Налайхаас ачилт хийсэн 41.5 тонн нүүрсний тээвэрлэлтийг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 15

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 355 дугаар тогтоолоор байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг арилгах, хамгаалах, нөхөн сэргээх болон хууль тогтоомж зөрчихтэй тэмцэх зорилгоор бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хууль бус үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээ авсан байна. Цагдаагийн байгууллагаас Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1118 дугаар захирамжаар хураагдсан түүхий нүүрсийг "Амгалан дулааны цахилгаан станц" ХХК-д, тээврийн хэрэгслийг журамлаж харьяалах дүүргийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа /байр/-нд төвлөрүүлэн ажиллаж байгаа аж.

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид 2019 оны арваннэгдүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд хяналт шалгалтаар Налайх дүүрэг дэх бичил уурхайгаас хууль бусаар ачилт хийсэн гурван удаагийн үйлдлээр 41.5 тонн түүхий нүүрсний тээвэрлэлтийг таслан зогсоож,  түүхий нүүрсийг "Амгалан" дулааны цахилгаан станцад  буулгуулан, тээврийн хэрэгслүүдийг түр саатуулах хашаанд журамлаж, холбогдогч нарт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалтын ажиллагааг явуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top