Дунзяныг ашиглан ДАЛАЙГ ГАТЛАХ боломжоо дахин цаг алдалгүй ашиглах хэрэгтэй

2019 оны 10 сарын 29



удлаачид далайд гарцгүй хөгжиж буй Монгол, Казахстан, Киргиз, Узбекистан, Лаос, Бутан гэсэн Азийн зургаан улс орны эдийн засгийн байдал, шийдвэрлэх ёстой асуудлуудыг судалснаа жилийн өмнө танилцуулж байсан билээ. Ер нь далайд гарцгүй орнуудын хөгжлийн зураглал анхаарал татсан сэдэв байдаг л даа. Тэгвэл дэлхийн 30 гаруй улсын Засгийн газрын ахлах албан тушаалтнууд, 10 гаруй олон улсын байгууллагын төлөөлөгчид  энэ сэдвийн хүрээнд өнөөдөр, маргааш хоёр өдөр Улаанбаатар хотноо чуулахаар цуглаад байна. Тэд  транзит тээврийн коридоруудын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, энэ чиглэлээрх сайн туршлага, загварыг далайд гарцгүй хөгжиж буй болон транзит орнуудад хуваалцах зорилготой аж.

Манай улсын тухайд эдийн засгаа эрүүлжүүлж, солонгын өнгөөр цогцлоох тухай сэдэв үргэлж анхаарлын төвд байдаг. Газар зүйн байршилын хувьд гуравдагч хөршөөс алслагдмал, хоёр том гүрний дунд “жийргэвч” маягаар байрладаг Монгол Улсын өмнө эдийн засгаа өргөжүүлэн хөгжүүлэх ямар боломжууд байна вэ. Бид бусад улс орнуудаас юу суралцах хэрэгтэй вэ гэдэг асуулт үргэлж анхаарал татдаг.

Манай Засгийн газар НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулж буй энэ удаагийн  “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон транзит орнуудад эдийн засгийн коридорыг хөгжүүлэх сайн туршлагыг нэвтрүүлэх” сэдэвт олон улсын хурлаас бидэнд хэрэгтэй мэдээлэл, зөвлөмж гарах байх гэсэн хүлээлт бий.

Гэхдээ бидний хувьд хурал зөвлөгөөнөөр асуудлууд хэлэлцлээ гээд дорвитой алхам хийдэггүй дутагдал бас байгаа. Энэ чиглэлээр ярьж, хийгдсэн судалгаанууд бийн сацуу улс төрийн түвшинд тохиролцсон ч, урагшлаагүй удсан нь аливаа тохиролцооны дараа бид “гэрийн даалгавар”-аа хийдэггүйтэй, оролцогч байгууллагуудын уялдаа холбоог хангадаггүйтэй холбоотойг Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Э.Одбаяр хэлж байсан.

Үүний нэг жишээ нь Монгол Улс Дунзян  боомтын 10 га газрыг ашиглах тухай яригдаад арван жил өнгөрч байхад бодит ажил болоогүйгээр нотлогдоно. Өнгөрсөн дөрөвдүгээр  сард Засгийн газраас Тяньжин хотын Дунзяны чөлөөт худалдааны боомт бүсэд тээвэр, логистикийн үйл ажиллагаа эрхлэх, Монголын талын 49 хувийн хөрөнгө оруулалттай компанийг өмнөд хөршийн компанитай хамтран байгуулах шийдвэр гаргасан. Дараа нь тавдугаар сард “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл БНХАУ-ын  "Тяньжин портын эдийн засаг, техник технологийн хамтын ажиллагаа" компанитай  “Хятад Монголын Олон Улсын Логистик Бүс” хамтарсан компанийг байгуулах гэрээнд гарын үсэг зурсан л даа. Гэхдээ цааснаас газарт буулгүй удсан сэдвүүдийн нэг учраас бүрэн дүүрэн ажил болох цаг нь хэзээ вэ гэдэг нь бас л тодорхойгүй.

Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төвийн Төв азийн далайд гарцгүй орнуудыг хариуцсан мэргэжилтэн С.Сансар  хэлэхдээ “БНХАУ-ын Тяньжинд манай улс  10 га газар авсан гэдэг ч одоо хүртэл ашиглагдаагүй. Тэгэхэд Казахстаны тал БНХАУ-д нэгээр тогтохгүй нэлээн хэдэн боомт дээр хамтарсан компани байгуулж, амжилттай ажиллаж байна. Казахстаны туршлагаас бид суралцах хэрэгтэй. Бас өөр орнуудын туршлагаас ч суралцах хэрэгтэй” гэж байсан.

