Дэлхийн том компаниуд зах зээлээ аврахын тулд Хятадаас уучлал эрж байна. Биднийг энд үзэн ядаж, шүлсээ үсчүүлж, хэзээ мөдгүй ороод ирэх вий гэж айж суух хооронд урд талын улаан луу улам хүчирхэгжээд дэлхийн толгой компаниудыг өмнөө сөгдүүлэн маадгар сууна. Тэд чухамдаа юунаас уучлал эрсэн нь энэ вэ? гэж уншигч та бодож байж болох юм. Хариулт нь тун энгийн. Хятадыг бүтэн гэж үзээгүй учраас тэр. БНХАУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн үзээгүйнхээ төлөө уучлал эрсэн нь энэ. Хятадыг бүтэн гэж үзээгүй бол бизнесийг нь хаана, хятадын газар нутагт нэвтрүүлэхгүй, нэг ч сурталчилгаа хятад нутагт явуулахгүй. Хүссэн ч, эс хүссэн ч асар том зах зээл, түг түмэн хэрэглэгчээ гаднын компаниуд алдах учраас Мао даргын зурагт бадар барьж буй нь энэ.
Компаниуд уучлал эрээд, Хятадууд “Тэнгэрийн аянгат талбай”-даа гэдийгээд байгаагийн цаад шалтгаан нь “Нэг улс-Хоёр Систем” гэх бодлоготой холбогдоно. БНХАУ-ын засаг захиргаа бүр тодруулбал Дэн Сяопины үеэс энэ бодлого цухалзах болсон юм. Тухайн үед Их Британийн захиргаанд байсан Хонконгийн асуудлыг хөндөхдөө ч, Макао, Төвд зэрэг дээр олон улсын байр суурь маргаантай байсан учраас “Нэг Хятад” гэх бодлогын тодорхойлолтыг дипломат аргаар ашигласаар иржээ. Хятадын газар нутгийн бүрэн бүтэн байдал, аугаа их социализмын ололт амжилтыг хадгалж үлдэх гэсэн санаа гэж барууны шинжээчид тодорхойлдог.
Уучлал эрсэн компаниудын нийт орлогын 45-50 хувь нь зөвхөн БНХАУ-ын зах зээл, хятадын хэрэглэгчдээс бүрддэг учир галаар наадаад хэрэггүй, галаар наадсан ч уучлалаа эрээд тэсэж үлдэх нь тэдэнд тустай.
Одоо бидний ярьж буй “Нэг улс-Хоёр систем” гэх ойлголт 1997 оны долоодугаар сарын 01-нээс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн гэж болно. Чухамдаа энэ цагт Их Британийн түрээсийн хугацаа дуусаж Хятадын захиргаанд ирсэн Хонконгийн түүхтэй холбогддог. “Нэг улс- Хоёр систем” гэх бодлогын тодорхойлолтоо БНХАУ-ын Намын төв хороо, Улс төрийн товчооны шийдвэрээр 1997 онд баталж улмаас Хонконгийн түрээсийн хугацаа дуусмагц 50 жил энэ системийг хүлээн зөвшөөрөх гэрээг байгуулжээ. Гэрээний хугацаа 2047 онд дуусна. Яг үүнтэй адил гэрээг Макаотой 1999 онд, Төвдийн удирдлагуудтай 2008 онд гэрээ байгуулсан байдаг.
