ОХУ-ын ойн түймрийн талбай багасаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 28

ОХУ-д гарсан ойн түймэр өргөн талбайг хамарч, дэлхий нийтээрээ сэтгэл түгшсэн билээ. Тэгвэл энэ сарын 20-ны байдлаар Якут, Эрхүү муж, Красноярскийн хязгаарт өдөрт 40 түймрийн голомтыг устгасан байна. Оросын Онцгой байдлын яамнаас мэдээлснээр Якут, Эрхүү муж, Красноярскийн нутагт 12647 га талбайд 40 түймэр унтраажээ. Суурин газруудаас 5 км-ийн бүсэд түймэргүй болгосон бөгөөд хүн амын суурьшил, дэд бүтцэд заналхийлэл байхгүй талаар Оросын Онцгой байдлын яамнаас мэдэгдэж буй.

КРАСНОЯРСКТ ОДОО 53 ТҮЙМЭР АСАЖ БАЙНА

Красноярскийн хязгаарт ойн түймрийн талбай өчигдрийн байд­лаар нийт 14 мянга орчим га-гаар багасжээ. Одоо нийт 301919 га талбайд 53 түймэр асаж байна. Красноярскийн хязгаар болон Эвенкийск дүүрэгт онц байдал зарлаж, хөдөө аж ахуйн зориулалттай газруудад ил гал асаах, хуурай өвс шатаахыг хориглосон билээ. Тус хязгаарын ой болон зэргэлдээх нутаг дэвсгэрт эргүүл тавьж, хуурай өвс шатаах зэргээр түймэр гарахад нөлөөлсөн хүмүүст оноох шийтгэлийг чангатгажээ. Красноярскийн нутаг дэвсгэрт түймрийн хэмжээ зарим өдөр нэмэгдэж байгаа аж.

Бүс нутгийн онцгой байдлын комиссын шийдвэрээр гал унтраагүй хяналтын бүсэд нийт 315.2 мянган га талбай бүхий 109 түймэр асаж байжээ. Түймрийн улмаас учирч болзошгүй хохирол нь төлөвлөсөн унтраах зардлаас бага байгаа талаар албаны хүмүүс ярьсан байна.

Хойд хөршийн ойн түймэр нийт 3.4 сая гектар талбайг хамарч байв. Гэвч Оросын гал түймэртэй тэмцэх албаныхан зөвхөн хүн ам оршин суудаг газар нутгуудад дөхөж ирсэн түймрийг л унтрааж байсан юм. Түймрийг унтраах зардал нь шатсан ойг нөхөн сэргээх хөрөнгөөс давж байгаа учир эдийн засгийн асуудлаас шалтгаалан түймрийг бүрэн унтраахгүй байжээ. Түймрийн голомт нь Красноярскийн хязгаар, Эрхүү муж, Якутад байгаа юм. Якутад онц байдал зарлаад байна. Якутад хамгийн их талбай буюу 1.2 сая га газар шатаж байлаа. ОХУ-ыг ойн түймрээ унтраах арга хэмжээ авахыг олон улсын алдартнууд, төр, засгийн тэргүүнүүд уриалсан юм. Тухайлбал, алдарт жүжигчин Леонардо Ди Каприо Орост хандан Сибирийн ойн түймрийг унтрааж, ан амьтан, зэрлэг онгон байгалийг аврахыг хүссэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан билээ. Тэрбээр Сибирийн ойн түймрийн унтраахад АНУ туслах санал тавьсныг ОХУ-ын тал шаардлагатай тохиолдолд АНУ-аас тусламж авна гэсэн хариу өгсөн.

2010 ОНЫ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ДАВТАХГҮЙ

Оросын зарим хотын иргэд өнгөрсөн долоодугаар сарын 13-наас эхлэн түймрийн утаанаас болж толгой нь өвдөх, дотор муухайрах зэргээр бие нь муудаж байв. Утаа, манангаас болж зарим хотод онгоц нисэж, буух боломжгүй болж байсан юм. Сибирь болон Алс Дорнод дахь ойн түймрийг унтраахад тав хоногийн хугацаа орно гэж эхэндээ армийнхан мэдэгдсэн. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев түймэртэй илүү их хүчээр тэмцэх хэрэгтэйг мэдэгдсэн юм. Тэрбээр 2010 оны түймрийн нөхцөл байдлыг давтахгүй байхыг анхааруулж, “2010 онд Орос орон бараг бүхэлдээ шатаж байсан. 10 хүн нас барж, хүн ам оршин суудаг газар нутгууд шатсан. Ой болон улс орны бусад чухал объект шатаж үгүй болсон” гэжээ. Иймээс түймрийг хүн ам оршин суудаг газар нутгуудад тараахгүй байхыг чухалчлан ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top