Гавлуулж дөнгөлүүлсэн хэвлэлийн эрх чөлөө

2024 оны 05 сарын 03

НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр тэмдэглэдэг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг өнөөдөр 31 дэх жилдээ тэмдэглэнэ. Энэ өдөр том танхимд чуулж бие биеэ харж баясаж, цол тэмдэг зүүж алга ташаад, орой цугларч шоуддаг өдөр биш. Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөг чөдөрлөж, сэтгүүлчдийн амыг хамхих гэсэн бүхэнтэй тэмцэх нь энэ өдрийн зорилго болж байна. Тиймдээ ч сэтгүүлчид, хэвлэл мэдэээллийн ажилтнууд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах тайван цуглааныг “Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав”, “Нийтлэг эрх ашгийнхаа төлөө хэвлэлийн эрх чөлөөгөө хамгаалж уулзацгаая” сэдэв дор Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Бусдын төлөө гүйхээс өөрийнхөө өмнөөс хөдөлдөггүй сэтгүүлчид яагаад ингэх болов?

Зориуд мэтээр энэ өдөр дөхөхөөр л сэтгүүлчдийн эрхэд халдаж, хэвлэлийн эрх чөлөөнд гав дөнгө зүүдэг зуршилтай болоод удлаа. Өдгөө зарим сэтгүүлч гэрээс гарах эрхгүй хоригдож, зарим нь үнэний төлөө дуугарахаас эмээсэн айдастай явж байна. Ерөөсөө л Монголд хэвлэлийн эрх чөлөө гавлуулж, дөнгөлүүлж байна гэж хэлж болно. Зүгээр л төсөөлөөд үзэхэд гав, дөнгөтэй, үргэлжийн айдастай  сэтгүүл зүй ямар үнэнийг иргэдэд хүргэж чадах юм бэ?

Нэг жишээ татъя. Олон улсын Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас гаргасан мэдээгээр Монгол Улс чөлөөт хэвлэл мэдээллийн үзүүлэлтээр 2021 онд 71.08 оноогоор 68 дугаар байрт явснаа 2022 онд 59.17 оноо авч 90 рүү урууджээ. Дэлхийн 180 орны  гол дунд, дээшлэхээсээ илүүтэй уруудах замдаа явна. МУИС-иас өнгөрсөн жил гаргасан судалгаагаар 2019-2022 оны хооронд 35 сэтгүүлч ял авчээ. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын мэдээллээр 2019-2023 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13,14 дүгээр зүйл ангиар 301 сэтгүүлчтэй холбоотой гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдэн 199-ийг нь шалгаснаас 146-г хэрэгсэхгүй болгож есөн хэргийг нэгтгэн долоог шүүхэд шилжүүлжээ. 2020-2021 онд МСНЭ-д таван сэтгүүлчийн бие махбодод халдсан тухай гомдол ирснийг хуулийн байгууллага эрүүгийн хэрэг нээхээс татгалзан хэргийг хаажээ. Энэ нь иргэдийн мэдэх эрхийн төлөө явсан сэтгүүлчдийн талд бус, тэдний эрхэд халдагсдын талд үйлчилсэн гэсэн үг. 2021-2023 онд Хүний эрхийн үндэсний комисс хэвлэн нийтлэх эрхтэй холбоотой 14, жагсаал цуглаан хийх эрхтэй холбоотой 22, мэдээлэл хайх, хүлээн авахтай холбоотой 10 гомдол мэдээлэл хүлээн авч шийдвэрлэжээ. Яг нэг жилийн өмнөх Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр хамт ажилладаг сэтгүүлчээс маань байцаалт авахаар цагдаагийнхан аваад гарч л байсан юм.

Монголд 1990-2000 он бол хэвлэлийн эрх чөлөөнд үүлэн чөлөөний нар туссан, харьцангуйгаар чөлөөт хэвлэл утгаараа оршиж асан зурвас үе. Түүнээс хойш хэвлэлүүд төрийн мэдлээс салсан ч 2000 оноос улстөрчид, бизнесийнхний хараа хяналт, атганд ямар нэг хэлбэрээр орсон. Тэр цагаас эрхтэн дархтнууд хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах барьцыг бага багаар лавшруулж, хаалтын гэрээ гэгчээс өгсүүлээд олон хэлбэрээр ам хамхих оролдлого хийдэг болсон.

