ОЛОН ӨНГӨ: Баяр хөөр бидэнд далавч хайрладаг

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 15

“Баяр хөөр бидэнд далавч хайрладаг. Бид баяртай үедээ эрч хүчээр цэнэглэгдэж, аливааг ойлгон ухварлахдаа ч гарамгай, оюун ухаан минь үүлгүй тэнгэр мэт цэлмэг хурц байдаг. Мөн баяр хөөрийн ачаар эргэн тойронтойгоо илүү зохицож арга эвийг нь олохоос гадна, түүнд нөлөөлөх арга барилаа ч бас олох нигууртай ажгуу” хэмээн Абдул Бахагийн “Парист хийсэн яриа” номд өгүүлжээ. Ингэхэд баяр хөөр гэгч чухам юу билээ... Дотроо онгичин баяр хөөр гээчийг хайлаа...

Баяр хөөртэй байна гэдэг нь аз жаргал, амар амгалан, сайн сайхан байгаагаа мэдрэх юм. Хүн болгоны дотор баяр хөөр оршиж байдаг. Хүнээр хайрлуулснаас баяр хөөрийг мэдэрч болно. Амьдарч амьд байгаагаа мэдэрснээс баяр хөөрийг амсаж болно. Мөн зөв, сайн үйлийг хийснээр баяр жаргалтай болж болно. Баяр жаргал бол хөгжилтэй сайхан байхтай төстэй ч бас яг адилхан зүйл биш юм. Хөгжилтэй сайхан байх нь гаднаас хамаардаг бол баяр хөөр /жаргал хүний дотоод сэтгэлээс ундран гардаг. Баяр хөөр/ жаргал бол гадаад орчинд юу ч болж байсан хамаагүй хүний дотоод сэтгэлд оршиж л байдаг.

Хүн энэхүү дотоод баяр баяслаа хийж байгаа бүхий л зүйлдээ зориулж болно. Гэрийн даалгавар юм уу, гэрийн оногдсон ажлаа хийхдээ, бүр хийж байгаа ажил чинь залхуутай, өмхий муухай заваан байсан ч (дээвэр буланд хуралдсан аалзны шүлсийг цэвэрлэх юм уу, бяцхан гөлөгнийхөө шээс баасыг цэвэрлэхдээ ч) хамаагүй баяртай дуртай мэт хандаж хийвэл хийж байгаа ажил тань чамд таалагдах болно. Аливааг хийхийн өмнө дотор сэтгэл рүүгээ өнгийгөөд баяр хөөрөө хай, тэгвэл урам зоригтойгоор бүхнийг хийж чадна. Баяр хөөр гэдэг бол амьдралын хүнд хэцүүг туулахад туслагч, гуниг зовлонгийн цагт түшиг тулгуур минь ажээ…

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top