Даруухнаар хэлэхэд 76 тойрог нь ӨЛЗИЙТЭЙ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 09

Өнгөрсөн арваад хоногт улс төрийн хүрээнд хамгийн халуун сэдэв Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл байлаа. Эрх баригч нам Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулийг нэгтгэсэн Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх ёстой гэж өнгөрсөн гурван жил ярьсан.

Ерөөсөө УИХ-ын сонгуулийн хөлд орон нутгийн сонгууль дарагдаад өнгөрч байсан 2016 оны туршлагаас харах юм бол энэ зөв. Тухайн үед УИХ-д нэр дэвшигчдийн сурталчилгааг илүүтэй анхаараад байснаас биш нийслэлд ямар хүмүүс өрсөлдөж байгааг олон нийт төдийлөн тоогоогүй. Дараа нь хааяахан “Энэ хотод чинь ер нь ямар хүмүүс гараад ирчихсэн юм бэ” гэж гайхацгаасан удаа бол бий. Тэр сонгуулиар УИХ-ын гишүүнд МАН-аас нэр дэвшигчийг дугуйлаад дараа нь НИТХ-д нэр дэвшигчийг намыг нь дагуулж дугуйлаад байсан юм. Баатар Э.Бат-Үүлийн баг ялагдсан шалтгаан ердөө л тэр. Зөвхөн үүнээс харахад өөрчлөхөөс өөр аргагүй билээ.

Гэхдээ хууль шинэчлэхтэй хамт сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудал сөхөгдлөө. Эрх баригч намынхны боловсруулсан төслөөр бол УИХ-ын сонгуулийг 50:26 хэлбэрээр явуулах аж. 50 нь ойлгомжтой, тойргуудад өрсөлдөж цуглуулсан саналынхаа илүүгээр сонгогдоно гэсэн үг. 26 нь улс нэг тойрогт өрсөлдөнө. Ингэхдээ нам бүрээс гарсан 26 нэр дэвшигч ардаа намынхаа оноог давхар цуглуулна гэж байгаа. Өнөөдөр Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 34 нам бий. Тэдний 20 нь 26 хүн нэр дэвшүүллээ гэхэд 520 хүн болно. Эд нар авсан саналынхаа тоогоор жагсахгүй. Харин нам бүрийн 26 хүн багц болох юм. Тухайн намын улс нэг тойрогт өрсөлдсөн 26 хүн нийлээд сонгогчдын 50 хувийн саналыг авсан байвал тэдний 13 нь цуглуулсан онооныхоо тоогоор дотроо эрэмбэлэгдэж УИХ-ын босгыг давна.

Тэгэхээр нэгээр тогтохгүй тааруухан нөхөр намынхаа лидерийн цуглуулсан оноонд дулдуйдаад парламентад суух боломж байгаа юм. Хүний нэр дугуйлахаар ялгаатай болохоос өнөө намын нэр дугуйлаад авсан саналыг хувь тэнцүүлж намын жагсаалтад орсон хүмүүсийг УИХ-д суулгасан 2012 оны сонгуулийн өөр нэг хэлбэр гэж ойлгогдоод байгаа. Магадгүй МАН-ын дарга У.Хүрэлсүх дангаараа нийт сонгогчдын 50 хувийн саналыг авчих юм бол зөвхөн үүнийг нь дагаад 12 хүн парламентад орчихно биз дээ.  

Тийм болохоор манай сонин энэ хуулийн төслийн сургаар “Намын нэрийн араас гарч лидерийн ард нуугдах сонгууль болох юмдаг уу даа” хэмээн бичиж байлаа. Харин хуулийн хэлэлцүүлгийн явцыг харахад гишүүдийн дэмжлэг үнэндээ бага байна. Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр дэмжлэг авахгүй өнгөрөх нь үү л гэж бодогдмоор байлаа. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үеэр АН-ын зөвлөлөөс гурван санал оруулсны нэг нь сонгуулийн холимог тогтолцоог хуульчлах байсан юм. Тэр санал унасан. Гэхдээ сонгуулийн хуулийн төсөл холимог гэж ойлгож болохуйц байдлаар төлөвлөгдөөд УИХ-д ороод ирлээ. Гэтэл УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат өнгөрсөн баасан гарагийн чуулган дээр “АН холимог тогтолцоо гэхээр нь оруулж ирлээ шүү дээ гэсэн заль мэх хэрэглэж болохгүй. Улс нэг тойрог болоод 26 мандатын хуваарилалт ардчилсан сонголтын зарчмыг зөрчиж байгаа нь тодорхой байна. Улс нэг тойрогт нийт нэр дэвшигчийн мандатын тоо 26 байх ёстой. Энд нэг л нэр дэвшигчийг дугуйлна гэж оруулж ирсэн нь ямар учиртай вэ. Сонгогч 26 хүний нэрийг дугуйлах ёстой шүү дээ. Нэгийг сонго гэдэг нь фашист тулгалт болно” гээд хатуу эсэргүүцэж байна лээ. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “26 мандаттай нэг тойрогт 35 намаас нэр дэвшинэ гэж үзвэл нийтдээ 900 гаруй нэр дэвшигч саналын хуудас дээр бичигдэнэ. 900 гаруй хүнээс 26 хүнийг тэмдэглэх нь цаг хугацааны хувьд боломжгүй. Мөн техникийн боломж байхгүй” гээд шулуухан хэлчихэж байна лээ.

