Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-оос хойших хугацаанд Газын зурвасын нийт хүн амын таван хувь нь амиа алдаж эсвэл шархадсан тухай НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс гаргасан “Газа дахь дайн: Палестины нийгэм, эдийн засгийн үр дагавар” тайланд онцолжээ.
2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны байдлаар, дор хаяж 33200 гаруй хүн амь үрэгдэж, 7000 хүн ор сураггүй алга болоод байна. Амь үрэгдэгсдийн 70 орчим хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд. 80 мянга гаруй хүн шархадсан бөгөөд ирээдүйд хөгжлийн бэрхшээлтэй болох магадлалтай.
XXI зууны аль ч зэвсэгт мөргөлдөөн ийм богино хугацаанд нутгийн хүн амд ийм сүйрэл авчирч байгаагүй гэж тайланд онцолсон байна.
Түүнчлэн, хүн амын 75 хувь буюу 1.7 сая хүн орон гэрээсээ дайжиж, зарим нь хэд хэдэн удаа дүрвэхэд хүрчээ. 2014 оны дайны мэдээлэл дээр тулгуурлан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зургаан сар үргэлжилсэн дайны уршгаар Газын зурвасын хүн амын насжилт дөрөв дахин буурна гэсэн тооцоолол гаргажээ. Дайны сар бүр дундаж наслалт нэг жилээр, есөн сар үргэлжилбэл долоон жилээр богиносно.
Сэтгэгдэл ( 0 )