Сонгууль амлалтгүйгээр нааш эргэж байсан түүх манай улсад алга. Сууриа буруу тавьсан ардчилсан сонгуулийн гайг Монгол Улс, ард түмэн үүрдэг. Сүүлдээ улс төрийн нам, гишүүд маань ч амлалтдаа дарагдаж, амьсгаа нь бачуурч байгаа бололтой. Бэл муутайхан нэгэн бол сонгуульд өрсөлдөх тухай санаж сарвайх зүйл биш болчихлоо. Сонгуулийн амлалтууд улс орны эдийн засаг, ард түмний амьдралд байнгын дарамт болж ирснээс гадна сонгуулиас сонгуулийн хоорондох амлалтад улс орон өөрөө туйлдав. Ард түмэн ч УИХ-ын гишүүн бол өглөгийн эзэн мэтээр ойлгож, тэднийг тойрогтоо ажиллах үед өглөгийн эзэн ирсэн мэт санана. Айлд гийчин ирэхэд гарыг нь дагуулж хараад байдаг хүүхэд шиг л болчихсон. Гишүүд нь ч өөрсдийгөө бүхнийг бүтээгч, өглөгийн эзэн гээд бодчихсон. Үнэн хэрэгтээ сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэдэг мөнгөтэй хүний хийх ажил болжээ. Тэр тусмаа ялалт байгуулаад парламентад сууна гэдэг бүр ч мөнгөтэй хүний ажил бололтой. Энд хэчнээн хууль дүрэм мэддэг, ямар эрдэм боловсролтой, ажлын дадлага туршлагатай нь тийм ч хамаагүй. Гагцхүү мөнгө үйлчилж байна. Үнэхээр бэлтгэгдсэн Төрийн алба хаагчид, салбарын тэргүүлэгчид, эрдэмтэн мэргэд мөнгөгүй л бол УИХ-д суух боломжгүй болж, хэтдээ хэдэн луйварчдаар дүүрсэн парламент бий болчих вий гэсэн зовнил хаа хаанаа бий.
Бэлэг сэлт тараахгүй, наадам наргиан зохион байгуулахгүй хэмээн хуульчилж өгөөд ч нэмэр алга. Манай улс Сонгуулийн тухай хуулиа сонгуулийн өмнөх жил ёс юм шиг өөрчилдөг ч маргаан дагуулсан хэвээр байгаа нь Сонгуулийн тухай хуульдаа бус сонгогчдын боловсролд ч бас байдаг бололтой. Бид сонгогчдоо боловсруулаагүйгээр хэчнээн хууль дүрэм өөрчлөөд ч нэмэргүй болжээ. Гагцхүү УИХ-ын гишүүн бол бэлэг сэлт, мөнгө төгрөг тараадаг хүн биш, байшин барилга бариулж, зам харгуй тавьдаг хүн биш гэдгийг сонгогчид ч тэр, УИХ-ын гишүүд ч дор бүрнээ ухамсарлах цаг нь ирээд байна.
Тэд бол хууль санаачилж, хууль дүрэм ярьж, түүнийг батлуулдаг Төрийн эрх барих хамгийн дээд байгууллагын ажилтнууд гэдгээ ойлгох хэрэгтэй. Үүнийг ойлгуулж зөв жишиг тогтоохын тулд хувь гишүүд ч эрсдэлээ үүрэх цаг нь болсон. Үнэн хэрэгтээ бэлэг тарааж мөнгө төгрөг өгөхгүй, байшин барилга бариулахгүй бол эд нар намайг сонгохгүй гэсэн УИХ-ын гишүүний айдас зузаарсаар байгаад ийм жишиг тогтсон тал ч бий.
Эрх биш хуулийн хугацаанд ил цагаан шоу, бэлэг байхгүй болохоос биш бусад үед энэ бүхэн байсаар байна. Үүгээр ч зогсохгүй сонгуулиар мөнгө тараадаг гишүүд ч байсаар. Иргэдийн нэр дээр хадгаламжийн данс нээлгэж, мөнгөтэй карт бэлэглэх явдал ч бий. УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж хэдэн зуун сая, тэрбумаар нь мөнгө зарлагдаж, гишүүн болсон хойноо ч хэдэн тэрбумаар нь зарцуулж байна. Энэ их мөнгө хаанаас гарч байна вэ. Хөлсөө асгаж, хүчээ шавхан байж олсон мөнгө ямар үнэтэй билээ. Хөлс нэвчсэн мөнгийг бол ингэж цацах ямар ч хүн байхгүй. Тэгэхээр энэ мөнгө татвар төлөгчдийн халааснаас ямар нэгэн хууль бус аргаар гарч байгааг нуух хэрэггүй.