Дашрамд сануулахад, БНХАУ-ын зүгээс манай улсын далайд гарах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, Тяньжин хотын Дунзян боомтын эдийн засгийн бүсэд 10 га газрыг 50 жилийн хугацаатай, нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр эзэмшүүлэхээр тусгасан санамж бичгийг  2009 онд Тяньжин хотын Ардын засгийн газар болон тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам хооронд байгуулж байсан юм. Үүнээс дөрвөн жилийн дараа 2013 онд  тус 10 га газрыг Хятадын талтай хамтран эзэмшиж, ашиглах шийдвэр албан ёсоор гарч байв. Улс төрийн хүрээнд тохиролцсон уг асуудал урагшлахгүй олон жил болсон.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл хэлэхдээ: “Бараг бүх бараа бүтээгдэхүүн Тяньжин порт дээр боловсруулагдаж, төмөр замаар Монгол Улсад ирж байгаа. Тяньжин боомт  Монгол Улсын ачаа тээвэр, ложистикийн хувьд үнэ цэнэтэй хэвээр байх болно. Бид Тяньжины Дунзян худалдааны чөлөөт бүсэд өөрийн гэсэн 10 га газрыг хамтран эзэмших тээвэр ложистикийн төв анх удаа байгуулах гэж байна. Монгол Улс далайд гарцтай болох, далайгаар дамжаад гуравдагч зах зээл рүү гарах боломж нөхцөлийг БНХАУ бүрдүүлж өгч байна. Зөвхөн ложистик, агуулахын үйл ажиллагаа эрхлээд зогсохгүй нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж БНХАУ-ын дотоодын зах зээл болон гуравдагч зах зээлд гаргах бүрэн боломж нээгдэнэ” гэж байсан.

Манай улс БНХАУ-тай хамтран 2017-2067 он хүртэл 50 жилийн хугацаанд ашиглах 10 газар дахь тээвэр логистикийн төвийг байгуулахад  124.362 сая ам.доллар шаардлагатай юм. Эхэнд өгүүлсэнчлэн, гаднын  улс орнуудын туршлагыг харахад БНХАУ-ын боомтууд дээр хамтран амжилттай  үйл ажиллагаа явуулж буй Казахстан зэрэг орнуудын жишээ байгаад байна. Боломжийг алт болгон ашиглаж чадаж буй бусдын жишээ бэлхнээ байхад, бид ч бас урагшаа ийнхүү том алхах хэрэгтэй.

Монгол Улс Дунзяны чөлөөт худалдааны бүсэд өөрийн мэдлийн газар ашиглах эрхээ эдлэх нь ямар ач холбогдолтой болохыг тодотгоё.
 

  • Монгол Улсын Ази, Европ болон бусад тивтэй холбосон тээврийн оновчтой сүлжээг тогтоох, тээвэр логистикийн үйл ажиллагааг зохицуулах,
  •  Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох,
  • Хөдөө аж ахуйн болон малын гаралтай түүхий эд, мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох,
  • Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ нөөцлөх, хадгалах, импортлох,
  • Дунзян чөлөөт  худалдааны боомтын бүсийн хөнгөлөлттэй бодлогод Монголын аж ахуйн нэгжүүдийг хамруулах,
  • Ази Европыг холбосон логистикийн нэгдсэн систем бий болгох, Монгол Улсаар дамжин өнгөрөх транзит тээврийг нэмэгдүүлэх,
  • Экспорт, импортын тээвэрлэлтийн хугацааг богиносгох, барааны эргэлтийг хурдасгах,
  • Хүнсний бүтээгдэхүүний нөөц бий болгон чанар алдагдуулахгүй хадгалах,
  • Монгол Улсын экспорт, импортын тээвэрлэлтийн зардлыг бууруулах,
  • Барааны нийлүүлэлтийг тогтворжуулах,
  • Үйлдвэрлэлийн бусад импортын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд хагас боловсруулалт хийх зэрэг олон ач холбогдол бий.


Тэгэхээр Монгол Улс Дунзяныг ашиглан далай гатлах боломжоо дахин цаг алдалгүй ашиглах хэрэгтэй байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top