Одоогоос 95 жилийн өмнө энэ сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан. Энэ нь Монголын түүхийн асар том үйл явдал бөгөөд анхдугаар Үндсэн хууль батлагдсан нь нийгэм эдийн засгийн олон ололтыг манай улсад бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч гэж зарлаж байжээ. Түүнчлэн иргэдийн сонгох сонгогдох эрхийн асуудлыг хуульчлан Азид анх удаа Монгол Улс эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх явдлыг хангаж өгсөн юм.
Тулсан баганатай, туулсан түүхтэй, тулгандаа галтай, тоонондоо нартай, туургандаа өлзийтэй, туждаа нүүдэлтэй Монгол Улсын иргэн бид юутай азтай. Хүүхнүүд бид бусдын адил ажиллаж, хөдөлмөрлөх, сурч боловсрох, нийгэмд эзлэх байр суурь, эрх чөлөөг энэ хуулиар тунхагласан. Эрчүүдтэй мөр зэрэгцэн шинжлэх ухааны нээлт хийж, ээрэм говьд палеонтлогийн олдвор илрүүлж, торгон хил дээр мөрдсөө гялалзуулж, тоост замд жолоо мушгиж, хөх тэнгэрт хөлөг онгоц жолоодож, хүж дэлхийд алдраа дуурсгаж, уурхайн гүнд сувд адил гялтганаж, уулын оргилд далбаа мэт дарцаглаж, байшин барилга цогцлоож, бахдам түүхээ бүтээж, алтан чагнуур атгаж, мөнгөн сум татаж, Азийн цээжинд Монгол гэж омогших эрхийг бидэнд олгосон. Түүхт энэ өдөр ууж дарвисан, уйлж агсамнасан, унаж туссан хүүхнүүд нэг бус удаа таарч, уушги цээж урагдан шархирч билээ. Ээ дээ, бүсгүйчүүд минь өвөг дээдсийн халуун амь бүлээн цусаар олдсон энэ эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ хэтрүүлж омойтолгүй, хэнхэглэж дарвилгүй, нэрээ гутаалгүй, сүрээ гундаалгүй хатан заяаны мяндсан ухааныг мэтгэж, тусгаар улсынхаа тулах баганын нэг нь би юм шүү гэж сүслэн бодож яваарай.
Сэтгэгдэл ( 2 )
Ээ дээ, бүсгүйчүүд минь өвөг дээдсийн халуун амь бүлээн цусаар олдсон энэ эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ хэтрүүлж омойтолгүй, хэнхэглэж дарвилгүй, нэрээ гутаалгүй, сүрээ гундаалгүй хатан заяаны мяндсан ухааныг мэтгэж, тусгаар улсынхаа тулах баганын нэг нь би юм шүү гэж сүслэн бодож яваарай. гэж сайхан хэлжээ
тэгэлгүй яах билээ,,,сайхан бичсэн сэтгүүлч хүүд талархая ,эхчүүд минь бүсээ чангалж,үсээ боож,үрсээ хамгаалж ,ханиа түшэн төвшин жаргаж явах учиртай бөлглл.\n