Өнөөх л тендер, албан тушаалын наймаа, Төрийн өмчит компаниудад шахаа хийх зэргээс орж байгаа мөнгө хэмээн тайлбарлах нь бий. Нэгэн жишээ бий. Замын компанийн нөхрийг дуудаад барьсан зам чинь эвдэрчихлээ. Ямар муу зам тавьсан юм хэмээн зэмлэхэд цаад нөхөр нь “Замын тендер аваад намд 10 хувийг, тендер гаргаж өгсөн хүнд таван хувийг, өөр бусад зүйлд таван хувийг гээд 20 хувийг нь өгчихөж байна. Дээр нь надад бас мөнгөний хэрэг байдаг. Ингэхээр би ямар мөнгөөр сайн зам барих юм бэ” хэмээн өчсөн гэдэг. Өнөөдөр гишүүд дунд “Арван хувийн тэр” хэмээн нэр зүүсэн нөхөр ч байна. Эндээс л гишүүдийн тараадаг мөнгө гардаг гэсэн ойлголт бий.
Төсөвт чамгүй орлого бүрдүүлдэг Төрийн өмчит компаниудын захирал бол үйлээ эдэлдэг. Энэ албанд тавьсан гишүүд, дарга сайд нар үргэлж мөнгө нэхдэг тухай ярьдаг. Өндөр дээд албан тушаалтан нь их хэмжээний мөнгөн дүн дээр гарын үсэг зуруулах гэж дарамталдаг. Ямар ч хэрэггүй бараа шахдаг гээд олон зүйл бий. Ийн гарын үсэг зураад шоронгийн хаалга татсан нөхөд ч цөөнгүй. Цагаан сар, Эх үрсийн баяр, Багш нарын баяр гээд олон баярыг давж гарах нь УИХ-ын гишүүнд нэн хүнд. Яагаад гэхээр энэ бүх баярын цаана асар их мөнгө ордог. Нөгөө талд цас зуданд боогдсон нутагт тойргийн гишүүд хэдэн зуун саяар нь өвс тэжээл өгдөг. Томоохон ойн баяраас эхлээд овооны наадам хүртэл ивээн тэтгэх, тойргоос өвдөж ирсэн хүмүүсийн эмчилгээний зардал, сургалтын төлбөр гээд тэдэнд оролцохгүй зүйл гэж байхгүй. Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа асар олон Төрийн бус байгууллага, холбоод байгаагийн цаана дандаа УИХ-ын гишүүд байдаг бөгөөд энэ бүхнийг тэд санхүүжүүлдэг. Өөр арга байдаггүй. Хөлсөө асгаж олдог хэдэн төгрөгөө холбоо нэрээр үрэн таран хийх нэг ч бизнесмен байхгүй учраас тэр.
Зөвхөн нэг жилд болдог баяраар хэчнээн сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих мөнгийг цацдаг вэ гэхээр чамгүй өндөр тоо гарна. Өөрөөр хэлбэл цаасан ууттай бэлэг, архи дарс, хэвийн боов, наадам наргианд цацаж байгаа мөнгөний тоо шүү дээ. Улаанбаатарын нэг тойргоос сонгогдсон гишүүний ил болсон зардлыг харъя.
