Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс Олон улсын Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан хэвлэлийн хурал зохион байгууллаа. “Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо буюу гавлагдав” акц зохион байгуулна гэдгээ мэдэгдэв. Монгол Улс өнгөрсөн жилүүдэд Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж, боомилсон хууль тогтоомжийг удаа дараа УИХ-аар батлан гаргаж, мөрдөн хэрэгжүүлж байна. Үүний улмаас ардчиллын суурь болдог Хэвлэл мэдээллийн салбар хумигдах, боогдох, хязгаарлагдах нөхцөл үүсэв. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй ажиллагсдын эрх ашиг ихээр зөрчигдөх боллоо. Эдгээр асуудлыг сөхөж гаргах, гарц шийдлийг хэлэлцэх, салбараараа асуудлаа ярилцах нь энэ удаагийн цуглааны гол чиглэл нь юм.
Энэ талаар Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар "Монгол улсад өнөөдөр 600 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр хэвлэлийн байгууллагууд ойролцоогоор 4500 орчим хүн ажилладаг. Тэдгээрийн эрх ашгийг хамгаалах төв байгууллага бол Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл юм. Биднийг ажил үүргээ хийхэд саад болдог олон хууль, эрх зүйн зохицуулал байна. “Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс Олон улсын сэтгүүлчдийн холбооны гишүүний хувьд хоёр удаа хүсэлт тавьсан. Бидэнд тодорхой хэмжээний зөвлөмж өгч, манай улсад ирж Эрүүгийн хуулийн зүйл заалтаар яллагдагчаар татагдаад байгаа сэтгүүлчидтэй уулзаж, бодит нөхцөл байдалтай танилцан төр, засгийн удирдлагуудад зөвлөмж өгөх хүсэлтүүд гаргасан. Харин МСНЭ-ээс тавьсан хүсэлтүүдийн хариу бол Олон улсын сэтгүүлчдийн холбооноос төр засгийн удирдлагууд болон холбогдох хүмүүст ил захидал илгээж байгаа.
Ил захидлын албаны ёсны хувилбарыг тавдугаар сарын 3-ны хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр танилцуулж, ирсэн зөвлөмж, шаардлагуудыг төр засгийн удирдлагуудад гардуулж өгнө.
Үүний зэрэгцээ улс төрийн намуудад 2024 оны 4 дүгээр сарын 15 өдөр уриалга гаргасан байгаа. Энэхүү уриалга нь намууд УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалтдаа Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан хуулийн заалтуудыг засаж залруулахад анхаарч, амлалт өгөхийг хүссэн. Мөн 2024 оны 05 дугаар сарын 03 өдөр Сүхбаатарын талбайд Улс төрийн намууд ирж МСНЭ-ийн уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлэн гарын үсэг зурж, нэгдэхийг уриалж байна" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )