Гутай, Шургадаг, Наймт голуудыг газрын зургаас хасаж, бүлэг ордыг ашиглах гэж байна

2019 оны 09 сарын 26

Маргааш бас нөгөөдөр ч энэ улс оронд хөрөнгө мөнгө хэрэгтэй. Өнөөдрийн тухайд бид хөрөнгө мөнгөний хязгааргүй хэрэгцээгээ хязгаарлагдмал нөөц баялаг болох ашигт малтмалын орлогоор тэтгэн урагшаа алхаж байна. Гэвч дараа дараагийн жилд дан ганц уул уурхайг урдаа барьж урагшилна  гэвэл эндүүрэл болох биз ээ. Хөрсөн доорх баялаг хэмжээ хязгаартайгаас гадна уул уурхайн салбар хамгийн их ХАРИУЦЛАГА нэхдэг онцлогтой. Харин манай тухайд ХАРИУЦЛАГАГҮЙ УУЛ УУРХАЙ улам бүр газар авсныг үүц баялаг тээснийхээ төлөөсөнд золиос болж хохирсон, зэрэмдэглэгдсэн байгаль орчны дүр төрхүүд гэрчилнэ. Уул уурхайн салбар эдийн засагт тэрбум тэрбумаар хэмжигдэх мөнгө дагуулж буй ч газрын доорх баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа, мөнгө босгохдоо байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулах, бүс нутгийн иргэдийн амьдрах орчныг үгүй хийхийг зөвшөөрч болохгүй л дээ. Энэ зохицуулалтыг төрөөс, төрийн нэгж байгууллагуудаас хийж, хяналт тавьж хэрэгжүүлэх ёстой ч эрх мэдлийн хэрэгжилт эрүүл бус байсныг хариуцлагагүй уул уурхайн баримтууд харуулдаг.

Тиймээс уул уурхайн салбарыг илүү хариуцлагажуулахын тулд хэвлэлийнхэн, иргэний нийгмийн байгууллагууд баримтад түшиглэн нийтэлж, нэвтрүүлж, хэлж ярьж, тэмцэж буй нь эхнээсээ үр дүнг дагуулж буйг Тост, Тосон бумбын жишээнээс харж болно. Тэгвэл “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-аас хамтран зохион байгуулсан Тост, Тосон бумбын нурууг хамгаалсан жишиг тэмцэл “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг Хэнтий аймгийн Чингис хотоос энэ сарын 24-ний өдөр албан ёсоор эхлээд байна.

Хэнтий аймгийн хэмжээнд   гур­ван жилийн өмнө 300 гаруй ашигт малтмалын лиценз бүртгэлтэй бай­сан бол өнөөдрийн байдлаар хайгуулын 100 гаруй лицензийг цуцалж, 226 лиценз үлдсэнийг аймгийн Засаг дарга Н.Ганбямба хэлж байсан.

Аймаг, сумын зүгээс уурхайн лиценз газар нутаг дээрээ олгуу­лахгүй байх талаар санал хүргүүлдэг ч Ашигт малтмал, газрын тосны газраас лиценз гэдэг цаас авсан этгээдүүд нутаг оронд нь ирж дураараа дургидаг гэсэн байр суу­рийг тэрбээр илэрхийлсэн. Тийм олон жишээний нэг нь Гутайн давааны орчимд байрлах Гутайн бүлэг ордтой холбоотой асуудал юм. Гутайн давааны бүлэг ордыг ашиглахын тулд Батширээт сумын нутаг дэвсгэрт урсах Шургадагийн болон Гутайн голуудыг кадастрын зураглал болон газрын зураг дээр байхгүй болгосон зэрэг анхаарал татсан асуудлууд бийг хэлэх хэрэгтэй.

Харин БОАЖЯ-ны Ой, ус, тусгай хамгаалалттай газар нут­гийн кадастрын хэлтсийн дарга Н.Батзаяа энэ талаар тайлбар өгөхдөө “Засгийн газрын 2015 оны 194 тогтоолд тусгай хамгаалтад авагдаагүй байсан. Саяхан албаны хүмүүс газар дээр нь ажиллаад ирсэн, тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой” гэсэн зүйл хэлээд өнгөрсөн байдаг. Чухам яахаараа оршин байгаа гол усыг кадастрын  болон газрын зураг дээр арчив гэдэг нь лавшруулж харах ёстой асуудал мөн. Гутайн давааны бүлэг ордын орчимд гол ус байхгүй гэсэн шийдвэр яамнаас гарсны сацуу  “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журам гарсантай холбоотойгоор Гутайн гол орчмыг хамгаалалтын бүсээс гаргасан нь алт хайсан этгээдүүдийн олз болох үндэслэл болсныг хэлэгсэд бий.