Ардчилсан үзэл баримтлалтай гол төлөв барууны улсууд энэ бодлогыг боловсруулсан даруйд нь шүүмжилж байсан ч тусгаар улсын төрийн бодлогыг яаж ч чадаагүй. Тийм ч учраас зарим тохиолдолд санаатайгаар эсвэл санамсаргүйгээр “Нэг улс-Хоёр систем”-ийг “зөрчиж” ирсэн юм. Энэ маргаан 2012 оныг хүртэл нам жим байсан. Гэвч БНХАУ Өмнөд Хятадын тэнгис дэх бүлэг арлуудын маргаан дэгдэж эхэлснээс хойш “Нэг улс-Хоёр систем” бодлого руу санаатайгаар дайрах болжээ. Бүлэг арлуудын маргаан дэгдэж, барууныхан, хятадууд гэсэн хөшигний наана цаана гарах болсноос хойш алдартнууд, компаниуд энэ маргаанд татагдан оролцох болжээ. Ингэж явсаар Германы “Audi” компани маш том маргаан дэгдээж орхисон юм. Яг хоёр жилийн өмнө “Audi” компанийн ТУЗ, хөрөнгө оруулалтын талаар онцгой хурал зарлаж, БНХАУ-ын зах зээлийн нөхцөл байдлыг хэлэлцэв. Энэ үеэр БНХАУ-ын газар нутгийг үзүүлэхдээ Тайвань, Төвд, Шинжаан Уйгарын өөртөө засах улсын газар нутгийг тусад нь дүрсэлсэн нь маргаан дэгдээж орхисон билээ. Асуудал БНХАУ-ын Гадаад харилцааны яам, Европын холбоо хүртэл өндрөө авч, “Audi” компанийн удирдлага, ХБНГУ-ын Гадаад харилцааны яам хүлцэл өчиж тайлбар гаргаснаар намдсан юм.
Харин сүүлийн үед асуудал хурцдаад байгаагийн шалтгаан нь Хонконг. Өнгөрсөн таван жилийн турш жагсаал, цуглаан тасрахгүй байгаагаас эх газрын Хятадын газар нутаг санаатай, санамсаргүйгээр “хуваагдах” болжээ. Хүссэн, хүсээгүй дээрх компаниуд уучлал эрэхээс өөр арга байхгүй. Уучлал эрсэн компаниудын нийт орлогын 45-50 хувь нь зөвхөн БНХАУ-ын зах зээл, хятадын хэрэглэгчдээс бүрддэг учир галаар наадаад хэрэггүй, галаар наадсан ч уучлалаа эрээд тэсэж үлдэх нь тэдэнд тустай. Цаашид ч компаниуд уучлал эрсээр байх болно. Тайванийн хүнсний компаниуд, Холливудын гурван ч студи, Харри Поттерын студи, Шинэ Зеландын агаарын тээвэр, Apple компани хамгийн сүүлд уучлал эрээд байна.
Албан ёсоор уучлал эрсэн компаниудын жагсаалт:
Францын хувцас загварын компани
Шалтгаан: БНХАУ-ын газар нутгийг харуулахдаа Тайванийг эх газрын хятадтай нэгтгэн харуулаагүй.
Уучлал эрсэн нь: “...Dior компани нь БНХАУ-ын тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдлыг байнга хүндэтгэн үзнэ...”2019 оны аравдугаар сарын 17
Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо
Шалтгаан: Хьюстон Рокетс багийн ерөнхий менежер Дарил Мори твиттер хуудастаа Хонконгийн жагсагчдыг дэмжсэн утгатай жиргэсэн.
Уучлал эрсэн нь: “Нэг хүний болчимгүй үйлдэл хятадын шүтэн бишрэгчдийн сэтгэлийг гонсойлгосон нь гарцаагүй. Хьюстон Рокетс багийн ерөнхий менежер Дарил Моригийн гаргасан зохисгүй үйлдэлд бид сэтгэл дундуур байна” 2019 оны аравдугаар сарын 06.
Австрийн үнэт эдлэлийн компани
Шалтгаан: Албан ёсны цахим хуудастаа Хонконгийг тусгаар улсуудын жагсаалтад бүртгэсэн.
Уучлал эрсэн нь: “Манай компани БНХАУ-ын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг байнга хүндэтгэн үзэж ирсэн” 2019 оны наймдугаар сарын 31
Америкийн бэлэн хувцасны компани
Шалтгаан: Албан ёсны цахим хуудастаа Хонконг болон Тайванийг тусгаар улсуудын жагсаалтад бүртгэсэн
Уучлал эрсэн нь: БНХАУ-ын “Нэг улс-Хоёр систем” бодлогыг байнга дэмжиж ирсэн бөгөөд тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг цаашдаа ч хүндлэн үзэж байх болно” 2019 оны наймдугаар сарын 13
Америкийн тансаг зэрэглэлийн брэнд
Шалтгаан: Албан ёсны цахим хуудастаа Хонконг болон Тайванийг тусгаар улсуудын жагсаалтад бүртгэж, “Хонконг” гэх үгтэй богино ханцуйтай цамц худалдаанд гаргасан. Тайванийг тусгаар улсуудын жагсаалтад багтаахдаа Хятадын гэдэг үгийг орхин “Тайпэй” гэж бүртгэсэн.
