Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 03

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 1994 оноос хойш жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдөр тэмдэглэж иржээ.

Энэ өдрийг тэмдэглэх санаачилгыг Африкийн орнуудын чөлөөт хэвлэлийнхэн анх гаргасан түүхтэй. Тавдугаар сарын 3-ны өдрийг тохиолдлоор сонгон аваагүй. 1991 оны энэ өдөр Намибийн нийслэл Виндхук хотод Африкийн орнуудын чөлөөт хэвлэлийн төлөөллүүд дэлхийн улс орны төр засагт хандан хэвлэлийн эрх чөлөө, ардчилсан хэв шинжийг хадгалахыг уриалсан Виндхукийн тунхгийг баталжээ.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр нь дэлхийн олон арван улсад олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд цензурт өртөж, хэвлэлийн эрх чөлөөг боомилж буй тухай, сэтгүүлчид халдлагад өртөж, тэднийг хууль бусаар баривчилж, амь насанд нь хүртэл халдаж буй тухай иргэдийн мэдээллийг нэмэгдүүлэх боломж юм.

Энэ жил Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Мэдээ нийтийн сайн сайхны төлөө” сэдвийн дор тэмдэглэж байна. КОВИД-19-тэй холбоотой халдвар хамгааллын хямрал хараат бус, чөлөөт хэвлэлүүдийн амин чухал үүргийг дэлхийн дахинд тодотгож өгөв. Мэдээллийн хэрэгслүүдийн түгээж буй мэдээ, мэдээлэл нь мэдээллийн асар хүчтэй эх сурвалж байсан хэвээр бөгөөд цар тахалтай холбоотой асуудлыг ойлгоход жинтэй хувь нэмэр оруулж байна.

Энэ өдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний талаарх бага хурал болж, ЮНЕСКО-ийн Гилермо Каногийн нэрэмжит шагналыг гардуулдаг. 1986 онд амиа алдсан Колумбын сэтгүүлч Гилермо Каногийн нэрэмжит дэлхийн нэр хүндтэй энэхүү шагналыг 1997 оноос хойш хэвлэлийн эрх чөлөөг хөгжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлж, хувь хүн, байгууллагад олгодог.

2020 онд энэ шагналыг Колумбын эрэн сурвалжлах сэтгүүлч Жинет Бедоя Лима хүртжээ.

 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top