Баянзүрх дүүргийн 13-р хороонд байрлах Хо Ши Мин-ий нэрэмжит 14-р сургуультай холбоотой цаг үеийн асуудлаар захирал Б.Чойдоржоос бодит нөхцөл байдлыг тодрууллаа.
Б.Чойдорж: Хуванцар сандал дээр хүүхдүүдийг суулгасан учир нь хичээлийн байр дутагдалтай байсан учраас Отгонтэнгэр сургуультай гэрээ байгуулж, хүүхдүүдийн хичээллэх орчныг шийдсэн боловч оюутнуудад зориулсан сандал хүрэлцэхгүй байсан. Тиймээс хүүхдүүдийг ядаж эхний өдөр сандалтай байг гэж авчруулсан юм. Харин 2026 оны 09 дүгээр сарын 3-ны өдөр зориулалтын хүүхдийн сандалтай боллоо. Гэвч энэ нь зөвхөн нэг өдрийн дотор шийдэгддэг асуудал биш гэдгийг эцэг эхчүүд маань ойлгоосой гэж хүсч байна. Бид өнгөрсөн сараас эхлээд төрийн худалдан авах зарчмын дагуу явсаар өнөөдөр энэхүү хуванцар сандалд цэг тавьж байна.
Өмнө нь энэ 13-р хороо нь гэр хорооллын бүс давамгайлсан байсан. Хот төлөвлөлтөд орсон айл өрхүүд газраа чөлөөлж шинээр орон сууцны хороолол, хотхонууд баригдсанаар Баянзүрх дүүргийн хэмжээнд хүн амын нягтаршил ихэсч улмаар сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудал ч нэмэгдсэн. БЗД-ийн хэмжээнд 500 гаруй мянган хүн амтай. Нийслэл болон дүүргийн удирдлагууд бидэнтэй хамтран аль болох асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Мөн 13-р хороонд байрлах “Эрдмийн Чуулган” цэцэрлэгийн байрыг “Хотхоны бага сургууль” болгон ашиглаж бага ангийн 8 бүлгийг 2 ээлжээр хичээллүүлж байна. 14-р сургуулийн хувьд хичээлийн 3 байртай. Ирэх долоо хоногийн даваа гарагаас эхлэн шинээр засвар хийж тохижуулсан өргөтгөлийн байраа ашиглалтад оруулж байгаагаа эцэг эхийн төлөөлөл болон суралцагчдадаа хэлсэн байгаа. Ачаалал хуваалцах зорилгоор ойр орчмын барилгуудад “Хотхоны бага сургууль” байгуулах нэн шаардлагатай байна. Бид бүр Шинжлэх ухааны хүрээлэнгийн байрыг хүртэл ашиглуулаач, түрээслээч гээд хүсэлт тавьсан. Миний хувьд сургуулийн захирлаар томилогдоод 1 жил болж байна. Энэ жилийн хичээлийн жилийг угтан сургууль руу ирэх болон орох эргэн тойрны орчинд баригдаж байгаа 3 том барилгын холбогдох компаниудад хүүхдийн аюулгүй зорчих орчныг бүрдүүлэх, камерийн хяналттай болгох хүсэлт хүргүүлсэн. Түүнчлэн Нийслэлийн Хяналт Шинжилгээ Үнэлгээний Газарт барилга угсралтын ажил болон орчны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийхийг хүссэн албан бичгийг тус тус хүргүүлж ажилласан. Бүх асуудлыг нэг дор шийдэх боломжгүй, гэхдээ боломжит бүх хэлбэрээр ажиллаж шат дараатайгаар шийдвэрлэж байна.

Сэтгэгдэл ( 0 )