Монголд хэвлэлийн эрх чөлөө 1998 оны намар УИХ-аар батлагдсан, өдгөө ч хүчин төгөлдөр мөрдөж буй Хэвлэлийн мэдээллийн эрх чөлөөний тухай гэсэн дөрөвхөн зүйлтэй цомхон хууль дээр дэнжигнэдэг. Энэ хуулийг засварлах гэж өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа завдсан. Харин ч муу нэрт сэтгүүлч гишүүд энэ хуульдаа засвар хийлгэчихэлгүй хадгалж өнөөг хүрсэн. Монгол Улсад хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн үйл ажиллагааны эсрэг 14 хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Өнөөдөр Монголд 600 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж, түүнд 4500 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан ажилладаг боловч тэднийг хамгаалдаг эрх зүйн орчин өдгөөг хүртэл бүрдсэнгүй. Үүний эсрэг нийтээрээ нэг зүгт харж, өөрчлөх цаг ирсэн гэж МСНЭ үзлээ.

УИХ-аас 2020 онд баталсан Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” гэсэн 13.14 дүгээр заалт буюу "Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 450 нэгжээс 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалтын дагуу нэг редакцын 7-8 сэтгүүлч дээр зэрэг хэрэг үүсгэн шалгах ажил ч явж буй ажээ.

Сэтгүүлчдийг яллах, торгох үндэслэл тун хөгийн. Наад зах нь нэгэн аймгийн эрх дархтан “Намайг гадаадад 13-хан удаа явсан байхад 15 удаа гэж гүтгэлээ”, “Хуульд үл нийцэх наймааг Кувейттэй хийснийг  Арабын нэгдсэн улстай гэж эндүүрч гүтгэлээ” гэх мэт. Уг үндэс нь байсаар атал ийм юмаар л булхайг нь илрүүлсэн сэтгүүлчийг унагаж намнах гэж хэдэн сар, жил дамнаад ч болов хөөцөлдөнө.

Байдал ийм байгаа учир сэтгүүлчид өнөөдөр бусдын мэдэх эрхийн төлөө, өөрсдийн бичих эрхийн төлөө дуугарцгааж байна. Өнгөрсөн жилийн акцид нийслэлийн төдийгүй орон нутгаас олон сэтгүүлч ирж нэгдсэн. Тэд гартаа  “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, Амьсгалах эрх чөлөө”, “Хүний эрхэд суурилсан ирээдүйг бүтээх нь: Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол хүний эрхийн хөшүүрэг юм”, “Сайн засаглал хэвлэлийн эрх чөлөөг боомилдоггүй”, “Хэвлэн нийтлэх эрх чөлөө үгүй бол бусад эрхээ хамгаалах боломж үгүй”, “Төртэй чөлөөт хэвлэлгүй байснаас төргүй чөлөөт хэвлэлтэй байсан нь дээр /Томас Жефферсон/”, “Чөлөөт хэвлэл, чөлөөт нийгэм, Хэвлэн нийтлэх эрх чөлөө байгаа ч чөлөөт хэвлэл алга”, “Үг хэлэхгүй бол үзэл бодол үгүй, Үзэл бодол үгүй бол эрх чөлөө үгүй” гэсэн үг бүхий уриа барьж цугласан юм. Олон хүн сошиалаар байр сууриа илэрхийлсэн. Энэ байдал өнөөдөр ч дээрдсэнгүй.

НҮБ-ын конвенциор сэтгүүлчдийг хүний эрхийн хамгаалагчид гэж үздэг байна. Сэтгүүлчид дуртайдаа, хүний мууг үзэх гэсэндээ эрх мэдэлтнүүд, тэдний хамсаатнуудын буруутай үйлдлийг илрүүлж, шүүмжилж, түүнийхээ төлөө шүүх, цагдаад дуудагдаад явдаггүй юм. Тэд танхай балмаддаа нийгмийн хэв журам зөрчиж ял авдаггүй юм. Бусдын мэдэх эрхийн төлөө, буруу булхайг уудалж ил гаргасныхаа төлөө, буруу тогтолцоог залруулах гэснийхээ төлөө эрхтэн дархтны сүрдүүлэгт өртөж, торгууль тохоогдож, амь нас нь эрсдэлд орж, дарамт нухчаанд нухлагддаг юм.

