил эзэмшихээр энэ сургуулийг алхаж ороод дөрвөн жил суралцан төгслөө. Өнгөрөгч хугацаанд өнөөгийн нийгэмд бэлтгэгдэн гарч буй санхүүчидтэй эн тэнцэхүйц мэргэжилтэн болж суралцсан гэж бодож байгаа. Миний хувьд төгсөнгүүтээ ажлын байртай болсондоо маш их баяртай байна. Одоо би Худалдаа хөгжлийн банкинд теллерээр ажиллахаар болсон. Хөдөө орон нутгаас ирсэн миний хувьд нэгдүгээр курстээ хаагдмал, бүрэг ичимхий хүүхэд байсан. Харин дөрвөн жил суралцсаны дараа хэнд ч хэлэхийг хүссэн зүйлээ хэлчихдэг, эзэмшсэн мэргэжлээрээ хэний ч өмнө бардамнаж чадах хэмжээнд хүрсэн байна. Энэ бол сургуулийн багш нарын маань буян шүү дээ. Ажил олгогчид хувийн дээд сургууль төгссөн гэхээр дурамжхан ханддаг ч манай сургуулийг төгссөн хүүхдүүдийг бол ажилд авах дуртай байдаг. Мэдсэн мэдлэгтээ эзэн болдог болоод л тэр байх.”


Ийнхүү их эрдмийн өргөөнд саатсан нэг өдөр маань ийнхүү өндөрлөлөө. Төгсөлтүүд дуусч багш оюутнуудын ажил багассан ч номын өргөө рүүгээ зүглэх тэдний сэтгэл яг л хэвээрээ...

Сурвалжлагч О.Шинэтуяа

"Зиндаа" сэтгүүлийн 2018 оны №10/510 дугаарт нийтлэгдэв

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top