Хэнтий аймгийн удирдлага Н.Ганбямба “Байгаль эх-Хариуц­лагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийн индэр дээрээс хэлэхдээ  “Гутайн давааны 102.690 мянган га газрыг бүтнээр нь улсын тусгай хамгаалалтад авах хүсэлтийг аймгийн зүгээс тавьсан. Энэ асуудлыг Засгийн газрын хурлаар хэлэлцсэн боловч өнөөдөр албан ёсны хариу ирээгүй байна. Аргаа бараад өөрийнхөө фэйсбүүкт Гутайн давааг бүхлээр нь, өчүүхэн ч газар үлдээхгүй бүрэн хамгаалалтад авч өгнө үү гээд сайдад хандан хэд хэд биччихээд, хариу хүлээж сууна. Биднийг уул уурхайн салбарт хэтэрхий хатуу хандаж байна гэдэг. Би хатуу хандана. Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлал, ногоон хөгжлөөрөө уул уурхайгүйгээр хөгжих боломж бий. Цаашдаа болж өгвөл бид уул уурхайн лицензгүй аймаг болохыг зорьж байна” гэж байсан. Тэгвэл нутаг орны иргэдийн зүгээс ч Гутайн давааг бүтэн үлдээхийн тулд эсэргүүцлээ илэрхийлсээр өнөөдрийг хүрч буй.

 Тодруулбал, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын дөрвөн мянга орчим иргэнээс Гутайн даваа болон Онон голын сав газарт үйл ажиллагаа явуулдаг “Пегматит майнинг” ААЗ, “Ю-Энд-Би” ХХК, “Айвуун Тэс” ХХК –ийн тусгай зөвшөөрлийг цуцалж, улсын тусгай хамгаалалтад авахыг хүссэн өргөдлийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн байдаг. Энэ дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн тайлбарыг харахад иргэдийн гомдлыг шийдвэрлэх үндэслэл байдаг. Тайлбарт,  “Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн давааны бүлэг ордод “Пегматит майнинг” ХХК-ийн  MV-019023, “Ю энд Би Гоулд” ХХК–ийн  MV-002810, “Айвуун Тэс” ХХК-ийн MV-002247 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчинтэй бөгөөд дээрх тусгай зөвшөөрлүүд нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан ойн сан бүхий газар нутагтай бүтэн болон хэсэгчилсэн давхцалтай” байна гэсэн байгаа юм. Тэгвэл нөгөө алдарт Урт нэртэй хуулийн 4 дүгээр зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно.  Үүнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарахгүй” гэж заасан байгаа юм. БОАЖ-ын сайд  Н.Цэрэнбат хэлэхдээ “Гутайн давааны бүлэг ордод “Пегматит майнинг” ХХК, “Ю энд Би Гоулд” ХХК, “Айвуун Тэс” ХХК-ийн  ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа бөгөөд дээрх тусгай зөвшөөрлүүд нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан ойн сан бүхий газар нутагтай бүтэн болон хэсэгчилэн давхцалтай байна” гээд мөн хэлчихсэн. Мөн тэрбээр Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авснаар, хамгааллын менежментийг Онон Балжийн бай­галийн цогцолборт газарт хариу­цуулахаар зардлын тооцоо хийгдэж байгаа гэх мэдээллийг өгч байсан.

Тэгэхээр Гутай орчимд гол ус байхгүй  гэсэн хачин шийдвэр гаргаж байсан БОАЖЯ энэхүү тайлбартаа бол өөр зүйлийг өгүүлсэн байна л даа. Яамны албан ёсны тайлбар хийгээд сайдын хэлсэн үгсээс харахад Гутайн давааны бүлэг орд нь стратегийн орд бишээс гадна ойн сан бүхий газар нутагтай бүтэн болон хэсэгчилсэн давхцалтай учраас уг газарт ашигт малтмал ашиглах нь ХОРИОТОЙ гэж үзэх үндэслэл байгаа юм.

