Америкийн жүжигчин Леонардо Ди Каприогийн үүсгэн байгуулсан “EarthAlliance” сангаас Бразилын Амазон мөрний ширэнгэд гарсан ойн түймрийг унтраахад зориулан, таван сая ам.доллар хандивлажээ.
Гэхдээ энэ мөнгөний ихэнх нь түймэрт нэрвэгдсэн нутгийн уугуул иргэдэд тусламж үзүүлэх, дэлхийд ховор тус ширэнгэн ойн байгалийн тогтолцоог хадгалан үлдээхэд зориулагдах юм. Бразилд ойн түймэр гараад 21 хонож байна. Энэ хугацаанд гарсан түймрийн эзлэх хэмжээ өнгөрсөн жилийн түймрээс 82 хувь их байгаа ажээ. Бразилын Зэвсэгт хүчин түймэр унтраах ажилд оролцож байгаа ч гал унтраагүй хэвээр байна.
Францад болсон “Их долоо”-гийн уулзалтаас Бразил улсад 20 сая еврогийн тусламж үзүүлэх шийдвэр гаргасан ч Бразилын Засгийн газар тусламжийг хүлээн авахаас татгалзжээ. Тус улсын ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга Оникс Лоренцони “Франц улс Дарь эхийн сүмээ шатахаас урьдчилан сэргийлж чадаагүй байж, Бразилд ойн түймэр унтраахыг заах хэрэггүй. Дэлхийд хамгийн их ой модтой манай улс өөрсдөө түймрээ унтрааж чадна” гэж мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ мундаг хүн л байгаль дэлхийдээ санаа зовдог бас бодит ажил хийдэг нэгэн бололтой.