Хашир л байгаарай

2024 оны 05 сарын 02

Cонгууль дөхлөө. Сайн муу мэдээ олширлоо. Мэдэх мэдэхгүй аргаар өрсөлдөгчөө намнах аян ид үедээ орлоо. Сонгогч биднээс хашир л байхыг цаг үе сануулж эхэллээ. Өмнө нь бид фотошопод итгэдэг байл уу. Өнөө ч итгэсээр л үү. Дээр нь хиймэл оюун ухаан ороод ирсэн бүр шок уу. Монгол хүн чинь аль дээрээсээ аливаад дүн нуруутай ханддаг даа. Үнэн эсэхийг нь нягталж, бат бөхийг нь имэрч, хуурамч эсэхийг нь түлж, үнэрлэж, түмэн зүйл аргаар нягталж байж ул суурьтайгаар үнэлэмж дүгнэлтээ хэлдэг сэн. Одоо бид хэтэрхий хийсвэр болоод гарчиг хараад агуулгыг нь ухалгүй уулгалдаг, эвлүүлсэн зураг үзээд үнэнийг харсан мэт шогширдог хөнгөн нимгэн болоод л байна даа.

Хоёр хүний харилцан бичсэн үгийн цаг минут хөдөлж байна уу, нэг өгүүлбэр бичихэд дээр гарсан цаг нь ядаж хэдэн секундээр нэмэгдэх учиртайг анзаардаг уу. Хэн нэгний энд тэнд яваа мэт эвлүүлгийг хараад толгой нь хүзүүндээ томдож уу, цамцныхаа захаас толгой нь халиад дэнхийчихсэн юм биш биз, тухайн хүний нас, царай зүс гарынхаа хэлбэртэй нийцэж байна уу, ахимаг хүний гар нарийхан сүмбэн цагаан байх нь хэр зохих вэ гээд эргэцүүлж харж байж шийдлээ гаргахыг, хашир, хянуур байхыг цаг үе сануулж байна. Үгүй бол бид салхинд хийсэх цаасан дэвүүр мэт намирсаар аль нэг талын тавьсанд занганд унасаар, морь унасан толгойгүй хүн болж хувирах гээд л байгаа шүү. Сонгууль дөхөх тусам урхи, зангыг аль ч талаас тавьж болохыг анзаарч л байх юм шүү, бүгдээрээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top