Яамнаас ийм тайлбар хийсэн бол Ашигт малтмал, газрын тосны газар ч мөн анхаарал татсан тайлбар гаргасан байдаг. Тус газрын 2019 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 1/1001 дугаартай тайлбар хүргүүлэх тухай албан бичигт Хэнтий  аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших “Гутай”, “Гутайн даваа”, “Шургадагийн гол” нэртэй ашигт малтмалын ашиглалтын лицензийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан 11 үндэслэлээр цуцлах хууль зүйн үндэслэл одоогоор байхгүй байна гэсэн байгаа юм.

Тэгэхээр дөрвөн мянга орчим иргэнээс ирүүлсэн өргөдөлд төрийн хоёр байгууллагаас өгсөн тайлбар зөрүүтэй байгаа нь засгийн зүгээс шийдвэр гаргах процессыг удаашруулах нөлөө үзүүлж буйг үгүйсгэх аргагүй.

Гутайн давааны лицензийг цуцлах үндэслэл байхгүй байна гэсэн тайлбарыг хийсэн Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн уг асуудлаар байр сууриа илэрхийлсэн байдаг. Түүний хэлснээр бол “Ю энд Би Гоүлд” компанийн лицензийг 2017 оны долоодугаар сард цуцалж байжээ. Гэвч гурван шатны шүүхээр уг асуудал дамжсан байна. Анхан шатны шүүхийн шийдвэр “Ю энд Би Гоүлд” компанийн талд гарсны дараа Ашигт малтмал, газрын тосны газраас байгаль орчны нөхөн сэргээлт хийгдээгүй зэрэг нутгийн захиргааны байгууллагын шийдвэрийг үндэслэн давж заалдсан ч Улсын дээд шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, лицензийг нь  сэргээсэн байдаг аж. Тэгэхээр өнгөрсөн жилүүдэд Гутайн давааг байгалийн цогц төрмөл байдлаар нь авч үлдэхийн төлөөх иргэдийн, орон нутгийнхны тэмцэл төрийн байгууллагуудын зөрүүтэй тайлбар, шүүхийн шийдвэрүүдтэй холбоотойгоор дорвитой үр дүнд хүрч чадалгүй өнөөдрийг хүрчээ. Зүй нь Гутайн давааны бүлэг ордтой холбоотой уг асуудлыг төр засгийн байгууллагууд нэг нүдээр харах хэрэгтэй байгаа юм. Дээрх нэр бүхий компаниудын эзэмшиж буй лицензүүд  Онон мөрөнд цутгадаг Гутайн гол, Шургадагийн гол, Наймт голын урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарч буй гэдгийг сануулъя.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дарга нараа(202.55.188.82) 2019 оны 09 сарын 29

Тогтоол шийдвэрээ хурдан гаргаж энэ асуудлаа шийдээчээ...худлаа попорч2 алга болдог гарууд бнаа...батширээт биндэрийн нутгийг тусгай хамгаалалтандаа аваачээ

0  |  0
наранбулаг(202.126.89.99) 2019 оны 09 сарын 27

ЗА ЗА БОЛЬЖ ҮЗ СОНГУУЛЬ ДӨХӨХӨӨР УУЛ УУРХАЙГ Л АЛЬ БОЛОХ ИХ МУУЛЖ ЧАДСАН ХҮН НЬ УИХ-ЫН ГИШҮҮН БОЛНО ГЭЖ БОДОЖ БАЙВАЛ ЭНЭ ХЭДЭН ХӨДӨӨНИЙХӨНД ТАЛ ЗАСАХ АЯА ОЛОХГҮЙ АРАЙ Л ИХ ТУЙЛШИРЧ БАЙНА ДАА АДТАА УХАХГҮЙ ЯАЖ ВАЛЮТИЙН НӨӨЦТЭЙ БОЛОХИЙН ВАЛЮТГҮЙ БОЛ ИНФЛЯЦИ ИХДЭЭД НААД ХЭДЭН МАЛЧНЫ ЧИНЬ ХАРМАЙГ ХООСЛООД ИРЭХЭЭР ТА НАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХҮҮ ДУРААРАА УУЛ УУРХАЙГ МУУЛАХАА ЗОГСООГООРОЙ ДАВРААД БАЙВАЛ БҮГДИЙН ЧИНЬ БУЗАР БУЛХАЙГ ДЭЛГЭЭД ӨГЧ ЧАЛНА ШҮҮ

1  |  1
Top