Зарим оронд хүнээ баялаг хэмээн тэдний сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөө бүхнийг зориулж байх юм. Хүн нэгдүгээрт, бусад нь хоёрдугаарт эрэмбэтэй. Ихэвчлэн хөгжсөн орнууд. Харин буурай орнуудад хүн биш ашигт малтмал нь, газрын баялаг нь, газар нутаг нь баялаг байх юм. Газрын баялгаа авахын тулд хүнээ мөлжиж, газар нутгаа аврахын тулд хүнээ золиосолж байна. Гэхдээ бүгд итгэл төрүүлэхийн тулд ирээдүйг ярьсаар. Өнөөгийн улс төрд ирээдүйдээ найдсан хүмүүс л сонголтоо хийх болж. Өчигдөр, өнөөдөр хийсэн бүтээснээс нь илүүтэй маргаашийг сайхнаар ярьж чаддагт нь сонголтоо өгдөг аж. Магадгүй таны ядуу амьдарч, муухай нийгэмд зүдэрч байгаа шалтгаан энэ байх. Гадаад яваад ирсэн хүмүүс сайхныг нь гайхна. Тэргэнцэртэй хүнд зориулж зам тавьж, хараагүй хүнд зориулж шат хийж. Хүнээ эрүүл байлгахын тулд дугуйн замыг дэмжиж, чийрэг байлгахын тулд усан бассейныг үнэгүй шахам болгож. Бид яагаад өнөөдрийг хүртэл баялгаа ойлгохгүй өдий хүрсэн бэ.
Хүнээ бодсон, хүнийхээ төлөө бүхнийг зориулсан ард түмэн хөгжил дунд таахалзаж, хөнжил дотроо инээмсэглэж амьдарч байна. Харьцуулах албагүй.
Гэхдээ хэдий болтол гадаадын сайхныг гайхаж, дотоодын муухайг шагширч хэдэн үеийг элээх вэ. Та өөрийгөө ингэж амьдрах ёстой хүн гэж боддог уу. Та өөрийнхөө хувь тавиланг ийм байх ёстой гэж итгэдэг үү. Та өөрийнхөө аз жаргалыг зөвхөн гэр доторхоороо төсөөлдөг үү. Амьдрал танд ямар их боломж өгдөг гэдгийг мэдэхгүйгээр зовлон дундуур гэрэлтэх өчүүхэн сиймхий мэт атгахан жаргалыг амьдралын сайхан гэж итгэсээр яваад байгаа юм биш биз. Хүн та баялаг юм шүү. Үүнийг бүү март.
Б.Бат-Эрдэнэ
Сэтгэгдэл ( 1 )
765rfg