ОЛОН ӨНГӨ: Ангийнхаа охидыг цасаар угаачихаад...

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 13

Улаанбаатарт анхны цас орлоо. Будрах цасан дор өөрөө будран алхаж явахдаа одоогийн хүүхдүүдийн сонин болсныг гайхав. Бид багадаа анхны цасыг хүлээн догдолдог байж. Одоо ч бараг зүхэх нь холгүй болсон юмдаг уу даа. Анхны цас гэдэг ангийн охидыг өдөх тохиромжтой цаг үе. Харж явдаг охиндоо дөхөх, магадгүй нүүрэнд нь хүрч болох хамгийн таатай мөч юм шүү дээ. Нэвсийтэл орсон цасыг хоёр алгандаа дүүртэл атгаж аваад охидыг цасаар угаана гээд хөөцөлдсөөр өдрийн хагасыг бардагсан. Дургүй товарищ руугаа цас дээрээс нь ус асгаж бэхжүүлж байгаад онилж байгаад нүүлгэдэгсэн. Шороотой цасаар ангийн охидоо халтайтал угаачихаад өөрсдөө тэднээсээ дутахгүй халтайсан юмнууд харьдаг ийм л бага насыг туулсан байх юм.

Өвлийн улирал үнэндээ аз жаргалын улирал байв. Өдөржин уулан дээр цана, чаргаар гулгаж буй хүүхдүүдийн цолгиун инээд дунд хүүхэд насаа орхижээ. Одоо цастай ч гулгах хүн олдохгүй тийм л болсон харагдана лээ. Зөвхөн Улаанбаатарт биш манай Зүүнхараагийн хүүхдүүд хүртэл өдөржин чаргаар гулгадаг байсан тэр дүр зураг хэдийнэ үгүй болсон байна лээ. Аав, ээж хоёр бол шөнө болчихлоо гэртээ ор гээд чихдэх нь холгүй юм болж гэрийн бараа харуулдагсан. Тэгсэн ч уулан дээр гулгаад үлдсэн найз нараа бодохоор дотроо аав, ээждээ гомддог тийм л байлаа шүү дээ. Тэглээ гээд ханиад шуухитнаа хүрсэнээ төдийлөн санадаггүй.

Нийгэм соёлоо дагаад хөгжил хэдий ирж байгаа ч хүн төрөлхтөн байгалиасаа улам бүр холдож байгаагийн нэг илрэл энэ юм болов уу. Гар утас, компьютер, хүүхэлдэйн кино гээд гэрээс гарах боломжийг хүүхдүүдэд олгохгүй байна л даа. Бусад эцэг, эхчүүд юу байхав би ч ялгаагүй хүүхдүүдээ ханиад хүрчихнэ гээд гэрээс гаргадаггүй аавын нэг. Байгальдаа л жаахан ойрхон байцгаая, хэдүүлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top