Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай А/1016 дугаар захирамжийн хүрээнд дүүргийн Засаг даргын захирамжаар 24 цагаар ажиллаж буй Шуурхай штабын нөхцөл байдлын талаарх мэдээлэл солилцох Онцгой комиссын тавдугаар хуралдаан өнөөдөр боллоо.
Тус хуралдааныг дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Т.Баясах удирдан явуулж, дүүргийн Онцгой комиссын гишүүд болон мэргэжлийн ангиуд, хороодын Засаг дарга нараас шуурхай штаб болон дэд штабуудын мэдээллийг авч, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын үйл явц, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв. Мөн дүүргийн Онцгой комиссын даргын тушаалаар сайжруулсан түлшний хэрэглээ, татан авалт, хороодын дэд штабын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилласан тайлан мэдээг дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт танилцуулав.
Энэ удаагийн хуралдаанд Баянзүрх дүүргийг хариуцан ажиллаж буй нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг болон агаарын бохирдлыг бууруулах газар, Таван толгой түлш ХХК-ийн албаны хүмүүс оролцлоо.
Хуралдааны төгсгөлд дүүргийн Онцгой комиссын дарга бөгөөд Шуурхай штабын дарга Т.Баясах сайжруулсан түлшний тээвэрлэлт, түгээлтийг эрчимжүүлж, борлуулалтын цэгүүдэд түлшийг таслахгүй байхыг анхаарууллаа. Мөн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс албадын дарга албан хаагчдыг Шуурхай штабын даргын баталсан хуваарийн дагуу хороодод дахин ажиллаж, нийслэлийн Онцгой комиссоос ирүүлсэн айл өрхөд зориулсан гарын авлага, зөвлөмжийг түргэн шуурхай тараахыг үүрэг болголоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )