Эрдэмтэд зангиагүй уулзалтаараа эдийн засгийн эрх чөлөөг эрэлхийллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 13

Шинжлэх ухаан технологийн сан нь байгуулагдаад 25 жил болсон бөгөөд 2018 оны санхүүжилтээр Байгалийн ухааны салбарын 116 төсөлд 1.7 тэрбум, Техникийн салбарын  38 төсөлд 1.1 тэрбум, Анагаах  ухааны салбарын 50 төсөлд 1.5 тэрбум, Хөдөө аж ахуйн салбарын 76 төсөлд 3.4 тэрбум, Хүмүүнлэгийн салбарын 10 төсөлд 997 сая төгрөг, Нийгмийн салбарын 57 төсөлд  нэг   тэрбум зарцуулжээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувьд ч хүрэхгүй байгаа шинжлэх ухааны технологийн сангийн санхүүжилтийн талаар салбарын эрдэмтэн, судлаачид өнгөрөгч долоо хоногт зангиагүй уулзалт  хийж боломжит гарцуудын талаар хамтдаа шүүн тунгааж  хэлэлцлээ.

Хэлэлцүүлгээр төрөөс шинжлэх ухааны салбараа дэмжсэнээр улс эх орондоо ямар хөгжил дэвшил гарах вэ, шинжлэх ухаанд суурилсан бодлого, Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын санхүүжилтыг сайжруулах арга замууд, Монгол эрдэмтдийн мэдлэгт суурилсан оюуны бүтээлийг дотоод, гадаадын зах зээлд нэвтрүүлэхэд төсөв, санхүү, хуваарилалтын бодлогын зөв менежмент нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэх, нутагшуулах захиалгат, цөм технологи, инновацийн төслийн сонгон шалгаруулалт, төсвийн хуваарилалтад шинэчлэл хийх, шинжлэх ухаан, технологийн салбарын эрдэм шинжилгээний байгууллагын төсөв хуваарилагч, төсвийн ерөнхийлөн захирагч, судлаач эрдэмтэд, бизнес эрхлэгч, ментор, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах түншлэлийн сүлжээг үүсгэх, шинжлэх ухаан, техник технологийн салбарын дэвшилтэд хүрэх дангаар болон хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх бааз суурь бүхий нээлттэй ил тод санхүүжилтын таатай орчныг бүрдүүлэх сэдвээр санал бодлоо илэрхийлэв.

 

 

Мэдлэгийн эдийн засгийн хөгжлийг түргэсгэх инновацид чиглэсэн судалгаанд суурилсан технологи хөгжүүлэлтийн экосистем буюу технологи дэмжин ажиллах зорилгоор эхлүүлсэн энэ ажил улмаар энэ сарын 29-нд Төрийн ордонд үндэсний хэмжээнд анх удаа зохион байгуулагдах “Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал”-д бодлогын реформ хийх санал санаачилга бүхий жинтэй байр суурь, тэргүүлэх зөвлөмжийг төр, засгийн шийдвэр гаргагч нарын төвшинд хэлэлцүүлэхэд оршино. Хэлэлцүүлэгт хүрээлэнгүүдийн удирдлага, эрдэмтэн мэргэд оролцсон юм. Тэдний байр суурь, санал бодлыг тоймлон хүргэвэл:

Б.Эрдэнэбат /МУИС-ийн ЭЗ-ийн тэнхимийн эрхлэгч/: ДНБ-д харьцуулж манайхан дүнгээ яриад байдаг. ДНБ гэж юу юм бэ? Монгол Улсын ДНБ-ийг бусад Улсын ДНБ-тэй харьцуулах нь зүйтэй юу?Монгол Улсын эдийн засгийн онцлог нь уул уурхайд тулгуурласан буюу гаднын хөрөнгө оруулагчдаас хараат гэсэн үг. Жишээ нь “Оюу толгой” ХХК Монгол Улс 34 хувийг эзэмшдэг, үлдсэн хувийг гадаадын хөрөнгө оруулагчид эзэмшдэг. Салбар бүхэн өөрийн онцлогтой учир ялгах хэрэгтэй. Монгол Улс шинжлэх ухааны төлөө санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний хувийг нэгээс илүү гаргах ёстой.