Албан бус эх сурвалжийн өгсөн мэдээлэл гэдгийг дуулгая. Эх үрсийн баяраар 150, Ахмадын баяраар 80, Цагаан сараар 150, Багш нарын баяраар 100, Хичээлийн шинэ жилийн нээлтэд 30 сая төгрөг бүхий тоног төхөөрөмж, сургуулийн ойд зориулсан номын зардал, бусад тоног төхөөрөмжид 50, эмнэлэгт 50 сая төгрөгийн тоног төхөөрөмж, номын сан тохижуулахад 20 сая, иргэдэд гэр олгоход 20, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд сурталчилгаа, хамтын ажиллагааны зориулалтаар 100, жилийн ажлын тайлан дүгнэх арга хэмжээнд 100, тойргийнхоо сэтэртнүүдийг гадаадад аялуулахад 100, хөшөө босгоход 25 сая төгрөг тус тус зарцуулсан байна. Энэ бол бидэнд байгаа ойр зуурын мэдээлэл юм. Түүнээс бус оюутны сургалтын төлбөр, эмчилгээний зардал, амралтанд амраах болон бусад мөнгөн дүн орох юм бол асар их болж таарна. Зөвхөн энэ дүнгээс харахад нэг тэрбум төгрөг орж байна.
Энэ бол хэдэн минутын дотор идээд дуусах цаасан ууттай бэлэг сэлтхэнд зарцуулж буй мөнгө. Тэгэхээр УИХ-ын нэг гишүүн жилд дундажаар нэг тэрбум төгрөг энэ мэт зүйлд зарцуулдаг гэхээр 76 тэрбум төгрөгийг ямар ч үр ашиггүй цацаж байгаа хэрэг. Жилдээ үр ашиггүй зарцуулж байгаа 76 тэрбум төгрөгөөр юу ч босгож болно. Хэчнээн ч сургууль цэцэрлэг барьж байгуулж болно. Тэдний нэг жилд зарцуулах 76 тэрбум төгрөгийг дөрвөн жилээр үржүүлэхээр 300 орчим тэрбум төгрөг болно. Ийм их мөнгөөр хөнгөн үйлдвэрийн салбарт ямар ч бүтээн байгуулалт өрнүүлж болно.
Дахин хэлэхэд, УИХ-ын гишүүд ингэж бэлэг тараах, баяр наадам ивээн тэтгэх, сургалтын төлбөр төлөх үүрэг хүлээсэн хүмүүс биш. Тэдний үндсэн үүрэг бол Хууль тогтоох дээд байгууллагын танхимд хууль ярьж, хууль санаачилж, хууль батлуулж байх ёстой шүү дээ. Гэтэл заавал яагаад энэ бүх зүйлд мөнгө зарах ёстой гэж. Бэлэг сэлт тарааж, тал засахгүй бол сонгогчид сонгодоггүй аж. Анхнаасаа ийм байдалд сургасан учраас энэ замаар явахаас өөр аргагүй гэх нь бий. Үүнээс өөр арга ч одоогоор харагдахгүй аж. Өдгөө УИХ-ын гишүүдэд буюу тойрог тус бүрт таван тэрбум төгрөг тавьж өгдөг. Үүнийг гишүүн өөрөө халааслаад дур мэдэн зарцуулаад байдаг зүйл биш учраас дээр дурдсан зүйлд ямар ч хамаагүй мөнгө. Тэгэхээр УИХ-ын гишүүд нь бэлэг сэлт мөнгө тараахаа больчих хэрэгтэй. Сонгуулиас бусад үед ч бэлэг сэлт тараах, ойн арга хэмжээ, баяр наадамд санхүүгийн дэмжлэг өгөхийг хатуу хориглосон хууль гаргаж түүнийг чанд мөрдүүлэх цаг нь болсон. Энэ тал дээр хувь улстөрчид ч эрсдэл золиос гаргах шаардлага бий. Та бүхэн намайг сонгохгүй байх гэж айн бэлэг тараахаа больчих. Сонгохгүй бол тэр л биз. Цаашдынхаа зам мөрийг ингэж утга учиртайгаар засахгүй бол сонгуульд нэрээ дэвшүүлэх хүн ч олдохгүй. Тэр тусмаа жинхэнэ хуульч, жинхэнэ мэргэшсэн төрийн хүн нэрээ дэвшүүлэх боломжгүй болчихлоо.
Сэтгэгдэл ( 2 )
Нээрээ мөнгөгүй бол хэрэггүй манай ард түмэн мөнгөөр сонголтоо хийдэг буюу янханаас ч дор чингэсүүд дээ
Mongoo bariad ichgyyrgyigeer uls tord neree devshyyleg !Ard tymen songoltoo zov xiinee !