Орон сууцны тѳлѳвлѳлт минималист чиг хандлагатай  байна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 25

Монгол Улсад үл хөдлөх хөрөнгийн арилжааны зориулалттай төслүүд 2008 оноос хойш эрчимтэй хэрэгжиж эхэлсэн. Тухайлбал, 2003 онд зөвхөн орон сууцны хувьд 1478 айл ашиглалтад орж байсан бол өнгөрсөн онд 12824 болж 86 хувиар өсжээ. Мөн сүүлийн таван жилийн хугацаанд 100 орчим мянган айлын таван сая метр квадрат орон сууц ашиглалтад орсон ба үүний 70 хувь нь л найман хувийн шаардлагад нийцсэн барилгууд байна. Тийм учраас үл хөдлөх хөрөнгийн салбарыг илүү мэргэжлийн болгох, ур чадварыг нь нэмэгдүүлэх зорилготой “Project forum 2019” чуулга уулзалт анх удаагаа зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээг “Үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгчдийн институт”-аас зохион байгуулж байгаа ба төсөл хэрэгжүүлэгчид, хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагууд зэрэг салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, туршлагаа хуваалцах зорилготой юм.

Монголын архитекторуудын эвлэлийн хүндэт ерөнхийлөгч Б.Батжав “Дэлхийн 7.5 тэрбум хүний нэг тэрбум нь орон сууцгүй байна. Нэг тэрбум хүнийг орон сууцаар хангах хэрэгцээг судлаад үзвэл бага талбайтай, үнийн хувьд боломжийн орон сууцны хэлбэр байна. Ийм орон сууцыг яаж хийх вэ гэхээр төлөвлөлтийн хувьд цоо шинэ хэлбэр гарч байна. Сүүлийн үед идэвхтэй өргөжиж байгаа минимализм  стиль орон сууцны төлөвлөлтөд хүчтэй орж ирж байна. Бага талбайтай орон сууцыг төлөвлөх маш хэцүү. Орон зай жижгэрэх тусам үүнийг үр ашигтай хэрхэн төлөвлөх вэ гэдэг асуулт архитекторуудын сорилт болдог. Харин орон сууц эзэмшигчдэд гэхээр жижиг талбайг орон зайн хувьд бүрэн ашиглах боломжийг олгодог. Мөн байгаль экологийн асуудал ч орон сууцны төлөвлөлтөд нөлөөлдөг. Тийм учраас сүүлийн жилүүдэд орон сууцны төлөвлөлтийг цомхон, байгаль экологийн өгөгдлүүдийг ашигласан байх гэх мэт чиг хандлагыг дагаж байгаа. Байгалийн гэгээлэг интерьерийг үндэслэл болгосон хөнгөн хэлбэрийн төлөвлөлт байдаг. Монголчууд өөрийн боломж хэрэгцээнээсээ илүү олон өрөөтэй, том байранд орохыг хүсдэг. Энэ нь хүний амьдралын бодит хэрэгцээ биш юм. Харин эсрэгээрээ ямар ч үр ашиггүй зардлыг нэмэгдүүлдэг. Минимализм гэдэг үгний утгын цаана хүн өөрийн хэрэгцээнд зориулсан зардлын хувьд хамгийн үр ашигтай төлөвлөлт орон сууцны шийдэл байдаг” гэв.

“Project Forum 2019” арга хэмжээний үеэр зөвхөн үл хөдлөх хөрөнгийн төслийн талаар хэлэлцээгүй юм. Учир нь орон сууцыг барилгын компаниуд чанарын өндөр түвшинд бариад, хүлээлгэж өгдөг. Үүний дараа тухайн барилгын ашиглалт, үйлчилгээний асуудал барилгыг насжилтад шууд нөлөөлдөг. Энэ сэдвээр “Хай спиид” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Нина илтгэл тавьсан юм. Тэрбээр “Монгол Улсын хэмжээнд нийт 1200 Сууц өмчлөгчдийн холбоо буюу СӨХ байдаг. Улаанбаатар хотод 500, хөдөө орон нутагт 700 СӨХ үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд 10 мянган төгрөгөөс 500 мянган төгрөг хүртэлх төлбөр авдаг. Үүнийг СӨХ-ны дээд зөвлөлөөс баталдаг. СӨХ-ны ашиглалт үйлчилгээ хэр чадамжтай, хүртээмжтэй байгаагаас хамаарч тухайн барилгын насжилт тодорхойлогддог” гэв.

