Албанид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 22 болж өсжээ. Мягмар гарагт Албаны нийслэл Тирана хотоос холгүй 6.4 баллын газар хөдлөлт болсны улмаас хэд хэдэн суурин газар ноцтой хохирол амсаад байгаагаас Тирана болон Дуррес хотууд хамгийн их хохирол амсаад байна. Дараалсан газар хөдлөлтөд Тирана хотод 500 орчим барилга байгууламж нуржээ. Хамгийн гол нь хүний амийг аврах явдал гэж Тирана хотын захирагч Эрион Веляй онцлоод тус хотод орон гэргүй үлдсэн иргэдэд зориулан шуурхай төвүүд ажиллаж буй талаар мэдээлжээ.
Европын улс орнууд байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах, нурангид дарагдсан хүмүүсийг аврахад тусламж үзүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлээд байгаа бол хөрш орнууд нь аврагчид, эмч, гал сөнөөгчдийн багууд явуулжээ. Европын холбоо иргэний хамгаалалтын механизмыг идэвхжүүлж, тус улсад Румын, Итали, Грекийн эрэн хайх гурван баг илгээжээ.
Одоогийн байдлаар 43 хүнийг нурангинаас гаргаж аваад байна. Нийт 600 орчим хүн гэмтэж бэртжээ.
АНУ-ын Геологийн албаны мэдээллээр, газар хөдлөлтийн голомт Тирана хотоос холгүй орших Шижак хотоос баруун хойд зүгт 10 км зайд бүртгэгджээ. Албанийн хөрш Хойд Македони, Серби, Черногор, Босни Херцеговин, Грек, Хорват болон Италийн өмнөд мужуудад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн байна. Энэ нь намраас хойш тус улсад болж буй хоёр удаагийн хүчтэй газар хөдлөлт юм. Есдүгээр сарын сүүлээр Албанийн газар нутагт нэг хоногийн дотор 300 чичирхийлэл бүртгэгдсэн бөгөөд хамгийн хүчтэй нь 5.8 баллынх байжээ.
Сэтгэгдэл ( 0 )