Монгол, Тува хоёр улсын тэргүүний товлосон уулзалтаар ярилцах гол сэдэв Кызыл– Курагино төмөр замын төсөл рүү чиглэнэ гэдгийг манай сонин өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Тува улсын Тэргүүн Ш.В.Кара-оолтой уулзахдаа уг асуудлаар ярилцлаа. Тэднийг ярилцахаас өмнө буюу энэ сарын эхний өдрүүдэд Сочи хотноо болсон олон улсын “Валдай” хэлэлцүүлгийн үеэр В.Путин мөн энэ асуудлыг хэлж ярьсан л даа. В.Путин хэлэхдээ “Курагино-Кызыл чиглэлийн төмөр замын магистралын ажлыг дуусгахыг зорьж байна. Энэ нь ОХУ-ын зүүн хэсэгт орших Тувагийн Бүгд Найрамдах Улсын нийслэл бөгөөд үргэлжлүүлэн Монгол Улс, БНХАУ-ын төмөр замын сүлжээнүүдэд нэвтэрч, цаашлаад бүс нутгийн бусад улсын төмөр замын сүлжээнд нэвтрэх боломж бүрдэх юм. Евразийн хэмжээний ач холбогдолтой энэхүү санаачилгыг сонирхогч бүх түншүүдтэйгээ хамтран ажиллахад бэлэн байна” гэж мэдэгдсэн.
Харин Тувагийн тэргүүн манай улсын төрийн тэргүүнтэй уулзахдаа “ОХУ-ын Засгийн газрын хэрэгжүүлж буй төсөл дунд Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын төсөл багтсан. Энэ нь ОХУ-ын алс хязгаар /Тува/, Монгол Улсын баруун хязгаарыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэг асуудлыг ярихад манай Ерөнхийлөгч түүнтэй санал нэгджээ. Түүнчлэн энэ төсөл нь Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгагдсан “Хойд” коридорын ажлыг урагшлуулахад түлхэц үзүүлж байгаа. Уг асуудалд талууд сонирхол нэг байгаа тул идэвхтэй хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлээд байна.
Тэгвэл ОХУ-ын зарим хэвлэлд “ОХУ-ын Тува улсын нутаг дэвсгэрээс БНХАУ-д нүүрс нийлүүлэх төмөр замын дэд бүтцийг 2021 он хүртэлх жил хагасын хугацаанд Монгол Улс барьж байгуулахаар болжээ. Ш.В.Кара-оол ОХУ-ын Засгийн газрын Кызыл-Курагино төмөр замыг Монголын хилээр сунгаж, хоёр улсын төмөр замын системийг холбох хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ. Монгол Улс Тувагийн төмөр замын хилийн барилгын ажлыг нэг жил хагасын хугацаанд дуусгахаар төлөвлөж байна.” гэсэн мэдээлэл гарч байна. Хэдийгээр үүнийг албан ёсны мэдээлэл гэж үзэхэд эрт ч хойд хөршийн төрийн тэргүүний “Валдай”-н хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үг болоод Тувагийн тэргүүний яаравчилсан уулзалт зэргээс харахад Кызыл – Курагино чиглэлийн төмөр замд манай улс оролцох л бололтой.
Кызыл-Курагино төмөр замын төсөл “Эдийн засгийн коридор” байгуулах санаачилгыг хэрэгжүүлэх хөтөлбөрт багтсан төслүүдийн нэг гэдэг утгаараа уг нь бидэнд ойр байх ёстой л доо. Гэхдээ нэг зүйлийг зориуд сануулахад тэдний барих замаар Тувагийн Элегест ордын нүүрсийг БНХАУ руу хүрнэ. Тувагийн нүүрс манай нутгаар дамжин БНХАУ-д хүрнэ. Энэ нь манай Тавантолгойн ордын өрсөлдөх чадвартай холбогдож анхаарал татах нь аргагүй. Энэ утгаараа манай тухайд тийм ч таатай мэдээлэл биш. Гэхдээ нөгөө талаас нөхцөл байдлыг өөрсдөдөө ая таатайгаар шийдэх боломж бидэнд бий юу гэдэг асуудал мөн яригдана. 414 километр төмөр замыг манай нутгаар дамжуулах нь логистикийн хувьд бидэнд өгөөж дагуулна гэж таатай байдлаар харагсад бас байна.