Өнгөрсөн жил “Ер нь жинхэнэ сэтгүүлч мөн л бол тэр дор хаяж таван удаа шүүхэд дуудагдаж үзсэн байгаа. Энэ бол наад захын тоо” хэмээн бичиж байлаа. Энэ удаа ч энэ үгээ давтан хэлье. Хэвлэлийн эрх чөлөөг эрээ цээргүй чөдөрлөж, сэтгүүлчдийн амыг хамхихыг оролдож, иргэдийн мэдэх эрхэд халдаж, дуртай эрхтэн дархтан нь сэтгүүлчдийг шүүх, цагдаад өгч, торгуулж, хар гэрт хорихоор чичирдэг болсныг, гэм буруутай нь бүрэн тогтоогдоогүй байхад гэрийн хорионд оруулдаг болсныг, мэдээ, мэдээллийг хааж, зөвхөн дээрээс заасан дууг нийтээр нь дуулуулахаар дохиж зангадаг болсныг эсэргүүцэхээс өөр гарцгүй байдалд тулж ирээд байна.

Сүүлийн жилүүдэд хэвлэлийн эрх чөлөө ямх ямхаар боогдсоор ирсэн. Парламентын сэтгүүлчдийн эрхээр жишээ татъя.1990 оноос 2006 он хүртэл сэтгүүлчид УИХ-ын чуулганы танхимд гишүүдийн араар сууж, болж буй процесс бүхнийг газар дээрээс нь бүрэн чөлөөтэй сурвалжилдаг байв. Зураглаач, фото сэтгүүлчид танхимын голоор чөлөөтэй явж зураг дүрсээ авдаг байсан нь хуучны төрийн түшээдийн өдгөө үнэтэйд тооцогдох архивыг бүрдүүлсэн билээ. Гэвч 2000 оноос сэтгүүлчдийг чуулганы танхимаас гаргах оролдлогыг хийж эхлэх болсон. Сэтгүүлчдийг чуулганы танхимд нэвтрүүлэхгүй, тусгай заасан цэгээс бусад газарт ярилцлага авахгүй гэх зэрэг хязгаар саад тавихыг удаа дараа оролдож байсан ч сэтгүүлч, зураглаачид тухай бүр тэмцэж нэвтрэх эрхээ хадгалж үлдсээр байв. Сэтгүүлчид чуулганы танхимд нэвтэрч сурвалжилснаар мэдээ, мэдээлэл амьд болохын зэрэгцээ, хамгийн гол нь төрийн түшээдийг сонгосон сонгогч болоод УИХ-ын гишүүдийн хооронд амьд гүүр нь болж, сонгосон гишүүд нь хэр ажиллаж, ямар хууль санаачлан батлуулж, амьдралд үйл ажиллагаа нь хэр нийцэж байгааг иргэдэд бодитоор харуулан хэвлэлийн эрх чөлөөг хангаж байсан юм. Ч.Сайханбилэг нарын гишүүд Байнгын хорооны хуралдаанд сэтгүүлчдийг суулгахгүй тухай хуулийн заалт оруулж батлуулдгийн даваан дээр сэтгүүлчид тэмцэл хийж, хэд хоногийн турш чуулганы сурвалжилга, парламентын мэдээ, мэдээлэл хийлгүй сонины улс төрийн нүүрээ цулгуй цагаан гарган тэмцсээр цуцлуулж чадсан. Ингэсний төлөө Ч.Сайханбилэг гишүүн “Хэдэн халтар сэтгүүлчид бууж өглөө” хэмээн хилэгнэж байсан удаатай.

Харин 2016 оноос хойш УИХ-ын үйл ажиллагааг хагас чөлөөтэй сурвалжилдаг болсон. Сэтгүүлчид чуулганы танхимд нэвтэрдэггүй, байнгын хорооны хуралдааны үеэр фото зураг, дүрс авдаггүй байдалд шилжсэн. Сүүлийн үед чуулганы танхимын дээд давхраас сурвалжлах эрх ч хаагдаж, Төрийн ордны нэгдүгээр давхрын голын өрөөнд зөвхөн цаанаас өгсөн дүрс харж мэдээ мэдээллээ бэлтгэдэг болсон юм шиг билээ.

