Хойд Солонгосын хулгайн загасчид Оросын хилчид рүү дайрчээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 18


ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны хил хамгаалах газрын усан хөлгүүд тэнгисийн биологийн нөөцийг хамгаалах арга хэмжээний үеэр Япон тэнгист хулгайгаар загасчилж байсан Хойд Солонгосын хоёр дарвуулт, 11 моторт завь илрүүлжээ.

Энэ үеэр дарвуулт завин дээр байсан хулгайн загасчид Оросын  хилийн хөлөг онгоцны баг руу зэвсэгт халдлага үйлдсэний улмаас Оросын гурван хилчин шархадсан байна. Дарвуулт завь болон Хойд Солонгосын 80 иргэнийг саатуулаад байна. Шархадсан хилчдийн биеийн байдал тогтвортой байгаа аж.

Болсон явдалтай холбогдуулан БНАСАУ-ын хэргийг түр хамаарагч Жин Жонг Хёпийг ОХУ-ын гадаад хэргийн яаман дээр дуудсан бөгөөд тэрбээр хэвлэлд мэдээлэл, тайлбар өгөхөөс татгалзжээ. ОХУ-ын гадаад хэргийн яам Хойд Солонгосын далайчид Оросын хилчид рүү дайрсанд сэтгэл түгшиж буйгаа илэрхийлээд, дахин ийм хэрэг явдал давтагдахаас сэргийлэх тал дээр бүхий л арга хэмжээ авахыг шаардсан байна.

Алс Дорнодын далайчдын үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Николай Сухановын хэлснээр, Хойд Солонгосын загасчид сүүлийн үед Японы тэнгисийн ОХУ-ын хил орчмын бүсэд хууль бусаар загас агнах тохиолдлууд ихэссэн бөгөөд энэ бүсэд гол төлөв гаднын далайчид шуурганаас дайжих шалтгаар нэвтэрдэг гэнэ.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top