Тувагийн Элегестийн нүүрсийг БНХАУ руу нийлүүлэх үйл явцыг ОХУ идэвхжүүлэхэд анхаарч буй. Кызыл – Курагино төмөр замын төсөл газарт бууснаар ганц Элегест биш Элга зэрэг нөөц арвин ордуудын нүүрс тээвэрлэгдэх юм. БНХАУ-ын зүгээс уг төмөр замын төсөлд оролцох сонирхлоо гурван жилийн өмнөөс илэрхийлж байсныг дурдах хэрэгтэй байх. Сануулахад, хойд хөрш Тувагийн Элегест ордыг эргэлтэд оруулах хүрээнд Элегест-Кызыл-Курагино чиглэлийн 414 км төмөр замыг барих компаниар “СГК-трансстройЯмал”-ыг шалгаруулж байсан юм. Ингэхдээ уг төмөр замыг манай улсын газар нутгаар дайруулан өмнөд хөрштэй холбох бодлого Кремльд бийг ОХУ-ын хэвлэлүүд бичиж байсан. Манай нүүрсний үндсэн гол зах зээл рүү нүүрсээ гаргахдаа манай газар нутаг дээгүүр дамжуулах нь манайд эдийн засгийн аюулгүй байдал талаасаа асуудал дагуулах эсэх нь анхаарал татаж байв. Өнөөдөр яригдаж буй чиглэлийг харвал Курагино-Кызыл -Цагаан толгой -Эрдэнэт -Бээжин -Тяньжин, Курагино-Кызыл-Цагаан толгой-Өрөмч гэсэн маршрут байгаа юм. Өмнө нь Кызыл-Курагино төслийн хүрээнд яригдаж байсан чиглэлүүдийг харахад Курагино-Кызыл-Цагаантолгой-Арц суурь-Ховд-Такашикэн-Хами муж-Цонжийн хотон үндэстний өөртөө засах тойрог-Өрөмч болон Курагино -Кызыл-Цагаантолгой-Арц суурь-Овоот-Эрдэнэт–Салхит–Замын-Үүд-Эрээн-Улаанцав-Жанчхүү-Бээжин-Тянжин гэсэн маршрутууд зурагдаад байсан юм. За тэгээд өнөөдрийн тухайд энэ төмөр замыг газарт буулгахад ОХУ ихээхэн анхаарч байна. Цаашид төсөл бодитой хэрэгжиж эхлэхэд БНХАУ оролцоотой байх асуудал хөндөгдөх үү. Ер нь бидний ашиг сонирхлыг хэрхэн авч үзэх вэ гэдэг асуудал анхаарал улам татах янзтай. Манай төсвийн дансны тулах цэгийн нэг нь нүүрс. Тавантолгойн орд гэдэг утгаараа БНХАУ, ОХУ-ын эрэлт, нийлүүлэлтийн шинэ гүүр болох энэ төмөр замын төсөлд хэрхэн яаж оролцох нь бидний хувьд чухал. Гэхдээ бидний оролцоо Тавантолгойн үнэ цэнийг бүдгэрүүлэх үү гэдэг нь бас л чухал. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд төмөр замын бүтэлгүй “романс”-тай хүн. Тиймээс ч өөрийнхөө биш өрөөлийн төмөр замыг дэмжлээ гэх шүүмж түүнийг дагаж байна.
Сэтгэгдэл ( 6 )
эрдэмтэд л олонхын харанхуй мунхагыг соён гэгээрүүлдэг эрдэмтэд л улс орныг хөгжүүлсэн байдаг
эрдэнэт овоотын төмөр замын тэзү эерэг гарсан
говь руу очиж амьдрах хүн байхгүй
Govi ruu ochj amidrakh khun baikhgui
цаана чинь австрали , индонез гээд аварга нийлүүлэгчид байна. Монгол , Орос нэмэгдсэн ч шингээхээр зах , зээл бас байна.\nЖаахан уужуу харвал яасан юм. Хийсэн бүтээсэн болгон хожно.
Энэ нь Баттулгыг Путины гѳлѳг гэдгийг батлаж байгаа биз дээ? Түүнд улс орны эрх ашиг хамаагүй. Гашуун сухайтын 280 км тѳмѳр зам ашиглалтанд орвол бид жилд 100 Сая тонн нүүрс гаргана. Бид 30 Саяыг машинаар тээвэрлээд 800 тэрбум тѳгрѳг олчихоод түүнийгээ яаж үрэх вэ гэж суугаа. Тэгээд эхний ээлжинд Оху-н дорнод коридор луу холблгдох 1000 км тѳмѳр замыг барихаар шийдэж ажлаа эхлүүлээд байгаа. Нѳгѳѳ гашуунсухайт хүлээж байг гэсэн. Энэ жил нүүрснээс ноднингийнхыг давсан орлого олох байх. Харин ашгаараа юу хийх вэ? Хаа хамаатай Тувагийн 400 км тѳмѳр замыг барьж оросын нүүрсийг хятад руу гаргахаар бо