Л.Жаргалсайхан /Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал/: Манай хүрээлэнгийн төсвийн 90 гаруй хувийг дулаан халаалт, цалинд зарцуулаад дуусдаг. Хүрээлэнд 127 эрдэм шинжилгээний ажилтантай, бид хортой нөхцөлд ажилладаг бөгөөд ажилчдын нас баралтын гол шалтгаан элэгний хавдар байдаг. Ийм  хүнд, хортой нөхцөлд ажилладаг төсөлд хэрэгжиж байгаа мөнгөний хөдөлмөр хамгааллын зардалд жилд 1.8 сая төгрөг өгдөг. Энэ мөнгөөр бээлий авах уу, маск авах уу, лабораторийнхоо агааржуулалтыг сайжруулах уу гэхээр хаанаа ч хүрдэггүй. Олон жилийн насжилттай барилга байшингийн шавар шохой нурах, ус бороо гоожих, тог цахилгаан тасрах гээд доголдол үүсдэг. Сарын 1.8 сая төгрөгийн орлого олох төлөвлөгөө шаарддаг. Түүнийг олохгүй бол бичиг хэргийн материал хангамжаар дутагдах асуудал үүсдэг. Бид гадаад дотоодын төсөл, суурь судалгааны 10 хувийг авч арай чамай хөрөнгөө нөхдөг. Төсвийн санхүүжилт маш чамлалттай. Гарааны компаниуд нь амь зогоох төдий л ажиллаж байна. Машин техник, лабораторийн хэмжээнд туршилт хийдэг технологийг хөгжүүлэх, бараа бүтээгдэхүүний сав баглаа боодлыг сайжруулах тал дээр ярилтгүй.

 

 

Б.Бат-Эрдэнэ /ШУА-ийн орлогч дарга/: Санхүү гэдэг шийдвэр гаргах гол хөшүүрэг байдаг. Санхүүжилтыг хэрхэн нэмэгдүүлэх тал дээр гарцыг хайж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд уул уурхай, хувийн хэвшилд эрдэм шинжилгээний ажилд зарцуулж зардал гэсэн зүйл ангийг тусгах, эрдэм шинжилгээнд зарцуулах зардлыг нэмэгдүүлэх, лабораторын тоног төхөөрөмжийг шинэчлэх, технологийг буюу оюуны өмчийг үнэлэх, гарааны компаниудыг олноор бий болгох хэрэгтэй.

Н.Батбаатар /СЯ-ны СХЭУГ-ын ахлах мэргэжилтэн/: Өнгөрөгч зургаадугаар сард Шинжлэх ухааны бүх хүрээлэн, Шинжлэх ухаан технологийн сангийн дотоод үйл ажиллагаа, улсаас тус салбарт өгч байгаа санхүүжилтын явц, үр дүнг шалгаж дүгнэлт гаргаж, дотоод аудитын хурлаар зөвлөмж гаргаж хүргүүлсэн. Бодлогын яамны хүрээнд бүх асуудал яригдаж, их хурлаар шийдвэр гарах байх аа. Дээрх шалгалтаар гүйцэтгэл, үр дүн, тооцох, дүгнэх, тайлагнах тал дээр хангалтгүй байсан. Урсгал санхүүжилтийн зардал дээр бодит төлөвлөлтөө хийж батлуулах хэрэгтэй. Сангийн яам хяналт тавих үүрэгтэй.

Б.Батцэцэг /Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал/: Шинжлэх ухааны хүрээлэнд хамгийн сүүлд Мал эмнэлгийн хүрээлэн хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар лабораторитой болж, БСШУСЯ-аас 350 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлсэн. Манай хүрээлэнд жилд бүр 10-аас доошгүй төсөл хэрэгжүүлж, 10 гаруй эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлдэг. Сүүлийн таван жилийн хугацаанд 30 гаруйг батлууллаа. Үр дүн нь маш сайн гардаг. Хүрээлэн ганц завсар хийгээд, тогны мөнгөө төлөөд хөгжихгүй ээ, суурь санхүүжилт суулгамаар байна.