Саяхан нэр бүхий гишүүд  УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барихдаа “УИХ чуулганы хуралдааныг шууд нэвтрүүлэх, үйл ажиллагаа, батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах телевиз, радиогийн тусгай сувагтай байж болно” гэсэн заалт шигтгэжээ. Хэрэв УИХ дэргэдээ радио, телевизийн сувагтай, цаашлаад магадгүй цаасан хэвлэлтэй болчихвол 1990 оны өмнөх шиг ганц шугамаар мэдээлэл авдаг цаг руугаа л нийгэм шилжинэ гэсэн үг л дээ.

Сэтгүүлчдийн амыг хамхиснаар нийгэмд юу ирэх вэ? Иргэд эрх мэдэлтнүүдийн хийж буй хууль бус бүхнийг мэдэх суваггүй болно. Дээр юу болж буйг зөвхөн цензуртай, гоёж гоодсон, амьдрал сайхан байгаа гэсэн мэдээгээр авч чихээ таглуулна. Энэ нь даамжирч зүгээр л манкурт боол мэт дээдсийн дохисон зангаагаар нэгэн ижил дуу дуулдаг хүүхэлдэй болж хувирна. Харанхуй тогоонд хөмрүүлсэн мэт хуучин хүүгийн амьдралдаа эргэж орно гэсэн үг. Ихэнхдээ хандалтын төлөө явдаг сошиалчид тийм үүрэг гүйцэтгэж чадахгүй. Тэдэнд олон хандалт авч түүнээсээ сэтгэл ханах нь л чухал болохоос бус бодит үнэнийг иргэдэд түгээх эрмэлзэл бага. Мэргэжлийн сэтгүүлчид нь сошиалчдаас ялгарч үнэн бодит мэдээллийг олонд түгээн нийгмийг түүчээлж явах цаг хэзээ хэзээнээс илүү болсныг, нийтийн мэдэх эрхийн төлөө дуугарах амаа хамхиулахгүйн төлөө, нийтлэл, нэвтрүүлгээ хаалгахгүйн төлөө Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр Монголын сэтгүүлчид нийслэлийн төв талбай дээр нийлж нэгдэн үгээ хэлэхээр ийнхүү цугларлаа.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnbvcб(88.116.92.142) 2024 оны 05 сарын 03

Ганц баяны төлөө ажилдаг бич гэснийг н үг дуугүй хийдэг сэтгүүлч олон бий...

0  |  0
Зочин(103.168.34.202) 2024 оны 05 сарын 03

Худалдагдсан гэвэл илүү оновчтой.

0  |  0
polkmnoipk(105.116.4.101) 2024 оны 05 сарын 03

МИНИЙ гэрчлэлийг УНШИ\n\nНамайг Хатагтай Цэцэгмаа гэдэг би Улаанбаатар хотын хүн, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн, яаж их өр төлөх вэ гэж андуурч, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа Мариамаас Итгэмжлэгдсэн зээлийн фирм түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй таарав. Тэгээд би тус компаниас 85 мянган долларын 5 жилийн хугацаатай зээл авах хүсэлтээ шуудангаар нь өгсөн\n (trustedloanfirm0@gmail.com). 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээл 2 хувийн хүүтэй батлагдсанд миний хувьд юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг бараг

0  |  0
polkmn(105.116.4.101) 2024 оны 05 сарын 03

МИНИЙ гэрчлэлийг УНШИ\n\nНамайг Хатагтай Цэцэгмаа гэдэг би Улаанбаатар хотын хүн, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн, яаж их өр төлөх вэ гэж андуурч, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа Мариамаас Итгэмжлэгдсэн зээлийн фирм түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй таарав. Тэгээд би тус компаниас 85 мянган долларын 5 жилийн хугацаатай зээл авах хүсэлтээ шуудангаар нь өгсөн\n (trustedloanfirm0@gmail.com). 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээл 2 хувийн хүүтэй батлагдсанд миний хувьд юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг бараг

0  |  0
Top