Араб шейхүүд Казахстанд тоодог агнаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 14

“Казахстаны Улаан номонд бүртгэгдсэн тоодог шувуу агнах эрхийг Арабын дөрвөн шейхэд олгожээ” гэж Total.kz сайт мэдээллээ. Тэд энэ сарын 10-наас 11 дүгээр сарын 15 хүртэл Казахстаны дархан цаазат газарт ан хийх эрхтэй болжээ. Араб анчид өөрийн шонхортой ирсэн бөгөөд орон нутгийн захиргаанд тэдэнд тусламж үзүүлэхийг Казахстаны Ерөнхий сайд Аскар Мамин үүрэг болгосон байна. Нэг тоодгийг 656500 тенге буюу 1686 доллароор үнэлжээ.
 


Тоодгийн ан хийх эрх авсан араб шейхүүд
 

Шейх Халиф Бин Заед Аль Нахаян (АНЭУ) – Арысск, Карактаускийн дархан цаазат газарт 43 тоодог, Өмнөд Казахстанд 90 тоодог агнах эрх.

Шейх Сурур Бин Мухаммед Аль Нахаян (АНЭУ) – Мангистауск мужийн дархан цаазат газарт 43 тоодог агнах эрх.

Шейх Сеиф Бин Мухаммед Аль Нахаян (АНЭУ) – Мангистауск мужийн дархан цаазат газарт 43 тоодог агнах эрх.

Шейх Жасем Бин Хамад Бин Халифа Аль Тани (Катар) Жамбыл мужид 27 тоодог, жусанпалинск дархан цаазат газарт 30 тоодог агнах эрх.
 


Казахстаны Байгалийн нөөц, экологи, геологийн яамнаас “276 тоодог агнах эрх олгосон нь нийт тоодогны 2,8 хувь болж байгаа тул байгальд хор хөнөөл байхгүй. Казахстан, АНЭУ-ын хооронд байгуулсан “Тоодог шувууг хамгаалах гэрээ”-ний дагуу энэ эрхийг олгосон. Персийн булангийн орнууд тоодог үржүүлэх, байгальд буцаан нутагшуулах төсөлд их хэмжээний мөнгө хандивладаг. 2003-2018 онд Арабын орнуудаас тоодог хамгаалах ажилд 61,3 сая доллар хандивласан. Энэ мөнгөний ачаар бид хулан, бөхөн хамгаалах ажилд хөрөнгө зарж чадаж байгаа” гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top