Голомт банкны үл хөдлөх хөрөнгийн газрын захирал Б.Наранжаргал “Нийлүүлэлтийн илүүдэлтэй зах зээлд ажиллаж байгааг үл хөдлөхийн бизнест орж ирж буй хүмүүс төслийн өрсөлдөх чадвараа үнэлэх хэрэгтэй. Нийлүүлэлтийн илүүдэлтэй зах зээлд ямар төсөлд хөрөнгө оруулалт хийхээ банк мэдэхээ больчихсон байна. Зээлийн эдийн засагчдад борлуулалтын баримжаа байхгүй байна. Ихэнх төслүүд санхүүжилтийн стратегиа гаргаагүй байдаг. Ихэнх барилгын компаниуд бартер ярьдаг. Маш гоё төслөө бартераар баллачихдаг. Хоёр өрөөний хамгийн эрэлттэй стандарт хэмжээ 60 метр квадрат. Өндөр зэрэглэлийн төслөөс хүмүүс цонх том, тааз өндөр, ариун цэврийн өрөөний хүрэлцээ зэргийг хүсдэг. Ямар төсөл хэрэгжүүлж байгаагаа тодорхойлж, архитектур төлөвлөлтөө анхаарах хэрэгтэй. Өрхийн орлого нь нэг сая төгрөгөөс бага байгаа зээлдэгчид 17 хувийг эзэлдэг. Нийт зээлдэгчийн 45 хувийг өрхийн орлого нь 1-2 сая төгрөгтэй тэнцдэг хүмүүс байдаг. 25-35 насны хүмүүс хамгийн их зээл авдаг” гэлээ.

Мандал даатгалын ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг Үл хөдлөхийн эдийн засгийн талаар илтгэл тавьсан юм. Үл хөдлөхийн эдийн засгийн талаар сонирхолтой өнцгөөс өөрийн санаа бодлоо илэрхийлэв. Жишээлбэл, Louis Vuitton-ий цүнхний өөрийн өртөг 200 ам.доллар байдаг боловч уг цүнхийг борлуулахын тулд талбай түрээсэлдэг гэдгийг онцлов. Өөрөөр хэлбэл, өндөр үнэтэй хотуудад хамгийн үнэтэй талбайг Louis Vuitton түрээсэлдэг учраас өртөг өндөр болж, үнэ өсдөг тухай тайлбарласан юм.

Мөн тэрбээр "Монголд голдоо баганагүй заал бараг байхгүй. Буруу зохион байгуулалтын жишээ л дээ. Миний хувьд банк болон даатгалын салбарт ажилласан. Эдийн засгийн судалгаа хийдэг хүний хувьд үл хөдлөхийн салбарын strategy thinking юу байх вэ гэх талаар саналаа хуваалцахаар шийдлээ. Төгс бодол биш ч та бүхэнтэй хуваалцмаар байна. Монголчууд стратеги тактикийн ухааны өвөг дээдэс. Гэтэл одоо өөр болжээ. Стратеги тактик байхгүй компанийг харъя гэвэл Монгол руу явж case study үзье гэж хэлдэг болжээ. Харамсалтай. Бид New-York, London, Hong Kong руу явахдаа гоё гоё шилэн байшингийн доогуур явдаг. Шилэн байшинд орж, уулзалт хийх боломж цөөн хүнд ногддог. Бизнес хийж байгаа хүн бодит байдал ярих хэрэгтэй. Хуурамч, худлаа байдал бизнесмен хүнийг алдаг. Улс төрч худлаа хэлж болно. Бизнес хийж байгаа хүн худлаа хэлж болохгүй. Бид  Дубай, Лондон, Хонконг, Кипр шиг татвар аваад л амьдармаар байна " гэсэн юм.

“Project forum 2019” чуулга уулзалт нь цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах бөгөөд үл хөдлөх хөрөнгийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулахуйц зах зээлд оролцогч талуудыг чадавхжуулах, илүү мэргэжлийн чиг баримжаатай болгоход чиглэсэн чухал үйл ажиллагаа болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top