Манай улс ирэх жил уул уурхайн салбараас гурван их наяд хоёр зуун тэрбум орчим төгрөг олохоор тооцсоны 30 хувь буюу 1.2 их наяд төгрөгийг зэсийн баяжмалын экспортоос олохоор тооцоод байгаа. Тонн зэсийн зах зээлийн ханш ирэх онд 5991 ам.доллар байх таамаг давамгайлж буй нь Тогтворжуулалтын санд эл металлаас нэг ч төгрөг оруулахгүй байх ҮНЭ гэж бодлого боловсруулагчид тооцсон байна лээ. Тэгэхээр ирэх жил зэсийн салбараас олсон орлогоосоо мөнгө хадгалж хураахгүй гэсэн үг. Гэсэн ч энэ металлын шимээр их наяд давсан мөнгө олж үрэх бидэнд дэлхийн зах зээлийн үнэ тун хамаатай. Өнөөдрийн байдлаар Лондонгийн металлын бирж дээр тонн зэсийн ханш 5763 ам.доллар байна. Сүүлийн 50 жилд дэлхийн зэсийн хэрэглээ гурав дахин өссөн нь эл металлын хэрэгцээ ямар их байгааг тодорхой илтгэнэ. Харин үнэ ханшийн тухайд хэлбэлзэл өндөртэй гэхэд болно. Ер нь дэлхийн зах зээл дээр улаан металлын ханшийн хэлбэлзэл өндөр байгаа нь дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой.
2008 оны дэлхийн санхүүгийн хямралын үеэр тонн зэс 9000 ам.доллароос 2000 ам.доллар руу унаж байсан түүхтэй. Ханшийн уналтыг Хятад улсын зэсийн импортын өсөлт аварч байв.
Энэмэтчилэн дэлхийн эдийн засаг, том зах зээлүүдийн эрэлтээс шууд хамаардаг эл металлын ханш энэ оны гуравдугаар сард 6,450.3 ам.доллар байсан бол тавдугаар сард 6,027.7 ам.доллар, есдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 5,745 ам.доллар руу уруудаж буурсан байгаа юм. Харин өнөөдрийн тухайд есдүгээр сарын дунджаас яльгүй өсөлттэй байна.
Тэргүүлэгч гүрнүүдийн худалдааны маргаантай холбоотойгоор зэсийн зах зээлд оролцогчдын хандлага өөрчлөгдөж буй нь ханшийн уналтад шууд нөлөөлж буйг шинжээчид тодотгож байгаа. Дэлхийн нийт цэвэршүүлсэн зэсийн хэрэглээний 45 хувийг дангаараа бүрдүүлдэг БНХАУ-ын эдийн засгийн өсөлт энэ оны хоёрдугаар улиралд сүүлийн 27 жилийн хамгийн доод түвшинд хүрч саарсан.
Мөн Европын холбоо, Япон, АНУ зэрэг хөгжингүй орнуудад цэвэршүүлсэн зэсийн хэрэглээ буурсан байна. Хэрэв худалдааны маргаан сөрөг нөхцөл байдалд үргэлжилбэл зэсийн ханшийн өсөлтийг дарангуйлах янзтай байгаа юм. Гэхдээ 2019-2020 онд зэсийн нийлүүлэлтэд өндөр хэмжээний хомсдол үүсэхээргүй байгаа тулд ханшид ч ноцтой эрсдэл үүсэхгүй байх гэсэн таамаг шинжээчдэд байна. Түүнчлэн зэсийн топ үйлдвэрлэгчдийн нэг Перу улсад зэсийн шинэ уурхай, үйлдвэрүүд 2021 оноос ашиглалтад орохоор хүлээгдэж буй нь нийлүүлэлтийг улам тогтворжуулах төлөвтэй байгаа аж.
Дашрамд тодотгоход, олон улсад нэр нь танил болсон Оюутолгойн далд уурхай ирэх оноос үйл ажиллагаа явуулах хүлээлттэй байсан ч бүтээн байгуулалтын ажил 18-30 сарын хугацаагаар хойшилж буйг хөрөнгө оруулагч тал мэдэгдсэн. 2023 оноос нааш далд уурхай ажиллаж эхлэхгүй гэж ойлгогдож буй. Тэгэхээр Перу зэрэг бусад улс орнуудын зэсийн үйлдвэрлэл энэ янзаар урагшилж байгаа нь манай өрсөлдөх чадвар ахихад нөлөөлж таарна. Хэдийгээр бид эндээ Оюутолгойг дэлхийн хэмжээний төсөл гэж тодотгож авч үздэг ч өнөөдрийн тухайд бид зэсийн зах зээлд анх ярьж байсан шигээ хүчтэй тоглогч болж чадаагүй байна.
Шинжээчдийн прогнозуудаас харахад зэсийн зах зээлд 2023 оноос хомсдол үүснэ гэж байгаа юм. Энэ нь Энэтхэг, Хятад, Америк улсуудын зэсийн эрэлт өсөхтэй холбогдон тайлбарлагдаж байна. Гэхдээ худалдааны маргааны цаашдын нөхцөл байдал бас чухал нөлөөтэй. Хэрэвзээ хоёр гүрний таагүй харилцаа цаашид хадгалагдвал Хятадын зэсийн эрэлт буурах магадлалтай юм.
Сэтгэгдэл ( 1 )
Болорхажид минь монгол хэлнийхээ мэдлэгийг дээшлүүл Монголчууд улаан мах гэх зэргээр муу зүйлсийг улаан гэцгээдэг Харин зэсийг чамин нэрлэх гэвэл аринжин зэс гэдэг юм шүү. Эх хэлээ мэдэхгүй тэгээд чаирхах дуртай сэтгүүлч гуай..