Нийгмийн даатгалын үйлчилгээ иргэдэд илүү ойртлоо

2019 оны 09 сарын 21

Засгийн газрын нээлттэй  хаалганы өдөрлөгийн хүрээнд өнөөдөр /2019.09.21/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /ХНХЯ/ иргэдэд нээлттэй ажиллаж байна. Сүхбаатарын талбайд болж байгаа тус өдөрлөгөөр Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн нийгмийн даатгалын газар болон төвийн зургаан дүүргийн байцаагч, ажилтнууд оролцож, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөн, зарим үйлчилгээг газар дээр нь үзүүлж байгаа юм.

Тухайлбал, нийгмийн даатгалын хууль эрх зүйн зөвлөгөө авах, сайн дурын даатгалын гэрээ байгуулах, шимтгэл төлөх, дэвтэр баталгаажуулах, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх, тэтгэвэр тэтгэмжийн тооцоолуур хийлгэх, нийгмийн даатгалын гар утасны аппликэйшний бүртгэл баталгаажуулах, санал хүсэлтээ өгч шийдвэрлүүлэх боломжийг иргэдэд олгож байна.

Энэ үеэр зарим иргэний сэтгэгдлийг сонслоо.

Хан-Уул дүүргийн ахмадын хорооны дарга Д.Совдоо: Би 30 орчим мянган ахмадтай ажилладаг хүний хувьд энэ арга хэмжээнд зориуд ач холбогдол өгч ирлээ. Энэ төр засгаас ахмадуудад тустай олон арга хэмжээ авч байна. Миний хувьд анх тэтгэврээ 300 мянга гаран төгрөгөөр тогтоолгож байлаа. Одоо бол хүн нэг удаа тэтгэврээ дахин тооцуулж, өндөр төлөлттэй жилүүдийнхээ дунджаар бодуулан тогтоолгох боломжтой байдаг юм байна. Энэ дагуу би нийгмийн даатгалынхан дээр очоод хүсэлт тавьсан.  Миний материалыг үзэж судлаад тэтгэврийг маань 500 мянга гаргаж тогтоож өгсөн. Үүнд би их баярлаж явдаг.

Сайн дурын даатгуулагч н.Ганцэцэг: Би хувиараа бизнес эрхэлдэг. Аль нэг албан байгууллагад харьяалагддаггүй болохоор хувиараа нийгмийн даатгал төлдөг. Ирээдүйд амьдралд юу ч тохиолдож болно. Заавал албадан биш, өөрийнхөө эрсдэлийг өөрөө хариуцах, цаашлаад иргэний үүргийнхээ хүрээнд нийгмийн даатгалаа төлөөд явж байна. Харин одоо нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлөхөд хялбар, нийгмийн даатгалын үйлчилгээ авах аппликэйшнтай болсон. Заавал нийгмийн даатгал дээр очиж, цаг, заваа үрэх шаардлагагүйгээр шууд интернетээр үйлчилгээгээ авчихдаг болсонд баяртай байна.


НДЕГ нь 2019 оны “Танд ойрхон-найрсаг үйлчилгээний жил” болгон зарлаж, олон ажлыг хэрэгжүүлж байгаа аж. Нийгмийн даатгалд 45.8 мянган ажил олгогчийг хамруулж, 857.5 ажилтныг албан журмын даатгалд, 168.5 мянган иргэнийг сайн дурын даатгалд нийт 1 сая 26 мянган иргэнийг хамруулжээ.

Түүнчлэн нийгмийн даатгалын санд 1 их наяд 151.5 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж, оны эхний найман сарын байдлаар 572.9 мянган даатгуулагч, иргэнд 13 төрлийн 1 их наяд 337.3 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр зардал олгосон байна.

Харин тэтгэврийн зээлийг үе шаттайгаар бууруулах зорилтын хүрээнд жилийн тэтгэврийн хүүг 18 хувиас 10 хувь болгон бууруулснаар 136.0 мянган тэтгэвэр авагч 145.3 тэрбум төгрөгийн зээлийг сарын 0.83 хувийн хүүтэй авч, 3.4 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгджээ.

Үүнээс гадна тус байгууллага нь цахим үйлчилгээгээ өргөжүүлж, иргэдэд чирэгдэлгүй шуурхай үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч байгаа юм байна. Жишээлбэл, даатгуулагч болон ажил олгогч нар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаа хүссэн үедээ, дурын газраас, үнэ төлбөргүй хэвлэн ашиглах боломжтой болсон. Гар утасны аппликейшн шинээр нэвтрүүлж дөрвөн төрлийн үйлчилгээг цахимаар хүргэх нөхцөлийг бүрдүүлсний дээр сайн дурын даатгалын гэрээ болон төлбөрийн хугацаа, тэтгэвэр тогтоолгох насны мэдээлэл зэргийг мессежээр өгөх үйлчилгээг эхлүүлжээ. Мөн хурууны хээгээ таниулан үйлчилгээ авах,  ажил олгогчоос тоон гарын үсгээр баталгаажуулсан тайлан авах, архивын үйлчилгээг цахимаар авах зэрэг боломжтой болсон.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өндөр настан(202.9.42.144) 2019 оны 09 сарын 23

Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж хүүг бууруулмаар бнаа

0  |  0
Top