АНУ өнгөрсөн намар БНХАУ-ын элчин сайдын яамны хоёр ажилтныг Норфолк хот дахь цэргийн баазад нэвтрэхийг завдсан хэрэгт сэжиглэн нууцаар албадан гаргасан тухай The New York Times сонинд өнгөрсөн ням гарагт мэдээлжээ.
Тус сонины мэдээлснээр, БНХАУ-ын Гадаад хэргийн яам, Вашингтон дахь элчин сайдын яам болон АНУ-ын Төрийн департамент, Холбооны мөрдөх товчоо энэ талаар тодруулга өгөхөөс татгалзжээ. Ингэхдээ АНУ сүүлийн 30 жилд тагнуулын үйл ажиллагаанд сэжиглэгдэж байсан Хятадын дипломатуудыг албадан гаргаж байгаагүй гэж тус сонин онцолжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр Хятадын хоёр дипломат эхнэрийн хамтаар АНУ-ын зэвсэгт хүчний тусгай ажиллагаанд бэлтгэх штаб болох цэргийн баазын хяналтын цэг дээр автомашинтай ирсэн гэнэ. Дипломатууд баазад нэвтрэх зөвшөөрөлгүй байсан тул хамгаалалтын албаныхан хаалт өнгөрч машиныг эргэхийг зөвшөөрсөн ч дипломатууд машинаа эргүүлэлгүй цааш явсан бөгөөд галын машинуудаар замыг нь хааж зогсоосон байна. Хятадын элчин сайдын яамны ажилтнууд энэ үйлдлээ англи хэл мэдэхгүй тул ойлгоогүй хэмээн тайлбарлажээ.
АНУ-ын тал цэргийн баазын хамгаалалтын найдвартай байдлыг шалгах зорилготой байсан байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа бол албаны хүмүүс дипломатуудын нэг нь БНХАУ-ын тусгай албаны ажилтан байж болзошгүй хэмээн сэжиглэж байна.
Сэтгэгдэл ( 0 )