ТОЙМ: Путин, Макрон нарын хэлэлцээ хэрхэн өрнөв?

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 21

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Төрийн тэргүүн Эммануэл Макрон нар Францад уулзлаа. Хоёр улсын удирдагч ОХУ, Францын харилцааг хөгжүүлэхийн ач холбогдлыг онцлоод олон улсын аюулгүй байдал, Сирийн асуудал, Украин дахь мөргөлдөөн зэрэг асуудлыг хөндөн хэлэлцэв. Форт Брегансон хотод хийсэн уулзалт 3.5 цаг орчим үргэлжилжээ. Уулзалтын өмнө хоёр улсын удирдагч сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа сүүлийн үед өсөн нэмэгдэж байна” гэсэн бол Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Оросыг Европын нэг хэсэг гэж үздэгээ хэлжээ. Түүний хэлснээр Москва болон Брюссель одоо байгаа харилцаагаа сэргээх шаардлагатай аж.

“ОХУ, Европын холбооны хоорондын итгэлцлийг бид сэргээх хэрэгтэй. Франц энэ тал дээр үүргээ гүйцэтгэнэ. Цөмийн асуудал, кибер аюулгүй байдал зэрэг бусад аюул заналхийлж байгааг бид мэднэ. Эдгээр зөрчлийг шийдвэрлэхийн тулд тэмцлийн нийтлэг аргыг боловсруулах ёстой” гэж Э.Макрон хэлжээ.

Чухал сэдэв

Хоёр улсын удирдагчийн ярьсан хамгийн чухал сэдвүүдийн нэг нь олон улсын аюулгүй байдал, тухайлбал, дундын болон богино зайн тусгалтай пуужинг устгах гэрээний тухай асуудал байв. Олон улсын аюулгүй байдлын үүднээс Москва цөмийн зэвсгийн туршилт хийхийг хориглосон гэрээний явцад санаа зовж байна гэж Путин нэмж хэлжээ. Францын Ерөнхийлөгч “Бид хэлэлцэх олон сэдэвтэй. Мэдээжийн хэрэг бидний хамтын зүтгэл бол зэвсэглэлээс ангижрах явдал юм. Эдгээр асуудлаар маш нарийн хэлэлцэнэ гэж найдаж байна” хэмээв. Сирийн Идлиб мужийн бүсээс Хмэймим дахь Оросын агаарын бааз руу довтлохыг оролдсон тул Сирийн армийн энэхүү террорист аюулыг таслан зогсоохын тулд орон нутгийн ажиллагаа явуулахыг дэмжиж байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч онцолжээ.

Э.Макрон Сирид хүмүүнлэгийн маш их ажил хийгдсэн гээд “Идлибд үүсээд буй нөхцөл байдалд санаа зовж байна. Путинтэй хийсэн яриа хэлэлцээний нэг хэсэг бол Сирийн асуудлыг шийдвэрлэх. Энэ асуудлаар хүлээсэн үүргээ биелүүлэхийг хичээнэ. Сирийг сэргээн босгохын тулд бүх талыг дайчилна” гэсэн байна.

Орос, Францын Ерөн­хийлөгч нар мөн Украины зөрчилдөөнийг шийдвэрлэх тухай асуудлыг хөнджээ. Путин Макронтой Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар хийсэн ярианыхаа талаар хуваалцсан байна. Макрон Нормандын форматаар хуралдахыг зөвшөөрчээ. Нормандын дөрвөлд ОХУ, Францаас гадна Украин, Герман улс орно. “Бид дөрвөн улсын уулзалтыг хийх ёстой. Удахгүй болох Нормандын уулзалтыг хамгийн дээд түвшинд бэлтгэхээр манай дипломат зөвлөхүүдийн уулзалт болно” гэж Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон сэтгүүлчдийн асуултад хариулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top