Т.Ган-Эрдэнэ /Академич/: Орчин цагийн шинжлэх ухааны менежмент өндөр хөгжиж АНУ юм уу Хятад Улсаас санаа авах хэрэгтэй. Дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хувийг эзэлж байгаа  орны шинжлэх ухаан  мэдэгдэхүйц хөгждөг. Энэ бол батлагдчихсан тоо. Европын хамтын нийгэмлэгээс мэдээлэхэд  зүүн европ хоёр хувь , АНУ, Хятад 2.7 хувьтай байсан санагдана. Тиймээс манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 0.1 хувь байгаа нь учир дутагдалтай, ядахдаа нэг хувь болгомоор байна.

С.Дэмбэрэл /Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал/: Ерөнхий сайд Хүрэлсүх “Шинжлэх ухаан технологийн хөрөнгө оруулалтын нэгдсэн төсвийг гаргаад, бодит төлөвөлөгөө өгвөл  хөрөнгө оруулалтын  тооцоог Засгийн газар шийднэ” гэсэн. Өнөөдөр цогц байдлаар шийдээд, хүрээлэнгүүд нийлээд  ШУ-ны том парк бий болгох боломжтой. Монгол Улсад бол эдийн засгийн байдал харьцангуй гайгүй байна.  Аливаа төсвийг хүнд ойлгомжтой, улс төрчдийн оюун ухаанд зөв тусахаар гаргавал төсөв батлагдана. Гадаадаас хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүд дээр багаж төхөөрөмж оруулах үнэхээр хүндрэлтэй. Энэ асуудлыг шийдээд өгвөл хүрээлэнгүүд хөгжих боломж байна” гэлээ.

 

 

Сангийн яам санхүүжилтээ хянадаг байгууллага боловч шинжлэх ухааны салбарт эдийн засгийн үр ашиг гарч, эргэлтэд оруулж байгаа эсэхийг хянадаг байх нь чухал юм. Тиймээс мэргэжлийн баг бүрдүүлж, том төслийг дэмжин ажиллахын тулд академийн эрдэмтэд их сургуульд багшилж, хамгийн сүүлийн үеийн эрдэм шинжилгээний ажлыг оюутнуудад зааж, мэдлэгийг дамжуулж, тэнхимийн бүтцийг институцийн бүтцэд шилжүүлэх хэрэгтэй юм. Дэлхийн улс орнууд мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх, инновацийг бүтээх замаар эдийн засгаа тэлэх бодлогыг баримталж байгаа энэ цаг үед Монголын шинжлэх ухаан яагаад хойгуур явна вэ? Манай эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн дэргэдэх инновац үйлдвэрлэгчдийн бизнесийн экосистемийг бүрдүүлэхэд эрдэмтэн, судлаачдын үүрэг оролцоо болон улс орны хөгжлийг түргэтгэхэд шинжлэх ухааны судалгаа, туршилт, нотолгоонд суурилсан инновацийг бүтээгч эрдэмтэн, судлаачдын багийн ажиллагаа чухал зэрэг олон гарц гаргалгаа хэлэв. Зөв менежменттэй санхүүгийн хөшүүрэг голлох үүрэгтэйг дурдмаар байна. Өнөөдрийг хүртэлх шинжлэх ухааны салбарын хөгжилд төсөвлөгдөж буй 12 тэрбумын төсвийг хэрхэн нэмэгдүүлэх вэ, хуваарилалтын зарчим гажуудалтай юу, төсөвт бодит хязгаарлалт байна уу, үгүй юу гэдэг талаар гарц хайсан энэхүү хэлэлцүүлгээс энэ сарын 26,27-нд болох “Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал” дээр эрдэмтдийн эрэлхийлсэн эдийн засгийн эрх чөлөө шийдэгдэх юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top