Онцгой байдлын байгууллагад нисэх нэгж байгуулах төсөл хэрэгжинэ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 16

Онцгой байдлын ерөнхий газар Бүгд Найрамдах Франц Улсын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын ерөнхий газартай хамтран “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр 2017 оноос хойш ажиллаж байна. Тус төслийг хэрэгжүүлэхээр санхүүгийн зээлийн гэрээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Франц Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Филипп Мэрлин нар өнөөдөр /2019.10.16/ Төрийн ордонд 15:00 цагт гарын үсэг зурна.

Төслийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад нисэх нэгж шинээр байгуулан, нисдэг тэрэгний 12 нисэгч, 12 механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх 3 эмчийг сургаж бэлтгэнэ. Энэ хүрээнд агаараас эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх ажиллагаанд зориулан тоноглогдсон Airbus EC-145 T-1 загварын 3 нисдэг тэрэг, нисэгч нарыг сургах бага оврыг 1 нисдэг тэрэг, симулятор, нисдэг тэрэг байрлах ангар, шатахуун цэнэглэх станц нийлүүлэх юм. 

Нисэх төхөөрөмжийг  ой, хээрийн гал түймэр унтраах, түймрийн голомтод шуурхай бүлэг илгээх, иргэд төөрөх, сураггүй болох үед агаараас эрэн хайх, аврах ажиллагаа явуулах, үер, уснаас болон өндөр барилга, байгууламжаас нэрвэгдэгчдийг аврах, авто болон үйлдвэрийн ослоос хүнд бэртэж гэмтсэн нэрвэгдэгчийг болоод ослоос үүдэлтэй өвчтөний хүндрэлийн үед эмнэлгийн байгууллагад яаралтай тээвэрлэн хүргэх зэргээр ашиглах юм.  

Мөн энэхүү төсөл хэрэгжснээр хэт хүйтний нөхцөлд гал түймэр унтраах, нефтийн бүтээгдэхүүн түүнийг хадгалдаг агуулах болон онц чухал обьектын гал түймэр унтраах 42 нэгж тусгай зориулалтын шинэ автомашинууд нийлүүлэгдэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top