Уучлал эрсэн нь: “Манай брэндийг бүтээхэд гар бие оролцдог бүх хүмүүс, компанийн удирдлагууд БНХАУ-ын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг байнга хүндлэн үздэг гэдгээ илэрхийлье” 2019 оны наймдугаар сарын 12
Италийн хувцас загварын компани
Шалтгаан: БНХАУ-ын засаг захиргаанаас асуухгүйгээр “Хонконг” болон “Хонконг Хятадын нэг хэсэг биш” гэх шошго хадсан цамц худалдаанд гаргасан.
Уучлал эрсэн нь: “Манай компани хятадын ард түмнийг хайрлан хүндэлдэг бөгөөд БНХАУ-ын газар нутгийн бүтэн байдал, тусгаар тогтнолыг эрхэмлэдэг гэдгээ мэдэгдье” 2019 оны наймдугаар сарын 11
Францын хувцас загварын компани
Шалтгаан: Албан ёсны цахим хуудастаа Хонконг болон Тайванийг тусгаар улсуудын жагсаалтад бүртгэж, “Хонконг” гэх үгтэй богино ханцуйтай цамц худалдаанд гаргасан.
Уучлал эрсэн нь: “Манай компани БНХАУ-ын тусгаар тогтнолыг цаг ямагт дээдэлж ирсэн болно” 2019 оны наймдугаар сарын 11
Японы хувцас хэрэглэлийн компани
Шалтгаан: Албан ёсны цахим хуудастаа Хонконг болон Тайванийг тусгаар улсуудын жагсаалтад бүртгэсэн.
Уучлал эрсэн нь: “...Хонконг, Тайвань бол БНХАУ-ын газар нутгийн салшгүй нэг хэсэг гэдгийг эрхэмлэн үзнэ” 2019 оны наймдугаар сарын 12
Германы автомашины компани
Шалтгаан: Албан ёсны инстаграм хуудастаа Төвд болон Далай ламыг дэмжсэн агуулгатай пост оруулсан .
Уучлал эрсэн нь: “Манай компанийн сошиал хөгжүүлэлтийн баг олон нийтийн цахим хуудсаар таагүй агуулгатай, нотлогдоогүй мэдээлэл оруулсандаа хүлцэл өчиж байна” 2018 оны хоёрдугаар сарын 06
Америкийн түргэн хоолны сүлжээ
Шалтгаан: Тайваньд цацсан сурталчилгаандаа их сургуулийн оюутан оюутны үнэмлэхдээ Тайвань бол улс гэж бичиж харуулсан.
Уучлал эрсэн нь: “Манай компанийн удирдлага, ажилтнууд “Нэг Хятад” бодлогыг дэмжсээр ирсэн бөгөөд цаашид ч БНХАУ-ын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн үзэх болно” 2019 оны нэгдүгээр сарын 19
Америкийн зочид буудлын сүлжээ
Шалтгаан 1: Албан ёсны цахим хуудастаа Төвд, Хонконг, Макао, Тайванийг тусгаар улсын ангилалд бүртгэсэн.
Шалтгаан 2: Албан ёсны твиттер хуудастаа “Төвдийн найрсаг анд нөхдөдөө” гэж тодотгон тусгаар тогтнолын хөдөлгөөнийг нь дэмжсэн агуулгатай жиргэсэн.
Уучлал эрсэн нь: Marriott International компани БНХАУ-ын Гадаад харилцааны яаманд хаяглан дөрвөн хуудас бүхий албан бичиг явуулсан.
Германы автомашины компани
Шалтгаан: Герман дахь компанийн төв байрт болсон хөрөнгө оруулагчдын уулзалтын үеэр БНХАУ-ын зах зээлийг харуулсан хэсэгтээ Тайвань, Төвд, Шинжаан Уйгарын өөртөө засах улсыг газрын зураг дээр салгаж үзүүлсэн.
Уучлал эрсэн нь: “Тайлан илтгэл бэлтгэхдээ газар зүйн засаж боломгүй алдаа гаргасанд БНХАУ-ын засаг захиргаа, хятадын ард түмнээс уучлал эрье” 2017 оны гуравдугаар сар
Сэтгэгдэл ( 0 )