Гурван сая гаруй иргэнтэй. Байгалийн баялаг элбэг, газар нутгийн хэмжээгээр дэлхийд дээгүүр жагсдаг, баялаг түүхтэй Монгол Улсад бид төржээ. Нэг хүнд ногдох байгалийн баялаг, газар нутгийн хэмжээ гээд л бодоод үзэхэд дээдсийн эгнээнд зогсохоор улсын иргэд. Оюуны чадал, бие бялдар, царай зүс гээд сайн сайхан зүйлсийг тоочоод бичвэл барагдахгүй биз.
Даанч “Гаднаа гяланцаг дотроо паланцаг” гэдгийн адилаар хүн чанар, нэг нэгнээ хайрлан, хүндэтгэх ёс гээд хүмүүжил нь харласан дотортой улс болжээ. Монгол Улсын хэмжээнд гэмт хэрэг, хүчин, дээрэм, зодоон гээд хүний сэтгэл, бодолд багтамгүй үйл явдлууд гарсаар л байна. Яагаад вэ?
Энэ бол шууд хүн чанар, хүний унаган хүмүүжил, эзэмшсэн боловсролтой холбоотой асуудал. Сайхан сэтгэл гэж үгүй болж хүн чанар гэдэг зүгээр л цагаан дээр хараар бичигдэх үг л болж үлдэх нь. Зүдэрсэн нэгэндээ зүгээр туслах нь битгий хэл, хүний тооноос хасаж, зузаан хэтэвч хуурамч инээд, будмал төрхөөр хүн эрэмбэлж харьцах нь бидний ирээдүй хойч үеийн төрөлх зан болох вий. Хүн чанараа бид хаана гээгээ вэ. Гудамж талбайд аврал эрж байгаа нэгнээ нулимж, харааж өөрт нь төвөг удлаа хэмээн чичлэх юм. Яагаад түүнд туслах сэтгэл та бүхэнд байхгүй байна вэ? Та бүгд яагаад гэж өөрөөсөө асуугаарай.
“Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ” хэмээх өвөг дээдсээс уламжлан ирсэн сайхан сургаал бий. Хүнд тусалж боломгүй нийгэмд тулж ирсэн гэж үү, үгүйдээ, танд өөрт чинь л тийм сэтгэл алга. Хувиа бодсон амиа хичээсэн зан чанар л байна.
Сэтгэгдэл ( 0 )