Үүнээс юу харагдаад байна гэхээр ер нь сонгуулиа дахиад 76 тойргоороо л хийе. Харин тэр “царцаа нүүлгэдэг”, нэг нэгнээ сошиал орчинд гүтгэдэг элдэв юмыг нь хязгаарлаад өгөх нь зөв. 26 нь улс нэг тойрог гээд намаас дэвшээд явна гэдэг чинь энэ хэрээр бие даан нэр дэвшигчдийг боомилж байгаа явдал болно. Өнөө Үндсэн хуульд байдаг иргэний сонгох, сонгогдох эрх ч зөрчигдөх гээд байна. Дээр нь 2012 оны сонгуулийн дараа гарсан “Хаалгаар хөөгдөж гарсан хүн тооноор ороод ирлээ” гэдэг шиг хэл ам дагана. Хангалттай санал аваагүй ч урдаа том лидер барьж байгаад УИХ-д орчихсон хүнийг “шударга сонгуулиар гарч ирсэн” гэж үзэх үндэстэй юу. Манайх шиг газар нутаг том, хүн ам багатай орны хувьд хязгаар нутгуудаа ч харж хандах төлөөлөлтэй байлгах ёстой. Энэ өнцгөөр харвал жижиг мажоритар л илүү тохирох юм байна. Монгол хөрсөнд, ахуй амьдралд энэ тогтолцоо л хамгийн ойр бууж байгааг судлаачд ч хэлдэг. Ер нь тэгээд өөрсдийгөө төлөөлүүлж төрд илгээх гэж байгаа хүнийг битгий хэл дэлгүүрээс гутал авсан ч харж үзэж, ул нь хагарах нь уу гэж дарж нугалж шалгадаг биз дээ. Тойрог дээр очоод өөрийнхөө өнгөрсөн амьдралтай, хийсэн бүтээсэнтэй тайлагнаад санал цуглуулна гэдэг дуртай аавын хүү, ээжийн охины хийж чаддаг юм биш. Тэр шалгуураар гарч ирсэн хүн буруу ч явдаггүй. Өнөөдөр иргэдтэй тулж төрийн нэр хүндийг нь унагаад байгаа хүмүүс бол сонгогдсон биш томилогдсон нь дийлэнх байгаа. Хамаг хүнд суртал, авлига, хүүхэн шуухан болохгүй бүтэхгүй юмнууд томилогдсон, ганцхан даргадаа таалагддаг байхад болдог албан тушаалтнуудаас л гарч байдаг. Харин сонгогдсон хүн гэдэг бол ядаж нутаг орныхоо нэрийг бодож явдаг амьтан л даа.

Жижиг мажоритар хэлбэрээр сонгууль явуулахаар Улсын төсвийг 76 тойрогт хуваагаад жалга дов руугаа зөөгөөд дууслаа гэсэн цэцэн яриа бий. Хаана тэгээд байгаа юм бэ. Аймаг орон нутагт нэг эмнэлэг барих эсвэл сургууль цэцэрлэгийн засварт зориулсан мөнгийг хар яриагаар “гишүүний мөнгө” гэдэг. Ирэх оны улсын төсөвт нэг гишүүнд хоёр тэрбум төгрөг л тавьсан байгаа. 76 гишүүнд ихдээ л 200 тэрбум төгрөг байгаа байх. Монгол Улсын төсөв өнөөдөр 13 их наядаар яригддаг болсон. Үлдсэн хөрөнгөөр төрийн бодлогын хүрээнд ажлаа явуулж байгаа. Дээрээсээ хязгаарлаад өгчихсөн хүрээнд хуваасан 200 тэрбум төгрөгийн задаргааг тойрч яриад “Төсөв жалга дов руу урслаа” гээд байж болохгүй л дээ. Сар орчмын өмнө батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтөд ч урт хугацааны бодлого гаргадаг байгууллагатай байх заалтыг тусгачихсан. Цаашдаа ямар ч байдлаар сонгууль хийсэн улсын төсвийг тарааж, хуваагаад байх юм байхгүй. Сонгуулийн хууль яригдахтай зэрэгцээд улстөрчдийн “Би сонгогдож чадах хувилбар аль нь вэ” гэсэн нэг муухай зүйл гүйчих гээд байх юм. Өргөн барьсан хуулийн хувилбар дээр байр сууриараа хуваагдаж байгаагаас нь харахад андашгүй дээ. Олон жил улс төрд яваад ард нийт өөрийг нь таньдаг болчихсон хүн байна гээд бодъё. Төрд гавьяа байгуулсан, гай болсон алиныг нь мэдэх юм алга. Гол нь төрд байж байхад нь хүмүүс гайхахгүй боловч тойрогт очоод өрсөлдөхөд сонгохгүй тийм хөшмөл амьтад байдаг даа. Тэд чинь лидерийн ард нуугдаж, тулхтай хүн болж харагдах гээд байгаа юм биш үү. Анзаараад байхад залуу гишүүд нь “Тойрогт очоод яс үзчихье. Тэр нь шударга” гэх. Сонгуулийн хууль ямар ч байсан иргэдийн хүсч буй хүнийг сонгох л гол юм. Тэр нь хулгайч, луйварчин хэн ч байж болно. Гол нь иргэд сонгосон байх ёстой. Хэрэв иргэдийн сонголтыг авахгүйгээр төрийн эрхэнд хэн нэгэн гарч байвал энэ нь даруухнаар хэлбэл дарангуйлал гэж ойлгогдоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top